m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 02:47
131
Нийтийн тээврээр үйлчлүүлж буй бүх хүн мөнгөө төлж явна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагч, оюутан, цагдаагийн албан хаагчдын унааны зардлын нөхөн олговорыг нийслэлийн төсөвт шилжүүлж байгаагаа мэдэгдсэн.

Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж хариу барилаа. Тэдний барьж буй хатуухан хариу нь ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олговроос татгалзаж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудыг 500 төгрөгөөр зорьчуулах болсоноо албан ёсоор урьдчилан мэдэгдлээ.

Тодруулбал, нийтийн тээврээр хөнгөлттэй зорьчих гэдэг ойлголт байхгүй бол хүн бүр мөнгөө төлж үйлчлүүлнэ гэсэн үг болж байна.

2015 онд 83705 ахмад настанд 26,2 тэрбум, 33934 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 10,6 тэрбум, 113000 оюутанд 36,0 тэрбум бүгд 72,8 тэрбум төгрөгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам унааны зардлын нөхөн олговорт төсөвлөж Сангийн яаманд хүргүүлээд байгаа ажээ.

Яамдууд нийтийн тээврээр зорчих хүний тоогоо тохироод унааны зардлын нөхөн олговорыг тооцоолсон байтал 30 хувиар бууруулж, 52 тэрбум төгрөг болгон нийслэлд шилжүүлж байгааг тээвэрчид эсэргүүцэж байгаа юм.

Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн  Ц.Пүрэвсамбуу:

-“Нөхөн олговорын хэмжээг багасгаж нийслэлийн төсөв рүү шилжүүлж байгаа нь улс иргэддээ үзүүлэх халамжаасаа ухарч байгаа үйлдэл юм.

Хэрвээ нөхөн олговорыг нийслэл рүү шилжүүлвэл бид 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс бүх хүнээс төлбөрийг нь авч зорчуулахаа мэдэгдэж байна” гэлээ.

Тээвэрчид нийслэлийн төсвөөс нөхөн олговорыг санхүүжүүлж байх он жилүүдэд үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардлыг бүрэн авч байгаагүй бөгөөд нөхөн олговор улсын төсвөөс санхүүждэг болсноор үнэ төлбөргүй зорчих эрх бүхий хүмүүсийн тоо тодорхой болж, санхүүжилт нэмэгдэж цаг хугацаандаа нөхөн олговорын санхүүжилтээ авч байсан байна.

“Тэнүүн-Огоо” компанийн захирал  А.Ганхуяг.

-“Тээвэрчдэд өгдөг нөхөн олговорыг авахаа болиод бид автобусанд суусан бүх иргэдээс төлбөр авч зорьчуулая аа. Бидэнд өгдөг тэр нөхөн олговороо үнэгүй зорчдог иргэддээ тарааж өгөөчээ. Ингэж байж тээвэрлэлт шударга болно" хэмээн ярьсан юм.