m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.23 02:14
171
Дөрвөлжин будаа

ЦАТГАЛАН ЦАГИЙН “ӨЛСГӨЛӨН”

Хүнсний аюулгүй байдал гэвэл юун түрүүн хоёр л зүйлийн тухай ярина. Хүнсний хангамж, хүнсний эрүүл аюулгүй байдал. Хүнсний хангамжийн хувьд монголчууд ерээд оныг эс тооцвол үнэндээ өлсч үзээгүй цатгалан, цамаан улс. Үүгээрээ ч өчнөөн жил бахархан амьдарч байгаа. Тиймээс л эмэгтэй хүнийг хоолоор дайлж найрдаг “соёлд” саяхнаас л суралцаж байгаа хэрэг шүү дээ. Дэлхий дээр байнга өлсгөлөнгийн байдалтай хориод улс, хүнсний хямралаас үүдэлтэй үймээн самуун, зодоон цохионтой дөчөөд улс одоо болтол байгаатай харьцуулахад ерээд оны бидний жаахан өлссөн юу ч биш аж. Гэхдээ хоосон ходоод дүүргэсэн л бол цатгаланд тооцдоггүй бас нэг учир бий. Өлөн ходоодыг дүүргэе гэвэл эрээлжлэн алаглах бараатай дэлгүүрийн лангуунууд дүүрэн байна. Хоёр алхаад л жижиг, том, үнэтэй, хямдаараа зэрэглэх хоолны газар, ресторанууд өчнөөн байна.

Хорт хавдрын өвчлөлийн түвшин харуулсан дүн

Хотоосоо гараад л тариан талбайтай, тавин саяар тоологдох мал сүрэгтэй. Мөн ч баян улс орон аж манайх. Харин мэргэжилтнүүд хот суурингийнхан хөдөөгийнхнөөс 1.5 дахин бага мах, 3.9 дахин бага сүү хэрэглэж, харин хөдөөгийнхөн хотынхноос төмс, хүнсний ногоо хоёр дахин, өндөг 9.5 дахин бага иддэг гэсэн баримтыг дурьджээ. Иймэрхүү тоо баримтын агуулга нь хоол хүнснээс авах шим тэжээлийн дутагдлын талаар гэдгийг бүгд мэднэ. 2010 онд хийгдсэн Хоол тэжээлийн үндэсний дөрөвдүгээр судалгаагаар Монгол улсын тав хүртэлх насны хүүхдийн 4.7 хувь нь тураалтай, 15.6 хувь нь өсөлт хоцролтой, 1.7 хувь нь туранхай, 5.7 хувь нь илүүдэл жинтэй, 28.5 хувь нь цус багадалттай, 32.4 хувь нь А аминдэмийн дуталтай байна. “Хүүхэд хөгжил-2010” оны судалгааны дүнгээс хөдөөгийн хүүхэд хотын хүүхдээс өсөлт  байгааг тогтоожээ. Мөн жирэмсэн эмэгтэй болон хөхүүл эхчүүдийн хоолны хүртээмж, шимт чанар хангалтгүй, нийгмийн эмзэг хэсэг болох асран хамгаалах хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, ядуу өрхийн хүн амд хүнсний хомсдол илүү их байгааг дурьдсан байна. Насанд хүрсэн хүн өдөрт 2200-2600 ккал илчлэгтэй хоол хүнс авах ёстойгоос дундаж амьдралтай монгол хүн 33 хувиар бага илчлэгтэй хоол хэрэглэдэг судалгаанаас харахад бид тийм ч цатгалан сайхан улс биш аж. Идэж буй хоолны ихэнх нь гэдэс дүүргэхээс тэжээл болох гүй байгаа гэсэн үг.
Дараагийн асуудал нь хүнсний аюулгүй байдал. Элдэв өвчин эмгэгээс гадна ил харагддаг нь хордлого, харшил. Аюултай хүнсний эсрэг тэмцдэг ганцхан газартай. Гаднаас ирж байгаа нь баталгаагүй, дотооддоо хийж байгаа нь ариун цэвэргүй. Иймэрхүү байдалтай хорь гаруй жил явлаа. Уг нь шинжилгээний тоног төхөөрөмжүүдээ улам олшруулахаар зүтгэж, өдрөөс өдөрт өвчнийх нь нэр төрөл нь олширч байгаа өвчлөгсдөө багтааж шингээх эмнэлэг бариулахаар уралдаж хэдэн тэрбумын төсөв ярилцахынхаа өмнө хүн амаа эрүүл хоол хүнсээр хангахад анхаарах нь илүү эрүүл ухаан л даа. Хүнс болоод эрүүл мэндийн салбарт “урьдчилан сэргийлэх” гэдэг үг угтаа утгаа алдчихсан. Гэнэт тавь, жараараа өртсөн дуулдах хоолны хордлогод мэргэжлийн хяналтынхныг чичлээд өнгөрдөг нь жишиг болоод удаж байна.

 


Хоолны хордлогот халдварын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэнийг Халдварт өвчин судлын төвөөс гаргасан тайланд мөн дурьджээ. Эдгээр хордлогын 60 орчим хувь нь сургууль, хүүхдийн байгууллагын үдийн цай хөтөлбөр, мөн зохион байгуулалттай арга хэмжээнд оролцогсдыг хамарсан байна. Өвчилсөн хүмүүсийн 60-аад хувь нь нянгаар үүсгэгдсэн хордлогоор өвджээ. Үхэхийн муухай хоолны хордлого гэсэн үг хүртэл гарчээ. Тиймээс нэг хүн хордвол нэрэлхээд өнгөрөөнө. Нэг хэсэг хүн хордвол мэдээ нийтлэгдэнэ. Мэргэжлийн хяналтын байгууллага нь даахгүй нохой булаа хураахын үлгэрээр бүх салбарын асуудлыг барьж тогтоох гэж бичиг цаасхан өгч суусаар. Хоол үйлдвэрлэл, барилга үйлдвэрлэл гэх мэт бизнесийн өрсөлдөөн, нэр хүндээрээ хэрэгчлэгчээ тогтоон барьдаг зарим салбарын асуудлыг хүчтэй ажиллах жинхэнэ мэргэжлийн холбоодод нь өгөөд хил гаалийнхаа асуудалд анхаарч баймаар. Гадны улсуудын мэргэжлийн холбоодын нэр хүнд гэж тэнгэрт хадсан тэрэнд нь багтаж тамга тэмдгийг нь хэрэглэхийн тулд үйлчилгээний байгууллагууд стандартаараа өрсөлддөг эрүүл жишгийг манайд бий болгоход зарим нэг асуудалд төр заавал оролцох шаардлагагүй болно.


ЭР ХҮНИЙГ ХОДООДООР НЬ ГЭДЭГГҮЙСЭН БИЛҮҮ

Олон улсын жишгээс харахад аливаа улс орон хүнсний хэрэгцээнийхээ 30-аас дээш хувийг импортоор, түүний дотор 20-иос дээш хувийг нэг улсаас авдаг бол хүнсний баталгаа алдагдаж, хараат байдалд орсон гэж үздэг байна. Манай орны хувьд хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувь, аж үйлдвэрийн барааны 90, шатахуун, техник, төхөөрөмжийг 100 импортолдог гэсэн мэдээ бий. Үүний дотор хүнсний нийт бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг өмнөд хөршөөсөө авдаг. Бидний ам руу орох идэх, уух зүйлийн ихэнхийг буюу Замын-Үүдийн боомтоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтын 14 байцаагч гурван ээлжээр хянаж шалгадаг гэхэд итгэмгүй. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборторийн орон нутаг хариуцсан менежер Б.Уламбаяр Стандарт хэмжилзүйн газрын хэмжилзүйн нэгжүүдийг орон нутагт мэргэжлийн хяналтад нэгтгэснээр хүчин чадал нэмэгдсэн талаар өгүүлнэ лээ. Хүнсний аюулгүй байдал үндэсний хөтөлбөрийн хүрээнд хил гаалийн лаборторийн тоног төхөөрөмж шинэчлэгдэн сайжирч бүрэн хүчин чадлаараа  ажиллаж байгаа гэв. Мөн тэрбээр эх орныхоо хилээр аюултай хүнс оруулахгүй байгаадаа итгэлтэй байгаагаа хэлсэн юм. МХЕГ-ынхны хэлж байгаагаар мэргэжлийн хяналтын чиг үүрэг нь хянаж шалгах, торгохоосоо илүүтэй мэргэжлийн аргазүйн зөвлөгөө өгдөг тал руугаа явж байгаа аж. Тэртэй тэргүй хүрэлцдэггүй хэдэн байцаагч нь шаардлага хүргүүлэхээс цааш эрх мэдэлгүй энэ газар цаашдаа нийгмийн сэтгэлзүйч маягийн юм хийгээд суух бололтой. Нэгэнт л зогсоож, нурааж чаддаггүй барилга энэ тэртэй бичиг цаас шидэлцэж сууснаас хүн энгийн нүдээрээ хараад хортой хоргүйг нь ялгаж чадахгүйгээс хойш хоол хүнс рүүгээ хүч тавин зууралдвал үр дүн нь илүү мэт.
Бидний ам руугаа хийх юмны нэр төрөл өдрөөс өдөрт улам олширч, өнгө зүс нь гялалзах тусам идэх юм олдохоо больсоор. Хоол хүнсийг бидний ходоодонд биш нүдэнд зориулсан гэмээр чамин чимэглэл, үнэтэй цаасанд ороосоор байна.

Хорт хавдрын өвчлөлийн түвшин 100 мянган хүн тутамд


Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт ирдэг гомдол саналын ихэнх хувийг хоол хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал эзэлдэг талаар Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал С.Тойвгоо хэлж байна. Тэрээр ерээд онд ченжүүд биднийг өлсгөөгүй авч гарсан нь үнэн. Гэвч одоо ченжүүдийн үе дуусах цаг болсон. Манай улсад хүнсний бараа бүтээгдэхүүний татан авалт, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын сүлжээ буюу логистик үндсэндээ байхгүй. Ийм нөхцөлд хүнсний аюулгүй байдлын тухай яриа, яриа хэвээрээ л үлдэнэ гэсэн юм. Тэр манай улсын хүнсний аюулгүй байдал 50 хувьд хүрэхгүй байгаа гэдэг бодолтой байгаагаа хэлээд өөрийн биеэр өмнөд хөршийн экспортлогчидтой уулзаж явахад манайхан хамгийн хямд, хамгийн чанаргүй барааг нь авдаг хэвээрээ л байгаа нь харагдсан гэсэн юм. Сүүлийн үед урьд өмнө нь сонсогдож үзэгдээгүй өвчин олширсныг агаарын бохирдол, чанаргүй хоол хүнснээс болж байгаа гэсэн сэжиг төдий явган яриа л явагдаг. Гэтэл үүнийг судлаад тогтоож байгаа мэргэжлийн байгууллага алга. Өнгөрсөн жил хүүхдүүдийн ходоод цоорлоо гэж хэсэг шуугисан. Эцэст нь чипснээс болсон гэсэн ээжүүдийн таамаг “онош” тавигдсанаар тэгсгээд өнгөрсөн. ДЭМБ-ын дэргэдэх Дэлхийн хавдар судлалын сангаас гаргасан судалгаагаар Монгол улс зуун мянган хүнд ноогдох элэгний хорт хавдраараа дэлхийн 200 улсыг тэргүүлж, ходоодны хорт хавдраараа хоёрт, улаан хоолойн хорт хавдраараа Кени улстай хамт гуравдугаарт жагсчээ. Бусад төрлийн хорт хавдар хурдацтай өсч байгааг захын тоо баримтаас харчихаж болно. Энэ бол бидний амьдарч байгаа орчин болоод хэрэглэж байгаа хоол хүнсний чанар чансааны талаарх ил тод баримт.


ДОТООДЫН ХҮНСЭЭ ДОДОМДЪЁ

Идэх уухынхаа ихэнхийг нь импортолдог байдлаасаа гарах гарц нь дотооддоо хоол хүнсээ додомдох л юм. Мах, сүү хөтөлбөрүүд, атрын аян гээд үндэсний хэмжээний төслүүд үр дүнгээ өгч л байна, хэрүүлтэй л болохоос. Монгол улс төмс, хүнсний ногоо, гурилаар дотоодынхоо хэрэгцээг хангаад эхэллээ. Илүү гаргаж экспортод гаргаж сүйд болдоггүй юмаа гэхэд идэх хоолоо өөрсдөө бэлдчихээд сууж байх нь бидний хэдийний мөрөөдөл. Эмээ маань багад идэх юмнаас болж хэрэлдэх муухай гэдэгсэн. Харин манайхан хаврын хаварт нөөцийн махан дээрээ хэсэг хэрэлдэж намар болохоор улаан буудайгаа тойрон “уралцдаг” уламжлал тогтов. Яахав, солонгос сериалын буянаар гурвалжин байтугай дөрвөлжин хэрүүлийн учгийг манайхан тайлж чаддаг болсон хойно энэ намрын улаан буудайн хэрүүлийг ядах юмгүй гадарлаж байх шиг. Идэх юмны хэрүүлийн цаана ихэнхдээ “идэж уух”-ын “зодоон” л байдаг хойно. Монголын радиогоор “Алтан намар” эгшиглэж энэ жил өмнөх жилийнхээс илүү чанарлаг буудай хураах тухай урамтай мэдээ цацагдахтай зэрэгцэн Дарханд гэнэт буусан улаан буудайн асуудал гэнэт босч ирэв. Манай улсын улаан буудайн жилийн хэрэгцээ 300 мянган тонн орчим.
Харин энэ жил 450 орчим мянган тонныг төвөггүйхэн хурааж авах төсөөлөл гарсан. Гурил манай улсын стратегийн бүтээгдэхүүн учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд яригддаг. Тиймээс Тариалан эрхлэлтийг дэмжих төрийн тусгай сангийн мөнгөөр зохицуулагдаж байна. Энэ жил тус сан тариалан эрхлэгчдээс тонн улаан буудайг 500-550 мянган төгрөгөөр авахаар болоод байгаа юм. Гэтэл гэнэтхэн 49 мянган тонн хямд улаан буудайны хэрэг мандаж 7000 тонн нь орж ирсэн нь Таван Богд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханых буюу Улаанбаатар гурил компанийн ОХУ-аас оруулж ирж байгаа улаан буудай аж. ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал Улаанбаатар гурилд 10 мянган тоннын зөвшөөрөл өгсний эхэн нь ийнхүү ачигдан иржээ. Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газартай холбогдоход өнгөрсөн Лхагва гарагийн байдлаар лавлахад 15 вагон буюу 1000 гаруй тонн улаан буудай буугаад байна гэж мэдээлэв. Харин МХЕГ-аас тодруулахад 6000 тонн гэсэн зөрүүтэй мэдээлэл өгөв. Харин буудайн эзэн 2000 тонн нь буусан, 5000 тонн нь замд яваа гэж хэлсэн байна. ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал Милл хаус, Эрдэнэс фүүдс, Улаанбаатар гурил, Од групп, Хангайн миллс, АПУ компаниудад 10 мянган тонн, Сайхан хүнс компанид 9 мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрөл олгожээ. Будлианы эзэн болсон Улаанбаатар гурилын импортын улаан буудай зөвшөөрөл авсны маргааш өдөр нь хил дээр хэдийнээ ирчихсэн байсан гэсэн мэдээлэл ч байна. Олон мянган тонн улаан буудайнд жигүүр ургуулсан ч ийм хурдан ирэхгүйсэн. Долоон компанид нийт 69 мянган тоннын зөвшөөрөл өгсөн атал ганцхан Ц.Баатарсайханыг юу хатгаж улаан буудайнд ийнхүү “жигүүр ургуулав”. Зарим нэг хүмүүс Ц.Баатарсайхан, Л.Чинбат нарын “зодоон” гэж харж байгаа ч өөр өнцөг ч байх магадлалтай. Солонгос сериалд давхар мэх дандаа л байдаг шүү дээ. “Алтан тариа” үйлдвэр нэгдүгээр зэргийн, нэг килограмм гурилыг 780 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Ингэхээр зах зээл дээрх гурилын бөөний үнэ 760-780 төгрөгөөр тогтоод байгаа юм. Уг нь 500-550 мянган төгрөгөөр улаан буудай худалдаж авсан үйлдвэрүүд гурилын үнийг 840 төгрөгт хүргэх сонирхолтой байсан гэнэ. Харин “Алтан тариа” энэ жил улаан буудай худалдаж авахгүйгээр нөөцөө нэгэнт бүрдүүлчихсэн. “Алтан тариа” хэзээ, хаанаас ингэж нөөцөө бүрдүүлснийг хэн мэдэхэв. Ямартаа ч салбарынхныгаа үнийг унагаж өрсөлдөгчийнхөө шарыг малтаж алалцуулсан нь энэ байж магад. Сериалд давхар мэхээр “дэгээ” тавьдаг нь дандаа эмэгтэйчүүд л байдаг хойно доо. Нэг өглөө босоод иртэл өрсөлдөгчийнх нь гурилын үнэ 780 болчихсон байсан тул Ц.Баатарсайхан хар хурдаараа гүйн очиж Төрийн нарийний тархийг угаасан ч гэх.

Төрсөн хүүхдийн жингийн судалгаа

 

 


“Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэдэг үг бий. Үндэсний баялагаа бүтээдэг салбартай, үндэсний гэсэн үйлдвэрлэлтэй байхад 100 төгрөгийн золиосыг гаргахаас аргагүй. Ийм зоригийг төр гаргасаар ч ирсэн. Тариаланчдын улаан буудайнд олгодог тонн тутмын 100 мянган төгрөгийг ингэж ойлгосон ч болохоор. Дотоодын үйлдвэрлэлээ 20 жилийн хугацаанд дэлхийн түвшинд гаргаж чадсан Солонгосын жишээг бид бэлхнээ мэднэ. Энэ 20 жилд өмнөд солонгосчууд гадаадын бараа бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байсан түүх бий. Гаднаас хямдхан улаан буудай оруулж ирээд хямд гурил үйлдвэрээд байвал бидэнд газар тариалангийн салбараа босгох гэж өч төчнөөн төвөг чирэгдэл өөрсдөдөө учруулахын хэрэг ч үгүй. Хямд буудай хаанаас гарч ирэх вэ гэдэг бол логикоор бодоход хэний ч хариулчихаж чадах асуулт. Айлын гологдлыг далдруулдаг хогийн сав төдийхөн болж айл “хаалгаа хаачихвал” алгаа тосоод сууж байдаг нэгэн л болно. Тариалан эрхлэгчдийн тэмцсэний учир нь ердөө л энэ аж. Тонн улаан буудайг 520 мянган төгрөгөөр худалдаж авсан тохиолдолд нэг кг гурилаа 840 төгрөгөөр борлуулж байж хэвийн ажиллана гэж гурилын үйлдвэрийн удирдлагууд ярьж байна. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Япончууд БНХАУ-аас хоёр дахин илүү зардлаар будаа тариалдаг. Тэд БНХАУ-аас хямд үнээр будаа худалдан авч болох ч иргэдээ ажилтай, орлоготой байхыг илүүд үздэг” гэсэн нь төрийн хариулт. Хямд буудай импортлож үтрэм дээр байгаа 100 мянган тонноо цасанд даруулж цаашлаад 50 мянган тариаланчаа ажилгүй болгон эргээд татварынхаа мөнгөөр тэжээх үү гэдэгт эсрэг хариулт өгөх монгол хүн байхгүй л болов уу. Цасанд даруулж, чийгэнд идүүлж байснаас ядаж архиа нэрцгээе л дээ. Уудаг нь үнэн л юм чинь монголчууд. Улаан буудайн дээр улстөржилт хийснээс эх оронжилт хийвэл ер нь яасан юм. Байнгын хороон дээр Төрийн нарийнаа бангадах, 62 мянган тоннын квотыг цуцлах зэрэг бол сая га талбайд зорьж үндэсний үйлдвэрлэлээ сэргээх гэж ядаж яваа энэ улсад байх л асуудал. Ямартаа ч гурил үйлдвэрлэгч, тариалан эрхлэгч, импортлогч, яамны дунд дэгдсэн дөрвөлжин хэрүүл дөрвөн талт хэлэлцээрээр өндөрлөсөн нь яамай. Энэ жил бид дөрвөлжин буудайгаар үйлдвэрлэсэн гурил идэх нь. Монголын радиогоор “Ургацын далай” эгшиглэж байна...

А.Мөнхжин