m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.25 09:10
361
Бэр цэцгийг Үндэсний бахархалт цэцгээр зарлалаа

Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт "аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх" тухай тусгасны дагуу 2012 онд шонхор шувууг "Үндэсний бахархалт шувуу", 2013 онд Бурхан Халдун хайрхныг "Үндэсний бахархалт хайрхан" хэмээн зарлаж Засгийн газрын тогтоол гаргасан.

Энэ жил Үндэсний бахархалт цэцгийг зарлуулахаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас иргэд, судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулан хоёр сарын турш судалгаа явуулжээ. Алтанхундага, бэр цэцэг, шүүдэрцэцэг, вансэмбэрүү, алтангагнуур, цагаан цээнэ, говийн хялгана зэрэг есөн цэцэгнээс Бэр цэцэг хамгийн олон санал авчээ. Санал асуулгад ургамал судлаачид, багш, оюутнууд, эрдэмтэн докторууд болон цэцэг ажиглах аялал зохион байгуулдаг аялал жуулчлалын тур опеаротор, жуулчид зэрэг 1000 гаруй хүн хамрагдсан байна. Тэд Монголын бэр цэцэг эх орны бүх нутгаар тархсан, зуны гурван сарын турш цэцэгтэйгээ зусдаг, таримлаар ургуулахад арчилгаа бага шаарддаг, ургамлын өвчлөлд бараг өртдөггүй, хатуужил тэсвэртэй, цэцгийн зах зээлд гарах, хязгааргүй өсөн дэлгэрэх чадавхитай гэж үзсэн байна.

Иймд бэр цэцгийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн билэгдэл болгон "Үндэсний бахархалт цэцэг"-ээр өргөмжлөн зарлалаа. Одоогийн байдлаар үндэсний бахархалт цэцэгтэй 153 орон дунд бэр цэцгийг үндэсний цэцгээр нэрлэсэн улс байхгүй байгаа юм.

 Монголчууд эртнээс бэр цэцгийг дайн дажингүй амар амгалан байхын бэлгэ тэмдэг болгон "Тахилын цэцэг" хэмээн нэрлэж ирсэн түүхтэй. Баавар цэцэг, тосон цэцэг гэж өөрөөр бас нэрлэгддэг энэ цэцгээр эмээлийн бааврыг нэрлэсэн түүх Монгол домогт бий. Цэнхэр, нил хөх, нил ягаан өнгөтэй энэ цэцгийн гадаад төрх монгол уран дархчуудын урласан эмээлийн мөнгөн баавартай адил байдаг нь санамсаргүй явдал биш юм.

"Үндэсний бахархалт цэцэг"-ийг сонгосноор "Цэцгийн баяр" аялал жуулчлалын арга хэмжээ, цэцэг ажиглах аялал, цэцгийн үрсэлгээ, худалдааны цэцэггэй холбоотой бусад бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэнэ.