m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 02:21
1115
Г.Гэрэлсайхан: Монгол агаар цэвэршүүлэгч, гэхдээ хүж биш

Хээрийн хөх аргалыг ариутгаж, шахаж, савлан худалдаанд гаргаж байна гэсэн мэдээг саяхан автобусанд явж байх даа, зар сурталчилгааг нь харж мэдсэн юм. Аргалын үнэр гэж бодонгуут

Аргалын утаа боргилсон

Малчны гэрт төрсөн

Атар хээр нутгаа

Өлгий минь гэж боддог”  гэдэг дөрвөн мөрт санаанд орж билээ. Ингээд энэ талаар судлан асууж сураглахад үнэн байлаа. “Мон арц” ХХК-ийнхан хүж хэлбэртэй шахмал арц, аргал, ганга худалдаанд гаргаад дөрвөн жил гаруй болж байгаа юм байна. Ингээд тус компанийн захирал  Г.Гэрэлсайхантай ярилцлаа.

-Мон-Арц компани байгуулах болсон талаар ?

-2010 оны нэгдүгээр сард  байгуулагдсан. Хоёр жил туршилт хийн, жил хагасын өмнөөс албан ёсоор зах зээлд нийлүүлж эхэлсэн. Манай компани хоёр жилийн турш туршилт хийж байж технологийн патентаа хамгаалсан. Одоогоор зах зээл дээр гурван төрлийн шахмал бүтээгдэхүүн нийлүүлж байна.

-Яагаад аргалыг сонгосон бэ?

-Яагаад аргал вэ гэвэл хот суурин газар болоод гадаад амьдарч буй иргэд аргалын утаагаа их санадаг. Үүнийг  хэрэглэж ашиглах  боломж нь сайн биш байна. Яг байгалийнхаа буюу органик шинж чанараар нь олох бас хэцүү. Хөдөө талаас болон хээрээс тэр бүр хүмүүс олж чаддаггүй. Хотын ойр орчмын аргал бол бохирдсон хөрснөөс гарсан байдаг.  Цэвэр органик шинжийг хадгалах, технологи талаасаа хээрийн аргалыг  сонгосон. Хотод байгаа аргалаар хийсэн бүтээгдэхүүн уугддаггүй тал бий.

Монгол агаар цэвэршүүлэгч гэхдээ энэ хүж биш

-Энгийн аргал биш гэсэн үг үү?

- Тийн. Хээрийн, уулын орой дээрээс түүсэн аргал. Бид уул нь их хөрөнгө зарж байгаа юм. Хүмүүс болохоор ойр хавиас түүж байна  л гэж бодоод байх шиг байна. Холоос түүж байгааг гэдгийг хэрхэн нотлох юм бэ гэж  их  асуудаг. Нотлох арга гэвэл бид нартай хамт  явах. Гаднаас хархад аргалууд адилхан байдаг гэхдээ дотор нь агуулж байгаа зүйл нь өөр юм. Учир нь үхэр, сарлаг өндөр уулын бүсэд идээшдэг. Уг бүсэд үет буурцаг, алаг өвст бэлчээрт зонхилсон 330 гаруй тэжээлийн ургамал байдгаас 200 гаруй нь эмийн ургамал ургадаг. Ийм учраас өндөр уулын аргалыг сонгодог юм.

-Яагаад органик агаар цэвэршүүлэгч гэж нэрлэсэн юм бэ? Утаа агаарыг цэвэршүүлж байна гэхээр сонин байна.

-Энэ талаар нэг жижиг судалгаа хийж үзсэн. Тэр үед агаар дахь 65-70 хувийн вактерийг устгаж байсан. Утаагаар бол үнэхээр агаардах вактерийг устгаж, ариутгаж чадаж байна гэдэг нь харагдсан учир агаар цэвэршүүлэгч гэж нэрлэсэн. Үүнийг хүмүүст мэдүүлэх хэрэгтэй.

-Бүтээгдэхүүн гаргах санаа хэрхэн төрсөн бэ?

-Энэ санаа манай аавын санаа. Арван жилд байхад аав маань анх арцыг шулуун хэлбэртэй болгож байсан. Одоо ч хийсэн бүтээгдэхүүн нь байдаг. Энэ санааг арай сайжруулан ашиглаж, сургуулиа төгсөх жил өөрийн компанийг байгуулсан. Тэр болтол ийм төрлийн бүтээгдэхүүн хамгийн сонин нь гарч ирээгүй байсан.

-Бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн гарт хүрэхийн тулд ямар ямар шат дамжлага дамждаг вэ?

- Хэдийгээр газрын шим, хээрийн салхи, нарны илчинд ариутгагдсан хэмээн хөх аргалыг дүгнэдэг ч хэрэглэгчдийн гарт хүргэхийн тулд тусгай технологиор ариутгах учиртай. 100 градуст аргалаа ариутгаж, цэвэрлэж ангилаад, нарийн шүүлтүүрээр нунтаглана. Үүний дараа хэлбэрт оруулж, ялгаж савлана.

-Яагаад ганга, арц, аргалыг сонгосон бэ?

-Энэ гурваас цаашдаа өөр бүтээгдэхүүн гаргана. Эхний бүтээгдэхүүнүүдээ зах зээл дээр таниулсны дараа хийх олон зүйл байгаа. Уламжлалт хүмүүсийн сэтгэлд хоногшсон ургамал болоод ач тустай гэсэн бүхий л ургамлыг ийм байдлаар гаргах төлөвлөгөө байна. Гангаа бид хөвсгөлөөс түүдэг бол арцаа бол хонин арцыг сонгодог.

Гадуур ганга өвс худалдаалдаг хүмүүст хэлэхэд, ганга өвсийг үндсийг нь үлдээж хайчилж түүх хэрэгтэй байна.

-Ихэвчлэн ихүүн үнэртэй үнэртүүлэгчээр хүмүүс өрөө болон ариун цэврийн өрөөнийхөө агаарыг цэвэршүүлдэг. Тэгвэл “Монгол үнэр”-ийн онцлог тал юу вэ?

- Органик, ариутгаж байгаа нь үнэн. Химийн ямар ч бодис агуулаагүй гэдгээрээ онцлоготой. Арц, аргал, гангыг нунтаглан цэвэр байгалийн шинж чанараар нь хүж шиг шахмал хэлбэрт оруулан худалдаалж байна. Ингэж хийсэн бүтээгдэхүүний давуу тал нь хэрэглэхэд хялбар. Бүтээгдэхүүний сав баглаа боодол нь авсаархан, хүж уугиулах жижиг суурьтай, хэрэглэхэд тохиромжтой гэх зэрэг олон давуу талтай.

-Бүтээгдэхүүнээ хаана хаана борлуулдаг, хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ?

-Манай бүтээгдэхүүн хуучин “Бөмбөгөр” худалдааны төвийн нэг давхарт Е10 лангуу, “Алтжин” бөмбөгөрийн 1020 павилон болон “Номин” сүлжээ, “Боса” сүлжээ, “Улаанбаатар Буян” компанийн дэлгүүрт худалдаалагдаж байна.  Гадуур ганга өвс худалдаалдаг хүмүүст хэлэхэд, ганга өвсийг үндсийг нь үлдээгээд хайчилж түүх хэрэгтэй. Үндэс үлдээлгүй түүсэн тохиолдолд  энэ нь эргээд байгальд маш муу. Бүтээгдэхүүний хувьд арц, аргал нь 1500 төгрөг, харин ганга нь 2500 төгрөгөөр тус тус худалдаалж байна.