m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 09:03
102
УИХ-ын шийдвэрт нөлөөлөх гэж мессеж түгээдэг олон улсын үйлчилгээ ашигласан байх магадлалтай

УИХ-ын нэр бүхий гишүүдийн 9911хххх дугаарын гар утаснаас УИХ-аар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулга хүргүүлсэн мессеж тараасан асуудал үүссэн. Өөрийнх нь утас гаднын халдлагад өртсөн гэж мэдэгдэж буй эдгээр хүмүүсийн утас бүгд үүрэн телефоны Мобиком компанийн дугаар байгаа нь анхаарал татахуйц бөгөөд үүнтэй холбогдуулан тус оператор хэрэглэгчдийнхээ дугаарыг зүй бусаар ашиглаж байх магадлалтай гэдэг таамаг яригдаж байв. 

Харин Мобиком корпорацийн удирдлагууд үүнтэй холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Үүссэн нөхцөл байдлыг сонсмогцоо тус байгууллагын мэргэжилтнүүд шалгалт хийсэн. Тэд одоогоор бусдын утасны дугаарыг ашиглаж мессеж явуулсан энэ тохиолдлын цаана хоёр улсын оператор ашигласныг тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл, Румын, Мальт улсын үүрэн холбооны оператороос Монголын 20 хэрэглэгчийн дугаарыг ашиглаж мессеж явуулсан байна. Үүний үр дүнд тус байгууллага Румын, Мальт улсын үүрэн телефоны операторуудтай хамтран ажиллаж, эдгээр улсаас ирж буй сүлжээг хаасан байна. Мөн зөвхөн мобикомын хэрэглэгчид төдийгүй юнителийн хэрэглэгчдэд мессеж илгээсэн гэдгийг мэдээлэв. Харин хэчнээн хүнд мессеж явуулсан нь тодорхойгүй гэв. 

Румын, Мальт улсын үүрэн холбооны оператороос Монголын 20 хэрэглэгчийн дугаарыг ашиглаж мессеж явуулсан байна

Албан бус мэдээгээр нэг дугаараас 800-1000 орчим мессеж тарсан байх магадлалтай гэнэ. Улс төрийн зорилготой, өдөөн турхирсан  уриалга бүхий ийм мессежийг 20 дугаараас илгээсэн гэхээр 20.000 орчим мессеж тарсан байх магадлалтай.

Румын, Мальт улсаас хэн нэгэн тодорхой маркын гар утасны сул талыг ашиглан, компьютерийн тусгай программаар мессеж бичсэн гэх таамгийг дэвшүүлээд байгаа. Мөн дугаараа нууцлан бусдад мессеж түгээх боломжтой олон улсын үйлчилгээнүүд байдаг бөгөөд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын шийдвэрт нөлөөлөх зорилго бүхий хэн нэгэн энэ төрлийн үйлчилгээг ашигласан байх магадлалтай болохыг тогтоосон гэв. 

 

Албан бус мэдээгээр нэг дугаараас 800-1000 орчим мессеж илгээсэн гэхээр нийт 20 дугаараас 20.000 орчим мессеж тарсан байх магадлалтай

Хурлын төгсгөлд, Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холидэй уг үйл явдлаас үүдэн манай компанийн хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд гаднаас халдсан тохиолдол гараагүй, гэхдээ бизнесийн нэр хүндээ сэргээх үүднээс энэ хэргийг хийсэн хүмүүсийг олж тогтооход ихээхэн хүчин чармайлт гаргана гэдгээ мэдэгдсэн. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон ТЕГ, хууль хяналтын байгууллагуудтай бүх талаараа хамтран ажиллах болно гэв.