m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.23 03:08
73
Цуврал-28 Аав, ээжийгээ хөнөөсөн этгээдэд цаазаар авах ял оноов

Социалист нийгмийн үед олон хүн гэнэт нас барсан хэрэг тийм ч их гардаггүй байв. Гэтэл Найрамдлын раойнд хоёр айл шатлаа гэх мэдээлэл ирсэн даруй мөрдөн байцаагч Ц.Мишигдорж хэргийн газар очлоо. Аймшигт хэрэг гарсан өдөр 1985 оны тавдугаар сарын 19-20-нд шилжих шөнө байв.  Хоёр гэрт нийт таван хүн байсан бөгөөд нэг айлын эхнэр, нөхөр, хоёр охин бяцхан хүүгийн хамт энэ хорвоог үүрд орхих нь тэр. Хашир туршлагатай мөрдөн байцаагч гэр хаанаас эхлэн шатав гэдгийг ажиглав.

Хараад байх нь ээ гэр үүднээсээ эхлэн шатсан нь тодорхой. Үүдэн хэсэгт  байсан бүх зүйл шатаж дууссан байхад хойморьт байсан авдар сав, орны нэг хэсэг нь шатаж нөгөө хэсэгт нь утаа уугиж байгаа харагдав. Санаатай бөгөөд зохион байгуулалттай хэрэг байж болзошгүй гэсэн таамаг тавин хэргийг шалгаж эхэллээ. Гэрийн ойр орчмоос бензин үнэртэж буйг тэр мэдэв. Шалгуулахад гарцаагүй бензин, солярк мөн байв. Талийгаачийн хашаа  112 м.кв аж. Нэгбүрчлэн шалгахад хашааных нь хойд хэсэгт бензин хийсэн бололтой нэг сав орхижээ. Энэ бүгдээс харахад энэ хэргийг үйлдэгч санаатай, гэрийн үүдэнд бензин асгаад галдсан нь тодорхой болов. Шинжилгээний дүгнэлтээр ч энэ таамаг батлагдав.

Хэн гэгч цэвдэг сэтгэлтэн нэг гэр бүлийн өндөр настан  болон цэл залуухан бүсгүй, бяцхан хүүгийн амийг хөнөөв гэдгийг тогтоох үлдлээ. Энэ мэт хэргийг ихэвчлэн өс хонзонгийн сэдлээр үйлддэгийг тэр мэднэ. Тэгээд тэдэнтэй өс хонзонтой хэн байж болох талаар шалгаж эхлэв. Гэрийн эзэн Жамбал, хөгшин хоёр хэзээнээсээ ааш зан сайтай, хүнтэй муудаж, ам мурийдаггүй болохыг айл саахалтын хүмүүс хэлэв. Хүүхдүүд нь үүнийг ч гэрчлэв. Тэгвэл хэн байж болохвэ гэсэн асуулт гарч ирэв. Талийгаач охин Цэцэгмаа нь нөхрөөсөө салсан учир тэр хүн  сэжиглэх нэг үндэс болов. Шалгасан боловч тогтоогдсонгүй. Шалгах явцдаа хамт амьдардаг хүү Одсүрэн нь амьд гарсныг сэжиглэв. Гэтэл хамт ажиллаж байсан нөхөд нь “Төрсөн эцэг, эхээ галддаг хүн гэж хаа байхав.Тэгээд ч тэр амьд гарсан нь буруу гэж үү. Тэр заавал үхэх ёсгүй” гэв.

Хоёр гэрт нийт таван хүн байсан бөгөөд нэг айлын эхнэр, нөхөр, хоёр охин бяцхан хүүгийн хамт энэ хорвоог үүрд орхих нь тэр.

Гэсэн ч нэг л сэжигтэй байгаа учир түүнийг ажиглахаар болов. Аав, ээжийгээ цаг бусаар харамсалтайгаар амиа алдсанд тэр гашуудаж байгаа шинж алга. Дуудан байцаахад түүний өмсөж явсан хүрэмнээс бензин үнэртэж байв. Үүнийг баримт болгож болохгүйг сайн мэдэх байцаагч тэр даруй хорьсонгүй. Мэдүүлэг нь удаа дараа зөрж, гэмт хэрэг гарсан орой хаана, юу хийж явснаа хэлсэн ч тэр нь худал болох нь тогтоогдсоор байв. Тэрбээр баашилж амиа хорлоно гэж сүржигнэв. Яагаад худал хэлэх болов гэдгийг шалгах хэрэгтэй учир ажлаа эхлүүлжээ. Тэр хөдлөшгүй гэмтэй гэдгийг Ц.Мишигдорж мэдсэн  учир энэ тухайгаа дарга нартаа хэллээ. Гэхдээ давхар шалгах ажил хий гэсэн үүрэг өгчээ.

Одсүрэн гэгч хэн бэ, зан харилцааны  хувьд ямар хүн бэ, хаана ажилладаг болохыг тогтоох ажлыг эхлүүлэв. Одсүрэн наймдугаар ангиасаа хойш зан ааш нь хувирч, аав, ээжтэйгээ хэрэлдэх болжээ. Аавыгаа хөгшин өвгөн гэж дуудаж, хоолоо ид гэснийх нь хариуд өөрөө цусал хэмээдэг болохыг ах, дүүс нь хэлэв.

Одсүрэн олон өдрийн өмнө та нарыг шатаагаад өгнө дөө хэмээн хэлдэг байжээ. Нэг өдөр хүүтэйгээ муудалцан бензин асгаж байсан тухай ч хүмүүс хэлэв.

Түүний зан аашийг засах гэж удаа дараа оролдсон боловч тэр хүний үг дуулна гэж байдаггүй хүн аж. Айл хөршийнх нь нэг зүйлийг нотлов. Одсүрэн олон өдрийн өмнө та нарыг шатаагаад өгнө дөө хэмээн хэлдэг байжээ. Нэг өдөр хүүтэйгээ муудалцан бензин асгаж байсан тухай ч хүмүүс хэлэв. Ерөөс Одсүрэн энэ хэргийг үйлдсэн гэдэгт бат итгэж түүнийг сэжигтнээр татав. Удаа дараа мэдүүлэг авч, хэргийн газраас олдсон хурууны хээ таарсан учир тэр аргагүй эрхэнд хэргээ хүлээжээ. Тэр аав, ээжээсээ мөнгө хулгайлж, эгчийнхээ үнэтэй цагийг авч бусдад зарсан гээд үйлдсэн хэрэг цөөнгүй. Мөн худал хэлж, хамт шоронд байсан хүмүүстэй хамтран үйлдсэн гэж мэдүүлж бөөн чирэгдэл болжээ. Түүний хэлснийг мухарлах гэж цагдаагийнхан хөдөө орон нутаг руу удаа дараа явсан гэнэ.

Хэрэг гардаг өдөр ээж нь хүүдээ дуртай буузыг нь  хийж өгч, хүүгээ сайн хүн болоорой хэмээн ярьж байсан гэдэг. Гэсэн ч цэвдэг сэтгэлтэн ээж, аавынхаа халуун хайрыг умартан эгчийгээ аавынхаа гэрт орохыг хүлээн гадаа отон суусаар галдаж орхижээ. Энэ хэргийг үйлдэх болсон шалтгаан нь өөрийнх нь гэм буруутайг хэлсний төлөө гэдгээ тэр хэлжээ. Монгол Улсын нэрийн өмнөөс түүнийг шийтгэн ялын дээд хэмжээ оноожээ.