m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.25 09:08
178
Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо

Засгийн газраас мал аж ахуйн гаралтай түүхий эдийг дотооддоо нэмүү өртөг шингээн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн паркууд байгуулж, ноос, ноолуур болон арьс ширний үйлдвэрлэгчдэд техник, технологио шинэчилж эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд зориулан зээл олгож, үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангахын тулд үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс ширэнд урамшуулал олгож байгаа юм.

Энэ бодлогын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны санал болгосноор Завхан аймагт хөнгөн үйлдвэрийн цогцолбор байгуулах хүсэлт гаргасан "Шинэ Азиа групп" ХХК-д үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрвөн жилийн хугацаатай олголоо.

Тус төсөл мал аж ахуйн гаралтай түүхий эдийг стандартын дагуу чанартай боловсруулах, түүхий эдийн арилжааны урсгалыг зөв зохицуулах, нэмүү өртөг шингэсэн экспортын зориулалттай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх экологийн буюу иж бүрэн цэвэрлэх байгууламжтай үйлдвэрлэл, технологийн паркийг Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт баригдах 100 мВт-ын цахилгаан станцыг түшиглэн байгуулна.

Завхан аймаг бол баруун бүсийн таван аймгаас түүхий эдээ бэлтгэх боломжит байршилтай, түүний эргэн тойрны бүс нутагт өнгөрсөн оны байдлаар 22.4 сая толгой мал байгаа нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц хангалттай гэж үзэж байна.  Үйлдвэрлэл, технологийн паркийн бүсэд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, өндөр технологийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дараах чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

1. Арьс шир боловсруулах үйлдвэр

2. Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр

3. Ноос боловсруулах үйлдвэр

4. Мах боловсруулах үйлдвэр

5. Сүү боловсруулах үйлдвэр

6. Жимс боловсруулах үйлдвэр