m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.28 05:15
554
Т.Тунгалаг: Хүмүүсийн хийгээгүй зүйлийг хийхийг зорьдог

“Village house” гэх өвөрмөц нэртэй энэ газар хүний ахуйн хэрэгцээнд тулгуурласан бүх л зүйлийг хийдэг. Гэхдээ зөвхөн цэвэр модоор урладаг. Өмнөө байгаль эхэд ээлтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьсан энэхүү газрын бүтээгдэхүүнд хүүхдүүд илүү дуртай байх аж. Учир нь тэд хүүхдүүдийн сонирхолд нийцсэн хүүхэлдэй, амьтдыг дээр нь чимэглэж өгдөг юм. Ингээд бид “Баялаг бүтээгч” булангийнхаа зочноор тус үйлдвэрлэлийг эрхэлдэг Т.Тунгалагийг урилаа.

-Анх модон эдлэл хийх санаа хэрхэн төрсөн бэ. Хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Ер нь анх модоор янз бүрийн зүйл хийх санаа 2-3 жилийн өмнөөс л төрсөн. Тэгээд энэ талаараа судлаад, суралцаж явсаар яг эхний бүтээгдэхүүнээ өнгөрсөн гуравдугаар сараас хийж эхэлсэн. Би өөрөө мужааны чиглэлийн мэргэжлийн хүн биш, эрх зүйч мэргэжилтэй хүн. Эмэгтэй хүн чинь эх хүн болоод ирэхээрээ хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй орчны талаар анхаарч эхэлдэг шүү дээ. Тэгээд аль болох хүүхэддээ хор болохгүй, цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зорьж эхэлдэг юм билээ. Манай улсад ДСП материалууд ихээр орж ирдэг болсон. Тэр материалаар тавилга, бүх зүйлийг хийдэг болсон. Тэр нь яадаг вэ гэхээр маш хүчтэй үнэртэй цавуугаар модны үртэсийг шахаж хавтан гаргаж авдаг. Тэр нь хүний биед хортой байдаг. Эхний 10-20 жилдээ мэдэгдэхгүй байж байгаад яваандаа хорт хавдар үүсгэх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Тэгээд ийм чиглэлээр бизнес эрхлээд судлаад яваад үзэхээр тиймэрхүү зүйлд маш дургүй болж ирдэг юм билээ. Тиймээс л өөрийн гараар хүүхдээ, гэр бүлийнхэндээ эрүүл мэндэд хор нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсээд хийж эхэлсэн.

-Бүтээгдэхүүн бүр өөр өөрийн онцлогтой. Тэгвэл танай бүтээгдэхүүний ялгарах онцлог юу вэ?

-Нэгдүгээрт, цэвэр 100 хувь модоор хийдэг. Хоёрдугаарт, манайх хүний биед ээлтэй, ямар нэгэн хор хөнөөөлгүй, экологийн бүтээгдэхүүн болох усан суурьтай будгаар модон эдлэлээ буддаг. Энэ будаг нь усаар найрагддаг, гар хөлөнд хүрлээ гэхэд усаар угаахад л арилдаг байх жишээтэй. Дээрээс нь огт үнэргүй. Бас усан суурьтай будагны гол онцлог нь гэвэл модны хүрээ, хээ хуарыг яг тэр байгаа чигээр нь гаргаж өгдөг. Гуравдугаарт, цэвэр гараар урладаг.

-Эмэгтэй хүн модоор бүтээгдэхүүн хийж байна гэхээр их өвөрмөц санагдаж байна л даа. Багаасаа иймэрхүү зүйлийг сонирхдог байсан уу?

-Тийм ээ. Багаасаа л оёх, хайчлах, урлах зүйлүүдээс илүүтэйгээр хадах, зорох, сийлэх зүйлүүдэд илүү дурлаж ирсэн.

Манайх энэ байрандаа нүүж ирээд удаагүй байгаа. Анх эхлэхэд тусгай зориулалтын байр гэж байгаагүй. Хувиараа хийж байгаа болохоор хамаг юм нь хагас дутуу байдалтай л байсан. Тиймээс ихэнхдээ үзэсгэлэн худалдаануудад оролцохдоо л бүтээгдэхүүнээ хийдэг байсан. Дараа нь facebook хуудсанд бүтээгдэхүүнээ бэлэн болгоод зургийг нь байрлуулдаг болсон. Тэрний дараа захиалга авч хийдэг болсон. Харин одоо бол дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа. Засварын ажил нь хийгдээд бараг дуусч байна.

 

-Тэгсэн ч захиалгаар хийж өгнө биз дээ?

-Тийм ээ, хийж өгнө.

-Захиалсан бүтээгдэхүүнийг хэд хоногийн дотор хийдэг вэ?

-Бүтээгдэхүүний овор хэмжээ, нарийн хийцээс шалтгаална. Бүтээгдэхүүн бүрийн хийх хугацаа өөр өөр байдаг. Хэрвээ ажиллагаа багатай мөн ажлын ачаалал бага байвал тэр чинээгээрээ хурдан бэлэн болно гэсэн үг. Одоо үед ихэнх хүмүүс экологийн, хүний биед ямар нэгэн хор хөнөөлгүй бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьдог болж. Хүүхдүүдийнхээ тоглож байгаа тоглоомыг хүртэл тийм байгаасай гэж хүсдэг болсон. Тиймээс захиалгын ихэнх нь цэцэрлэгийн байгууллагууд эсвэл эцэг эхчүүд хүүхдийн тоглоомын булан, тавиур, модон тоглоом хийж өгөхийг хүсдэг.

-Таны урладаг бүтээгдэхүүний ихэнхийг манайхан гаднаас оруулж ирдэг. Энэ нь ийм төрлийн дотоодын бүтээгдэхүүн чанаргүй, хэврэг, өнгө үзэмж муутай гэж боддогтой холбоотой байх. Тэгвэл таныг анх бизнесээ эхэлж байх үед хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Анх хийж эхэлж байхад “Хэрэггүй ээ, наадах чинь ашиг олохгүй, цаг зав, мөнгөний гарз” болно гэж хэлж л байсан. Яагаад гэвэл хүн хурдан хугацаанд бизнес эхлэхээр хурдан хугацаанд ашиг олохыг хүсдэг. Харин миний хувьд ашгаас илүүтэйгээр сонирхол нь давамгайлсан. Яг хийгээд эхэлсэн чинь дэмжих хүмүүс олон гарч ирсэн. Дээрээс нь дотооддоо үйлдвэрлэсэн цэвэр модоор хийгдсэн хүнд ямар нэгэн хор нөлөө учруулахаар химийн бодис ороогүй гэхээр маш эерэгээр хүлээж авдаг юм билээ. Монголд ийм бүтээгдэхүүнийг өөрсдийн гараар хийж байна гэдэг чинь сайшаалтай хэрэг, манайхан ийм юм хийж чадаж байна шүү дээ гээд л.

  

-Модоор ямар бүтээгдэхүүн ихэвчлэн хийдэг вэ?

-Модоор хийж болох бүхнийг л хийнэ. Жижиг гэр ахуйн тавилга, гоо сайхны тавиураас эхлээд үзэг балны сав, жижиг тоглоомуудыг ч  хийдэг. Гэхдээ том гэрийн тавилгуудыг хийхийг хүсдэггүй. Яагаад гэвэл, одоогийн байдлаар Монголд модны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг 100 гаруй байгууллага байдаг. Тэд юу хийдэг вэ гэхээр нэг бол ДСП-ээр эсвэл модоор гэр ахуйн том тавилгуудыг хийдэг. Тийм болохоор би тэднийг дагаж адилхан том тавилга хийвэл надад ашиггүй. Харин тэдний хийхгүй байгаа зүйлийг барьж авах хэрэгтэй шүү дээ. Ер нь ажиглаад үзэхэд надтай ижилхэн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс иймэрхүү төрлийн бүтээгдэхүүн хийх сонирхолгүй байдаг. Учир нь маш их ажиллагаа шаарддаг бас том тавилгууд шиг эргэлтийн явц хурдан биш байдаг.

-Одоогоор танай дэлгүүр арай ашиглалтад ороогүй байгаа юм байна. Тэгвэл дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ зарах боломжтой юу?

-Ер нь том дэлгүүрүүдээр тавьж үзсэн л дээ. Гэхдээ дэлгүүрт тавихад ашгаас авах хувь нь өндөр байдаг. Бид дотооддоо үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээс арай хямд үнээр борлуулахыг эрмэлздэг ч дэлгүүрт тавихад тодорхой хэмжээгээр ашгаасаа хувь өгөх хэрэг гардаг. Тиймээс ашиг олохын хувьд үнээ өсгөх хэрэгтэй болдог. Тэгэхээр мэдээж хүмүүсийн худалдан авалт буурдаг.

-Модон бүтээгдэхүүн эдэлгээ хэр удаан байдаг вэ?

-Мод бол хамгийн эдэлгээ удаан материалын тоонд ордог. Дээрээс нь хуучрах тусмаа илүү өнгө ордог. Миний нэг танилд өвөөгийнх нь хийсэн модон сандал байдаг. Тэр сандал нь маш олон жил болсон ч одоог хүртэл анх ямар байсан тэр хэвээрээ л байгаа. Тэгээд олон жил болсон болохоор ч тэр юм уу их дурсамж агуулсан гэж ярьдаг. Бидний өдөр тутмын хэрэглэдэг хуванцар сандал хугараад л алга болдог бол модон сандал нь 40-50 жил болсон ч байж л байдаг.

 

-Та модон эдлэлээ ганцаараа хийдэг үү?

-Үгүй ээ. Би дүүтэйгээ хамтарч хийдэг. Заримдаа их ажилтай үед 2-3-уулаа хамтардаг. Харин гаднаас оруулж ирэх будаг, дизайныг өөрөө гардаж хийдэг:

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Эндээс л авдаг. Одоо бол будагны өнгө, чанар олон янз болсон. Харин модны хувьд модны хавтан зардаг тусгай газрууд байдаг.

-Нэг үеэ бодвол манай улс дотоодын үйлдвэрлэлээ их дэмждэг болсон. Төр засгаас ч үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, туслалцаа олгодог болсон?

-Үндэсний үйлдвэрлэгч болоод бизнесээ жоохон өргөжүүлье гээд улсаас өгдөг дэмжлэг туслалцааг хүсэхээр дөнгөж бизнес эрхэлж байгаа хүмүүст тийм дэмжлэг нээх их олддоггүй юм билээ. Тэрийг хөөцөлдөж нэлээн цаг хугацаа алдсан. Угаасаа бизнес нь дөнгөж эхэлж байгаа хүмүүсийн хувьд 1-2 жилдээ хөлд орж байгаа хүүхэд шиг л байдаг. Зарим үед гаргасан зардлаа нөхөж чаддаг, заримдаа нөхөж чаддаггүй үе ч тохиолдоно. Ёстой л нөгөө урд хормойгоороо хойд хормойгоо арай ядаж нөхөж л байна. Бас манай мужааны цех өөр газар байдаг. Энэ чинь өөрөө орон сууцны доор болохоор хамаагүй дуу чимээ гаргаж болохгүй. Дээрээс нь модны үртэс их гардаг учраас хоёр өөр газар байрлах хэрэгтэй болно. Тэр чинээгээрээ түрээсний мөнгө ч их гардаг. Гэхдээ үүндээ харамсдаггүй. Учир нь Монголд ганц ч гэсэн шинэлэг зүйл хийж байгаа гэдгээрээ бахархдаг.

-Одоогоор ямар бүтээгдэхүүн хийж байна вэ?

-Саяхан Нэгдүгээр эмнэлэгт самбар, санал хүсэлтийн хайрцаг, улсын цэцэрлэгт дөрвөн ширхэг номын тавиур, шүүгээ хийж өгсөн.  

 

-Танай модон эдлэлүүдийг харахаар хүүхдүүдийн дуртай чимэглэлүүдийг их оруулж өгсөн байна. Дизайныг нь хэрхэн гаргадаг вэ?

-Дизайны хувьд нээх чамин хийц гэх юм байхгүй. Аливаа нэг тавилга, модон эдлэлийг хийхэд тодорхой стандарт гэж байдаг. Тэр стандартын дагуу л хийгээд дээр нь хүн хараад баясаад инээхээр тиймэрхүү жижигхэн чимэглэлүүдийг оруулж өгдөг.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Бидний хийж байгаа гэр ахуйн барааг 100 хувь гаднаас оруулж ирдэг. Харин би тэрний талыг ч болтугай хангах зорилготой л байна. Ер нь манай улс сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болсон байна лээ. Гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүд хямд зардлаар үзэмжтэй чамин хийсэн байдаг ч дотоодынхоо бүтээгдэхүүнийг авах сонирхол ихтэй болсон байна. Жишээлбэл, манай нэг хайрцаг арай үнэтэй харин гаднаас оруулж ирсэн хайрцаг чамин үзэмжтэй хэрнээ арай хямд байвал Монголынхоо бүтээгдэхүүнийг авч байсан тохиолдол бий.

Учир нь урдаас хямдаар оруулж ирсэн бүтээгдэхүүний хувьд хатуу гадаргатай газар ганц унагаахад л хагарахгүй юмаа гэхэд наад зах нь цуурсан байдаг. Тэгээд дахиж хэрэглэгдэх боломжгүй болдог гэдгийг хүмүүс мэддэг болсон байна лээ.

 

 

 

 

https://www.facebook.com/woodenvillagehouse