m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.23 05:49
840
Л.Баярсайхан: “Амьдралын нахиа” киног үзээд охиноо их өрөвдөж билээ

Монголын тайз дэлгэцийн урлагт амьдралаа зориулж яваа урлагийн гэр бүлүүдийн нэг бол СТА жүжигчин О.Бат-Өлзий, Ардын жүжигчин С.Сарантуяа нарын гэр бүл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. С.Сарантуяа гуайн ээж Баярсайхан гэж сайхан буурай бий. Цагтаа гоо үзэсгэлэнгээрээ шуугиулж явсан хатагтай С.Сарантуяатай усны дусал мэт адилхан энэ буурлын дуу хоолой нь хүртэл охинтойгоо андуурам адилхан. Насаараа боловсролын байгууллагад ажиллаж, ардын хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн сайхан ээж зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн билээ. Түүнийг бид “Ижий” буландаа урьсан юм.

-Та сайхан намаржиж байна уу. Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа?

-Сайхан намаржиж байна. Та бүхэнд ч бас баярлалаа. Намайг Лувсаншаравын Баярсайхан гэдэг. Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн. Багш гэдэг мэргэжлийг эзэмшээд олон жил энэ ажлаа хийж тэтгэвэртээ суусан хүн дээ. Анх 1956 онд багшийн сургуулийг төгсөөд 16 дугаар сургуульд 14 жил ажиллаад 1972 онд мэргэжил дээшлүүлхээр Багшийн дээдэд дахин сурч Монгол хэл, уран зохиолын багшаар төгссөн юм. Ингээд төгсөөд Баянзүрх дүүргийн 53 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр 14 жил ажиллаад 1992 онд тэтгэвэртээ гарсан.

-Мэдээж ардын хүүхдүүдийг сургах энэ үйлст насаараа ажилласан хүн төрөөс олон шагнал урамшуулал хүртэж байсан байх?

-Миний хувьд анги дааж авч байгаагүй. Багшийн дээдэд сурахаасаа өмнө бол гурван удаа бага анги төгсгөсөн. Дандаа л бага ангийн сургалт, монгол хэлний заах арга зүйг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байсан юм. Ер нь бол сургалтын чанарыг сайжруулах тал дээр л хамаг анхаарлаа хандуулдаг байлаа. Тэгэхээр сурагч, шавь нар гэхээсээ илүү багш нар хамт олонтойгоо л их ажилласан хүн байгаа юм. Дүүргийн тэргүүний заах аргын тэнхим, монгол хэлний тэнхим зэргээр тодорч байсан л даа. Ардын боловсролын тэргүүний ажилтан, ахмад ажилтны цол тэмдэгүүд, хөдөлмөрийн хүндэт медал зэргээр шагнуулж байсан.

-Баярсайхан гэдэг нэртэй эмэгтэй хүн их цөөхөн байх шүү. Нэрнийхээ талаар?

-Би чинь бага байхдаа бондгор цагаан охин байж л дээ. Тэгээд ээж аав минь энхрийлээд Тоорой гэдэг нэр өгсөн байсан юм. Тэгээд би сүүлд долдугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд орохдоо өөрөө дураараа нэрээ сольчихсон юм. Нэрнээсээ ичээд сүйд болдог байсан болохоор ээждээ хэлж гомдоллож байгаад л солиулчихсан. Тэрнээс хойш Баярсайхан нэрээрээ явж байна. Нэрээ сольлоо гээд муудсан зүйл алга. Сайхан нэр.

-Таны бага, залуу нас хаана хэрхэн өнгөрсөн бэ?

-Би чинь айлын өргөмөл охин. Ер нь их эрх өссөн. Мал дээр бол байгаагүй, аймгийн төвд л бага нас минь өнгөрсөн дөө. Багшийн сургуулийг төгсөөд нутагтаа очиж, Хонгор суманд ажиллаж байгаа 1959 онд том охиноо төрүүлсэн. Хөдөө хоёр жил ажиллаад хот руу шилжсэн. Би чинь хөдөө суманд, тэгээд өөрөө юугаа ч мэдэхгүй анх төрөх гэж байгаа хүн бүр тав хоног өвдөж байж, их хүнд төрсөн. Сараа маань бүтэлттэй төрөөд, уйлж өгдөггүй их хүндрэлтэй төрсөн. Анх охиноо төрүүлчихээд үнэхээр их баярласан. Харин аав нь спортын хүн байсан болохоор төрөөд долоо хоносны дараа л тэмцээнд оролцох гээд орхиод явж байсан. Ээж минь хамт байсан тулдаа л би энэ хэдэн хүүхдийг өсгөсөн дөө. Би бас охиндоо их баярладаг  юм. Араасаа олон сайхан дүү нар дагуулсан. Яг Сараагийн маань дүү дөрвөн насны зөрүүтэй төрсөн.

Би чинь зургаан хүүхэдтэй. Хамгийн том охин Сарантуяа маань 1959 онд төрсөн. Би чинь таван охин, ганц хүүтэй. Хүүхдүүдээс маань дээд боловсролтой хүн ч байна, дунд боловсролтой хүн ч байна. Хамгийн гол нь хүүхдүүд дотор минь ёс суртахууны доголдолтой, хүмүүжилгүй хүн нэг ч байхгүй.Энэ чинь л хүний амьдралын хамгийн гол хэмжүүр шүү дээ. Гэрийн дотоод хүмүүжлээс их зүйл шалтгаалж байгаа. Аав, ээжийн хувьд ажлаа хийж явахдаа хүүхдүүддээ огтхон ч санаа зовдоггүй байлаа. Ийм бие даасан хүн болгож хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд миний эзэмшсэн мэргэжил ч багагүй нөлөөлсөн байх. Аав нь ч  спортын хүн болохоор зөв үлгэр дууриал үзүүлдэг байсан даа. Одоо бүгд л дор бүрнээ эзэмшсэн мэргэжлээрээ сайн сайхан ажиллаж, амьдарч явна.

-Та ханийнхаа талаар дурсахгүй юу. Та хоёр анх хэрхэн танилцаж байв?

Миний хань Самбууг Монголын ард түмэн мэдэх байх хүндийг өргөлтийн тамирчин. Гуч гаруй жил энэ улсынхаа төлөө, спортынхоо төлөө хөдөлмөрлөж, олон арван шавь нар төрүүлсэн хүн дээ. Миний хань бурхан болоод арваад жил өнгөрчээ. Эгч нь одоо хүүхдүүдтэйгээ амьдарч байна даа. Манай хүн чинь Увс аймгийн хүн. “Баруун, зүүн аймгийн хүмүүс яаж яваад танилцаад нэг дор орчихов” гэж найзууд минь их сонирхож асуудаг байсан. Намайг Дорнод аймгийн багшийн сургуульд байхад манай хүн “Сод монгол советник” гэдэг компанид эм найруулагчаар томилолтоор ажиллаж яваад л танилцсан даа. Анх хоёр биенээ бүжгэн дээр олж харсан.  

-Хүүхдүүдийн тань нэр хэн хэн гэж байгаа вэ?

-Бүгдийнх нь нэрийг аав нь өгсөн. Сарантуяа, Нарантуяа, Алтантуяа, Одонтуяа, Отгонтуяа гээд таван охин байна.

Охин гараад л байдаг. Хань минь чиний бие охидуудын бие л сайн бол боллоо. Яахав яахав гээд л яваад байсан. Гурван охинтой болохдоо тулгын гурван тотго шиг гээд дараа ширээний дөрвөн хөл шиг, ингээд гарын таван хуруу шиг сайхан таван охинтой боллоо. Яахав, яахав гээд л явж байлаа. Тэгээд зургаа дахь хүүхэд маань хүү төрөхөд ёстой бөөн баяр хөөр болдог юм байгаа биздээ. Мэдээж эр хүн юм болохоор битүүхэндээ хүү хүсээд л яваад байдаг байсан. Тэрийгээ нэг их ил хэлдэггүй байсан юм. Бид хоёр чинь 46 жил хамтдаа амьдарсан. Хүүг минь Үенбаатар гэдэг. Манайх 11 нь ач зээтэй. Тэдний долоо нь хүү. Дандаа охин гараад байсан айлаас хүү төрөөд эхлэхээр их баярладаг юм билээ. Тэд нартаа ч өвөө нь өөрөө нэр хайрладаг байсан. Анх хүүгийнхээ нэрийг өгөхдөө их удаан бодож өгсөн. Эмч нар бүр нэрийг нь өг гэж шаардаж байж өгүүлсэн шүү. Ач нар маань ихэнх нь Баатар гэдэг нэртэй. Гүенбаатар, Зургаадайбаатар, Гунанбаатар гээл л...

-Олон сайхан хүүхэд төрүүлээд, ач зээ нараа тойруулаад сууж байх шиг сайхан жаргал байхгүй биз. Хүүхдүүд тань таныг их баярлуулна биз?

-Би чинь  энэ олон хүүхдийнхээ буянд л өдий зэрэгтэй сайхан амьдарч байна. Ханиа алдаад сэтгэл гундуу байх үед минь энэ хэдэн хүүхдүүд минь л хань боллоо шүү дээ. Хүн бүл цөөтэй айл бол хэцүү. Хүүхдүүд минь дор бүрнээ л ээжийгээ баярлуулах гэж хичээдэг. Өнөөдөр надад сэтгэл зовох, дутагдаж, гачигдахын зовлон алга. Сараа маань намайг бүр ч илүүтэй их баярлуулдаг. Хамгийн түрүүнд намайг эх хүн болгож баярлуулсан. Хүүгээ төрөх үед бас хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Хүүхдүүд минь намайг ажил хийж явах үед нэг ч удаа сэтгэлийг минь зовоож байгаагүй. Энэ хорвоод чинь баярлах шалтаг мундахгүй юм.

Эгч дүүс

-Хүү төрөхгүй байна гэж итгэл алдрахгүй л байх хэрэгтэй юм байна?

-Тийм байгаа биз./инээв.сур/ Одоо манай энэ бага хүү том охинтой. Тэгээд эхнэр нь дахиад жирэмсэлж төрөх болсон чинь хүүгийн минь найзууд “Ээж чинь ийм олон охин төрүүлсэн хүн. Танайх дахиад охинтой болно” гэж тоглоож хийж байсан гэсэн. Тэгсэн чинь хүү гарсан. Хөөрхөн амьтан бий. Хань минь тэр үед нь “Миний хүүгийн хүү гарлаа, Миний удам тасрахгүй юм байна” гэж  их баярлаж байсан даа. Манай хүү чинь аавынхаа мэргэжлийг өвлөсөн.

-Ер нь сүүлийн үед манайхан олон хүүхэд төрүүлэхээ болиод байгаа?

-Харин тийм ээ. Энэ ч их л буруу юм даа. Манай хүүхдүүд ч ялгаа байхгүй ганц, хоёр л хүүхэд төрүүлсэн. Сараа маань л гурван хүүхэд төрүүлсэн байна. Яахав зах зээлийн нийгэм гээд цаг үетэйгээ холбоотой л байдаг байх. Гэхдээ хүүхэд гэдэг чинь эгчтэй, дүүтэй өсвөл ханьтай сайхан шүү дээ. Хөгшрөөд ганцаардаад ирэхийн цагт хүүхэд цөөдвөл их хэцүү юм. Ханиа алдчихаад ганцаардаад сууж байгаа хүмүүс их байна шүү дээ. Ер нь сурах, төрөх гэдэг хэзээ ч оройтохгүй гэж боддог юм. Би л гэхэд 14 жил бага ангийн багш хийчихээд багшийн дээдэд дахиад өдрийн ангид сурсан. Сурахад хэзээ ч оройтохгүй.

-С.Сарантуяа эгч багадаа ер нь ямархуу хүүхэд байсан бэ?

-Ер нь их сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Бага насаа 16 дугаар сургуулийн “Багш нарын байр” гэж нэрлэгддэг тэр л газарт өнгөрүүлсэн. Өөрөөр хэлбэл, 16 дугаар сургуульд ажилладаг багш нарын хүүхдүүдтэй үерхэж, нэг хашаанд хамт тоглож өссөн хэрэг. Тухайн үед цэцэрлэгт хүмүүжиж, сургуульд орох боломж маш ховор байсан учраас хүүхдүүд ихэвчлэн гэр, хашаандаа тоглох маягаар гэрийн хүмүүжлээр дамжиж сургуулийн босго давдаг байсан. Айл гэр болох, нуугдах гээд л тоглох тоглоом нь ч тоотойхон. Сургуулийн хашаанд байх улаан буланд долоо хоног бүр кино үздэг байлаа. Багаасаа л кино, жүжигт их дуртай хүүхэд байсан.

Сургуульд орсон цагаас нь ангийн багш н.Цэцгээ нь их чиглүүлж, хөгжүүлж өгсөн. Урлагийн янз бүрийн арга хэмжээнд их оролцдог байсан. Сурлагадаа ч их сайн. Миний хувьд өөрөө багш хүн болохоор Сараагаа хэлний чиглэлийн хүн болгоно гэж боддог байлаа. Гэтэл наймдугаар ангиасаа эхлээд хүүхдийн театрын жүжгийн дугуйланд яваад эхэлсэн. Тэгээд л жүжигчин болохоор шийдсэн хүүхэд дээ.

-Таниас зөрөөд жүжигчин болжээ дээ?

-Ёстой л жинхэнэ хүсэл мөрөөдлийнхөө дагуу жүжигчин болсон. Есдүгээр ангид байхдаа Багшийн дээд сургуулийн кино-драмын ангид орохоор элсэлтийн шалгалт өгч үзсэн. Гурав дахь шалгалтанд нь орох гээд догдлоод явж байтал нь “Есдүгээр ангийн хүүхэд авахгүй” гээд буцаахад охин минь сэтгэлээр унаж, их уйлсан.

Тухайн үед кино-драмын ангид дөрвөн жил тутамд нэг удаа элсэлт авдаг байсан. Тэгтэл дараа жилээс нь эхэлж хоёр жил тутамд элсэлт авдаг болоход нь сая л нэг юм шалгалт өгч орсон доо. Бараг 300 хүүхдээс зургаан хүүхэд л тэнцэж орж байсан гэдэг.

Тэгэхээр хамгийн гол нь эцэг эхчүүд бид хүүхдийнхээ сонирхолыг л их харах хэрэгтэй юм байна. Чи багш, эмч бол гэж тулгаж хэзээ ч болохгүй юм байна. Хэрвээ би охиноо тэр үед Олон улсын харилцааны сургуульд оруулчихсан бол өнөөдрийнх шиг ийм алдар гавьяа хүртэх байсан болов уу. Үгүй шүү дээ. Хүн дуртай ажлаа хийж байхдаа л илүү амжилт гаргадаг юм байна.

-Танай удамд өөр урлагийн мэргэжилтэй хүн байгаа юу?

-Ёстой тийм хүн байхгүй.

-Урлагийн хүний ажил цаг завгүй их хэцүү гэдэг шүү дээ. Танд охины тань энэ завгүй амьдрал ямар санагддаг вэ?

-Урлаг, спортын хүмүүс чинь үнэхээр маш завгүй ажилладаг. Хань минь ч завгүй тэмцээн гээд л хэд хоногоор яваад өгнө. Сараа маань ч ер нь жүжигчин болсон цагаасаа хойш гэрийн бараа хараагүй дээ. Тухайн үед хэцүү л санагддаг байлаа. Одоо бол охиныхоо ажлыг ойлгодог болсон. Ер нь хүн гэдэг чинь ажлаа хийгээд завгүй амьдарч байхдаа л сайхан юм байна гэж би боддог болоод байгаа. Завгүй байж л хүн амжилтанд хүрнэ, сайн бүтээл төрүүлнэ. Одоо Сараагийн маань хүү жүжигчин болчихлоо.

Тамираа бол яг ээж аавынхаа замаар явж байгаа. Ёстой нэг завгүй гурван хүн л байдаг юм.

Би багшилж байх үедээ ач нараа харж нэг их тус болж чадаагүй. Манай хүргэн О.Бат-Өлзийгийн ээж ч бас багш хүн. Ач нар маань ёстой л цэцэрлэг, театраар дамжиж л хүн болсон.

Л.Баярсайхан гуай худын хамт

-Таны охин Монголын ард түмний хайртай жүжигчин шүү дээ. Танд чухам аль дүр нь хамгийн сэтгэлд ойр санагддаг вэ?

-Их олон кинонд тоглосон доо. Тэр бүрийг би тоочоод яахав. Яг одоо сэтгэлд тодорч байгаа нь Кармен жүжгийн дүр. Яг тэр жүжигт тоглож байх үед миний төрсөн өдөр болж таарсан юм. Би чинь хүүхдүүдийнхээ бүтээлийг их очиж үзнэ л дээ. Тэгээд үзээд сууж байхад охин минь тайзан дээрээс “Өнөөдөр миний ээжийн төрсөн өдөр. Би энэ жүжгийг ээждээ зориулж тоголлоо” гэж хэлсэн. Тэр үед сэтгэл минь их хөдөлж, баярласан даа. Бас сүүлийн үед тоглоод байгаа  эх хүний  дүрүүд нь их сайхан санагддаг.

“Бүүвэй” жүжигт тоглосон эхийн дүр нь үнэхээр сайн болсон. Яг л миний ээж нүдэнд харагдаад... “Амьдралын нахиа” киног үзээд охиноо их өрөвдөж билээ.

Сайхан дүрүүд их бий.

-Таны охин Монголын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг шүү дээ. Мэдээж таныг л дууриасан байх?

-Залуу насандаа хүн бүр л гоо үзэсгэлэнтэй байдаг шүү дээ. Бидний үед чинь ямар одоогийнх шиг будаг шунх, элдэв багаж байсан биш ёстой л өөрийнхөө төрлөх гоо сайхнаараа гайхуулдаг байлаа. Яахав миний хувьд залуу цагтаа “Сүхбаатарын намхан цагаан” гэдэг нэртэй л явлаа. Ээж аавын минь заяасан бие хаа, царай төрх хүнд гологдохооргүй л байсан байх. Сайхан л явлаа. Ер нь хүн өөрийгөө муухай гэдэггүй биздээ.

-Ер нь сайхан эмэгтэй гэдэг таны бодлоор?

-Гадна төрхөөсөө гадна сэтгэл л ариун цагаан байх хэрэгтэй. Хүний сэтгэл гэдэг чинь л хамгийн чухал зүйл шүү дээ. Сэтгэлээрээ хань ижил, аав ээж, үр хүүхдүүдээ гийгүүлдэг, үлгэрлэдэг бол амьдрал цаанаасаа л сайхан байна.

-Таны хүргэн О.Бат-Өлзий бас л мундаг жүжигчдийн нэг шүү дээ. Анх танайд хэрхэн ирж, танилцаж байв?

-Бат-Өлзий маань их сайн хүү. Манай хамгийн том хүргэн. Хүргэндээ их хайртай. Анх Сараа тэр хоёр “Баярын мишээл” гэдэг нэвтрүүлэг хамт хөтөлдөг байсан. Нэг их өндөр, цагаан залуу л харагддаг. Нэг зун зуслан дээр тэр хоёр хамт хүрээд ирсэн. Манай хөгшин “ За энэ Киргиз залуу чинь юун залуу, хаанаас гараад ирэв” гэж цаашлуулаад л.

Манай О.Бат-Өлзийгийн ээж чинь бас багш хүн шүү дээ. Намайг анх 16 дугаар дунд сургууль очиход түүхийн багшаар ажиллаж байсан юм. Одоо ная гарчихсан Ариунгэрэл гэдэг хөгшин бий. “Танидаг мэддэг хүмүүсийн хүүхдүүд хоорондоо найзлах чинь зүгээр юм байна шүү дээ” гээл манайхаас анх бэр гуйж байлаа.

Хүргэн маань их томоотой, архи дарс ууна гэж байхгүй. Манай хэдэн хүүхдэд ахын оронд ах, аавын оронд аав болоод л явж байна даа. Аяархан дуутай. Ер нь манай хоёр чинь их аядуу хүмүүс шүү дээ. Хоорондоо хэрэлдэнэ гэж байхгүй. Нэгнээ дандаа та гэж дуудна.

Манай хүргэн чинь Гавьяат жүжигчин н.Осор агсаны хүү шүү дээ. Айлын дөрөв дэхь хүүхэд. Таван эрэгтэй, таван эмэгтэйтэй их өнөр гэр бүл байдаг юм.

-О.Бат-Өлзий ахын “Нандин эрдэнэ” кинонд тоглосон хүргэний дүр хүмүүст их хүрсэн байдаг. Энэ кино гарах үед танай хүргэн болчихсон байсан уу?

-Өнөө хадамж ээжийнхээ бөгжийг хулгайлдаг уу. /инээв.сур/ Манай хоёр чинь нэг дороо орчихсон байсан. Яахав жаахан тийм хүн чанаргүй хүний дүр ч гэлээ үнэхээр сайн бүтээж чадсан болохоор л хүмүүст хүрч чадсан.

Тухайн үед хүүхдүүд бөгжний хулгайч явж байна гээд чулуу шидээд байдаг байсан гэдэг.

-Зургаан сайхан хүүхэд өсгөсөн эх хүний хувьд, багшийн хувьд хүүхдийн хүмүүжлийн талаар та залууст зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүүхдээ сайн хүн болгохын тулд эх хүн өөрөөрөө л үлгэрлэх ёстой. Багш хүн болохоороо би хаана ч явсан л хүнд зөвлөж, заах гээд байдаг нэг сул талтай. Хүүхдийг их хайрлаж өсгөх хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхэд хажуудаа байгаа хүнийг л дууриадаг гэдгийг мартаж болохгүй. Миний хувьд хүүхдүүдээ хэзээ ч зодож байгаагүй. Ер нь загнаж, зэмлэх тохиолдол ч бараг цөөхөн байсан даа. Ер нь их дуу цөөтэй хүн шүү дээ. Одоо л хөгшрөөд жаахан олон үгтэй болох шинжтэй байна. Аав нь ч гэсэн хүүхдүүддээ үг бараг хэлдэггүй, харцаараа л зэмэлчихдэг байсан. Одоо ч энэ орчин үеийн хүүхдүүдийг хараад байхад жаахан тиймхэн л байна даа.

-Олон жил багш хийсэн болохоор эргээд нэг ажилламаар, сургамаар санагдах юм уу?

-Яг тэтгэвэрт гарсаны дараа ч нэг хэсэг их хэцүү байсан шүү. Сургууль руугаа байн байн гүйгээд л, багш нартайгаа уулзана. Одоо бол олон ч жил өнгөрлөө. Харьцангуй гайгүй болсон. Энэ хүүхдүүд, ач нартаа л хань болж байна. Ач зээ нэр том болохоор хүүхэд харах ажил бол алга. Хэд хэдэн хамт олон байна тэд нартайгаа их уулздаг. Нутгийн хамт олон, багшийн сургууль, дунд сургуулийн хамт олон гээд л...Одоо ч би бараг хамгийн ахмад нь болоод байх шиг байна.

-Одоогийн энэ сургалтын систем, заах аргын тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Сургуулийн анги танхимын дүүргэлт үнэхээр аймаар байна. Энэ чинь багш хүүхэд нэг бүртэй тулж харьцах харилцаанд  ч нөлөөлж байгаа шүү дээ. Ер нь л багш нар хүүхэдтэй тулж харьцахаа больчиж. Гэрийн даалгаварыг нь ч бараг шалгадаггүй юм байна. Би чинь хүүхдүүд, багш, эцэг эх гээд гурван төлөөллөөс гурвууланд нь шаардлага тавьж ажилладаг байсан болохоор одоогийн  энэ сургалтын системд жаахан сэтгэл дундуур л байна. Багш нар давтлага өгөхөөрөө мөнгө авдаг болчихжээ. Хүүхдийнхээ авьяасыг нээж олох тал дээр л анхаармаар байна.

-Хүний амьдрал эрээнтэй бараантай гэдэг. Танд сэтгэлээрээ гундаж, шантрах үе байсан уу?

-Тийм үе байгаагүй дээ. Хамгийн гол нь миний хүүхдүүд сэтгэлийг минь огт зовоодоггүй байсан учраас сэтгэл санаа минь их тайван байдаг байлаа. Амьдралын аар саар жижиг асуудлууд бол хүн бүрт л бий. Тэр бол хамаагүй. Ер нь тийм айхтар сэтгэлд шарх болж үлдсэн зовлон шаналал миний амьдралд байхгүй дээ.

-Та өнөөдөр юу хүсч, бодож байна вэ?

-Өөртөө бол одоо хүсэх юм алга. Хэдэн хүүхдүүдээ л сайн сайхан амьдраасай, санасандаа хүрээсэй гэж бодож, залбирдаг. Өмнөө  заавал ямар нэгэн зорилго тавь, тэрэндээ хүрэхийн төлөө тэмц гэж би хүүхдүүддээ байнга хэлдэг юм. Зорилготой хүн чинь л сайхан амьдрана шүү дээ.

-Яриагаа ингээд өндөрлөе. Та эрүүл энх байж, урт удаан наслаарай?

-Баярлалаа. Монголын минь ард түмэн нийтээрээ эрүүл энх байж, элдэв зовлонгүй байгаасай. Бүгдээрээ ажилдаа амжил гаргаарай гэж ерөөе.