m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.23 01:39
49
Нам, фракцын дараах Монголын эрх ашиг

Нэг нь 90 гаруй жилийн түүхтэй, нөгөө нь 20 гаруй жилийн түүхтэй улс төрийн томоохон хүчнүүд ирэх аравны турш хамтран ажиллах гэрээ байгуулсан нь нэлээд шуугиан дэгдээж байна. Монгол төрийн эрх мэдлийг далдуур залдаг "мангаа" байгаа л гэнэ, гүйцэтгэх засаглалын тэргүүн аргаа бараад "Авилгалын загалмайлсан эцэг"-т хадаг барьж, тусламж гуйсан л гэнэ. Ил, далдын гэрээ нь хоёр намын алинд нь илүү ашигтай вэ гэдэг дээр ч хөндлөнгийн ажиглагчид дүгнэлт гаргасаар. Харин Засгийн эрхийг чадан ядан барьж буй АН, засаг барих түвшинд эвслийнхээ гэрээгээр 25 хувийн оролцоотой МАХН-ын хоёр сонгууль дамнан хамтран ажиллах гэрээнээс Монгол Улс юу хожиж, төрийн ажил хэрхэх, үндэсний эрх ашиг хаана нь байгааг анхаарч, анзаарах хүн хэр олон байна вэ. 

Засгийн эрхийг булаацалдсан улс төрийн намуудын тулаан, тэмцэл, наймаа, тохироон дунд Монгол Улс, монгол хүмүүс орхигдчихоод байгаа

Энэ тэнд хийж буй эрх мэдлийн бялууг хуваах зарчмыг АН-д ашигтай, МАХН будилуулж байна, МАН-ынхан бялууны зүсэмгүйдээ гомдоллоо гэж мэдэгдэх. Харин улс төрийн хүчнүүдийн эдгээр тохироо наймаа, хэл дагуулсан гэрээ хэлцэлүүд дундаас Монгол хэрхэн хожиж, хохирох вэ гэдгийг хэн ч сонирхохгүй, бодох ч хүсэлгүй байгаа нь харамсалтай. 

Энэ нь хэрхэн илэрч буй нь Монгол Улсын ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа явцыг харахад л хангалттай. Өргөн барьсан хуулийн төслийн хоёр хуруу зузаан хэвлэмэл материал дотроос миний тойрогт хийгдэж буй бүтээн байгуулалтын зардал танагдчихаж, манай аймагт баригдах цэцэрлэгийн барилгын мөнгийг өгөөгүй байна, энэ ямар шалтгаанаас болж байгааг тайлбарлаж өгөөч гэх. Тойргийнх нь хүрээний асуудалдаа бүрэн гүйцэд хариулт авч чадаагүйдээ бухимдан "чадамжгүй Засгийн газар" гэж бухимдахаас хэтрэхгүй гишүүд борооны дараах мөөг адил олширчээ.

Үнэхээр Монгол Улсын эрх ашгийг бодож, монголчуудын амь амьдралд зовнисон бол хөдөө орон нутаг төдийгүй, нийслэлийн захын хороололд амьдарч буй иргэдийн бодит амьдралтай танилцчихаад ирлээ гэх хэрнээ УИХ-ын чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэх үеэр "Манай тойрогт баригдаж байгаа биеийн тамирын цогцолборын төсөв яагаад дутуу байна" гэж асуухгүйсэн.  Хүмүүсийн амьдрал тартагтаа тулж, талхыг таллаж, мах, элсэн чихэр, тосыг граммаар авч байна, цаана чинь. Хөгшид  аяга кофехоноор өл дарж, өдрийг өнгөрөөдөг болж. Хууль тогтоох дээд байгууллагад сууж буй эрхмүүд өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдралаар нийт Монголыг төсөөлөөд байгаа бололтой. Тэнгэрт байгаа хүмүүс газарт нэг буугаад үзээсэй. Тэд зөвхөн эрх мэдэл бүхий сайд дарга нарт,  намынхаа эрх ашигт л үйлчлэх гэж УИХ-д суусан гэж андуурдаг бололтой юм.

Оройн хоол 2000 төгрөг=100 грамм мах+хоёр ширхэг төмс+нэг лууван+100 грамм гурил http://mass.mn/n/5683

УИХ-д сууж байгаа МАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах л хэрэг байна, энэ хүнийг ажиллаж байхад Монгол Улсын өрийн хэмжээ ойрын хоёр жилийн хугацаанд 17.7 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 102 хувьтай тэнцлээ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 20-60 хувиар өссөн. Монголын түүхэнд ам.долларын ханш 1906 төгрөгт хүрч, 2706 аж  ахуйн нэгж дампуурсан хэмээн хавар, зуны турш улигласан. Ашгүй Н.Алтанхуягийг, АН-ыг үүн дээр нь дараад авья гэж алга таших маягаар одоо хэр нь ярьсаар. Хэн ч сонссон сэтгэл зовином энэ баримт, тоо сэлтээр туг барин Ерөнхий сайдыг л харлуулж, энэ Засгийн газрыг унагаж, бүтэлгүйтүүлэх гэж хичээж байгаа нь илэрхий учраас олон нийтийн дэмжлэгийг авч чадахгүй өдий хүрсэн нь энэ. 

Цагтаа эдийн засгийн өсөлт нь 17 хувьд хүрч дэлхийд гайхагдан, олон орны хөрөнгө оруулагчид баланд шунасан зөгий шиг цугладаг байсан Монгол Улс өнөөдөр "хар нүх" болчихлоо гэдэг тодорхойлолтыг олон улсын хэвлэл өгчихлөө.

Хотын захын хороолол

Хүүхдийн эмнэлэг

Монгол Улсын ирээдүйн нэг хэсэг хогийн цэг дээр торниж байна

60 сая шахсан малтай, 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай улсын гурван сая иргэдийнх нь нэлээд хувь нь /үүн дээр тодорхой тоо баримт гаргаагүй/ оршуулгын газартаа бууриа засаж, хоногийнхоо хоолыг аргацаах төдийд л амь зууж байна. Хогийн цэг дээр ч амьдрал буцалж байна. Дундаж давхарга гэгдэх үлдсэн ихэнх нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудын өрийн барьцаанд ажиллаж байна. Албан тушаалтнууд нь тэрбум тэрбумаар хэмжигдэх хохирол улсад учруулж, албан тушаалтнууд нь олон саяаар гадаад томилолтод явж, утас, фитнесийнхээ зардлыг төсвөөс гаргуулж, сайд, дарга нарын хүүхдүүд дэлхийд алдартай тансаг брэндийг Монголд худалдаалах дэлгүүр нээж цалгиж байхад татвар төлөгчдийн хүүхдүүд нь цэцэрлэг, сургуульгүй,  хөгшид нь тэтгэврийн хэддээ таталдан амь зогоож, дундаж давхаргынхан нь цалин, өрийн хооронд өртөөлөн амьдарч байна. Шинэ төрөгсөдөө угтах, өвчтөнүүдээ багтаах эмнэлэггүй атлаа намууд нь ордон, байраа булаалдан шүүхийн хаалга элээцгээнэ. Товчхондоо, цөөхөн хүн ам нь ядуухан, ядруухан амьдарч байгаа энэ баян орны охь шимийг хүртэх гэсэндээ Засгийн эрхийг булаацалдсан улс төрийн намуудын тулаан, тэмцэл, наймаа, тохироон дунд Монгол Улс, монгол хүмүүс орхигдчихоод байгаа нь үнэн. 

АН, МАХН-ы хоёр сонгууль дамнан хамтран ажиллах гэрээнээс Монгол Улс юу хожиж, хэрхэн хохирох бол гэдгийг асуух хүн хэр олон байна вэ

Төр барьж буй эрхмүүд сандал суудал, эрх мэдлийн наймаа, тохироо хийж өдөр хоногийг элээж байхад Монгол Улс, монголчууд тэдний толхилцол хэзээ дуусаж, өөрсдөд нь анхаарал хандуулахыг хүлээсээр байна. Ийм байж болох уу...