m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.25 08:52
131
Нийтийн аж ахуйн үйлчилгээний шилдгүүд тодров

“Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний салбарын ажилчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн хэмжээнд ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлах, таниулах, урамшуулах, ур чадварыг нь дээшлүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор “Ахуйн үйлчилгээ-2014” үзэсгэлэн худалдаа, өдөрлөгийг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулж дүнгээ гаргалаа.

“Ахуйн үйлчилгээ-2014” үзэсгэлэн худалдаа, өдөрлөгийн үеэр ахуйн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн худалдаа гаргаж, монгол хувцас загварын тэмцээн, үсчний ур чадвар шалгаруулах тэмцээн, ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

“Ахуйн үйлчилгээ-2014” үзэсгэлэн худалдаа, өдөрлөгийн “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр Батноров сумын иргэн Д.Бадамцэцэгийн урласан монгол гутал, Баян-Адарга сумын иргэн Ц.Сүрмаагийн үйлдвэрлэсэн эсгий эдлэлүүд, Баянмөнх сумын Г.Мөнхбатын дархалсан мөнгөн аяга бүтээгдэхүүн шилдгээр шалгарлаа.

Мөн үсчний ур чадвар шалгаруулах тэмцээнд Хэрлэн сумын үсчин Н.Нямхүү “Чамин” загвараараа тэргүүлж, үсчин А.Долгормаа “Сондор” загвараар удаалсан бол аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн нэрэмжит шагналыг Дэлгэрхаан сумын үсчин Б.Ганзориг “Ердийн засалт”-аар тус тус шалгарч шагнуулав.

Монгол хувцасны төрөлд Баян-Овоо сумын иргэн Б.Батсайханы урласан үндэсний хувцасны загвар 1-р байр, Хэрлэн сумын иргэн Д.Насандуламын монгол үндэсний хувцас 2-р байранд тус тус шалгарчээ.