m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 04:47
128
Тохижилт үйлчилгээний ажилтан 17 хос хуримаа хийлээ

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Тохижилт үйлчилгээний чиглэлээр ажилладаг 17 хосыг Гэрлэх ёслолын ордонд оруулан, гэрлэлтийн баталгаа олголоо.

Тодруулбал, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл”-ийн болон зарим дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийн зам талбайн цэвэрлэгчид, жолооч ачигч гээд 17 хос хуримаа хийсэн юм. Хуримын ёслолын тодорхой зардлыг нийслэлийн Захирагчийн ажлын алба, тохижилт үйлчилгээний газраас гаргасан ба Гэрлэх ёслолын ордон ч мөн хөнгөлөлттэй үнээр үйлчиллээ.

Энэ үеэр Гэрлэх ёслолын ордонд орж хуримаа хийж буй залуусаас сэтгэгдлийг нь сонслоо.

Ч.Ганбаяр Тохижилт үйлчилгээний ажилтан

-Юуны өмнө та хоёрт баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Сэтгэгдэл үнэхээр сайхан байна.

-Гэр бүл болсон юм чинь эхнэрээ Хуримын ордонд оруулчих юмсан гэж боддог л байсан байх?

-Тэгэлгүй яахав. Тэр хүсэл минь өнөөдөр биелэж байна шүү дээ.

Хүсэл минь өнөөдөр биелэж байна

-Хамт олон болон, гэр бүлийнхэндээ хандаж хэлэх үг байна уу?

-Хамт олондоо ажлын амжилт хүсье. Та нарынхаа дэмжлэгээр өнөөдөр эхнэрээ хуримын ордонд орууллаа. Маш их баярлалаа л гэж хэлмээр байна.

-Та хоёр ханилаад хэдэн жил болж байгаа вэ?

-Бид хоёр ханилаад найман жил болж байна.

М.Мөнхтуяа, Д.Батбаяр Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээний ажилтнууд

-Та хоёрт баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач. Байгууллагадаа хэдэн жил ажилласан бэ?

-Баярлалаа. Би Баянгол дүүргийн |"Шинэ Өргөө"-д дөрвөн жил ажилласан. Сэтгэгдэл их сайхан байна.

-Гэргийтэйгээ ханилаад хэдэн жил болсон бэ?

-Бид хоёр ханилаад 19 жил болсон. Энэ дашрамд хамт олондоо хамгийн их баярлаж байна гэдгээ хэлмээр байна.

Бид хоёр ханилаад 19 жил болсон ч хуримаа хийж чадаагүй байсан

-Та хоёр мэдээж энэ олон жилийн хугацаанд хуримаа хийх юмсан гэж бодож л байсан байх. Өөрсдийнхөө хүчээр хийх боломж байсан уу?

-Өөрсдийнхөө хүчээр хуримаа хийх боломж байгаагүй ээ. Хамт олондоо л их баярлаж байна.

"Гэрлэх ёслолын ордон"-ы захирал  С.Үүрийнтуяа

Нийслэлд ажилтай орлоготой амьдарч байгаа зорилтот бүлгийн иргэдийн хуримын ёслолыг нь үнэ төлбөргүй хийж өгдөг. Энэ үйл ажиллагаа өнгөрсөн жилээс эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар болсон. Өнөөдрийн ёслол хүндэтгэлд дүүрэг дүүргийн Тохижилт үйлчилгээний газрын ажилтнууд оролцож байна. Бидний зүгээс ч эдгээр хүмүүсийн аз жаргалтай мөчиг хуваалцаж байгаадаа баяртай байна.Энэ үйл ажиллагаагаар дамжуулан эдгээр залууч цаашид улам илүү идэвхи зүтгэлтэй, урам зоригтой ажиллах байх гэдэгт итгэж байна.