m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.25 07:31
395
Роберт Кийосаки машиндаа хэдэн сар амьдарч байжээ

АНУ-ын хөрөнгө оруулагч, бизнесмен, зохиолч, илтгэгч, санхүүгийн тоймч Роберт Кийосаки “Баян аав, ядуу аав” хэмээх хүмүүсийг баян болоход нь туслах зорилготой ном бичсэнээрээ алдартай. Түүний бичсэн 15 ном дэлхий даяар 26 сая хувь борлогдож байсан юм. Ийнхүү хүмүүст туслахын зэрэгцээ өөрийн бизнесийг амжилттай авч яваа бөгөөд түүний цэвэр орлого 80 сая ам.долларт хүрчээ.

Роберт Кийосаки нь 1947 оны дөрөвдүгээр сарын 8-нд АНУ-ын Гавайи арлын Хилод төржээ. Тэрбээр АНУ-д шилжин суурьшсан Япон хүний дөрөв дахь үе бөгөөд  түүний аавыг Ральф Кийосаки (1919–1991), ээжийг нь Маржорие Кийосаки (1921–1971) гэдэг байжээ. Роберт Кийосаки 1965 онд ахлах сургуулиа төгсөөд Нью-Йорк хотын Далайн худалдааны академид элсэн орж тавцангийн ажилтнаар төгссөн байна.

Улмаар тэр АНУ-ын Тэнгисийн цэргийн корпуст ажиллаж эхэлсэн байна. 1972 онд Вьетнамын дайны үеэр Роберт Кийосаки байлдааны нисдэг тэрэгний жолооч хийж байсан ба дараа нь сайн ажилласан хэмээн агаарын тээврийн медал хүртжээ. Тэрбээр багаасаа нэгэн тэрбумтнаас эдийн засгийн зөвлөгөө авдаг байсан бөгөөд  1973 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна. Харин 1974 онд тэрбээр Тэнгисийн цэргийн корпусаас хүндэтгэлтэйгээр чөлөөлөгдөж байжээ. Ажлаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа Роберт Кийосаки "Цэргийн ажил надад сахилга бат, шударга зан, хүндлэл, эр хүн байхыг сургасан" хэмээн ярьж байсан гэнэ.

Ажлаасаа чөлөөлөгдсөний дараа 1974-1978 оны хооронд тэрбээр Xerox хэвлэгч машин зарж байжээ.  Харин 1977 онд Роберт Кийосаки нутагтаа савхин биш, нейлон материалтай түрүүвч хийдэг компани нээсэн байна. Энэ нь тухайн үедаа шуугиан дэгдээж нэг хэсэг хэрэглэгдсэн боловч зөвхөн далайд гарцтай газруудад эрэлттэй учраас удалгүй дампуурчээ. Гэхдээ 1980 оны үед тэрбээр өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгийн компанитай болсон байсан гэнэ. 1980-аад оны эхээр тэр мөн “Mötley Crüe” хамтлагын фэнүүдэд зориулсан цамц үйлдвэрлэж эхэлсэн ч 1985 онд дампуурчээ.

Үүний дараа тэрбээр гэр оронгүй болж шинэхэн эхнэр Кимтэйгээ хуучин Тоёотогийнхоо ард талд хэдэн сар амьдарсан байдаг. Тэрбээр өмнө нь Жанет хэмээх эхнэртэй байсан ч 1981 онд салсан аж. Энэ үед Роберт Кийосаки 38 настай байсан боловч тэр 48 насандаа тэтгэвэрт гарч чадсан бөгөөд тухайн үед тэрбээр “Дахин бүтэлгүйтэхгүй” гэж шийдсэн байжээ.

Хоёр дахь компани нь дампуурсан байсан 1985 оны сүүлээр тэр эхнэрийнхээ туслалцаатайгаар “Excellerated Learning Institute” хэмээх бизнесийн сургууль нээжээ. Гэхдээ нэг их амжилт олоогүй учир үүнийгээ өөр хүнд шилжүүлэн өгсөн байна. 1995 онд Роберт Кийосаки анхны “Баян болохын тулд сургуульд сурах ёсгүй юу?” хэмээх номоо бичсэнээр түүний ном бичих авьяас нээгдсэн ба энэ нь ч түүнд таалагдсан байна. Ингээд тэр 1997 онд “Баян аав ядуу аав” хэмээх номоо бичжээ. Тэрбээр энэхүү цуврал номоо бичихдээ Жейн Жонсон, Шарон Лечер хэмээх бүсгүйчүүдийн тусламжийг авсан байна. Ингээд тэр 2005 он хүртэл жил болгон нэг ном бичиж байв.  Роберт Кийосаки санхүү, сэтгэлзүйн хувьд  жинхэнэ баян болсон байсан бөгөөд тэрбээр бусад шиг хувиа бодсон биш өөрийнхөө баян болсон тухайгаа бусадтай хуваалцдаг “баян” байсан юм.

Гэвч 2011 онд “Learning Annex” хэмээх компани “Роберт Кийосакигийн ном дэлхий даяар алдаршиж, олон хувь борлогдоход бид нөлөөлсөн. Тэр бидэнд хувь өгнө гэж байсан ч хэлсэн амнаасаа буцсан” хэмээн түүнтэй 23 сая ам.долларын зарга хийж, Роберт Кийосакигийн компаниудын нэг “Rich Global LLC” бүх хөрөнгөө өгснөөр дампуурсан байна.

Роберт Кийосаки ерөнхийдөө 1994 онд өөрийн мөнгөний ажлаа бага зэрэг хойш тавьж, тэтгэвэртээ гаран 1997 оноос “Cashflow Technologies .Inc” компаниа байгуулж, хүмүүст санхүүгийн зөвлөгөө өгөн ном бичиж эхэлсэн. Гэсэн ч тэр бизнесийг орхиогүй бөгөөд одоог хүртэл хүмүүст баян болоход нь тусалж, өөрөө ч хөрөнгө оруулалт болон номнуудаасаа ашиг олж бас нэр хүндээ ч өсгөсөөр байгаа билээ.

Г.Төгөлдөр