m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.30 05:48
141
Ж.Энхжаргал: Хордлогод орсон ажилчдыг маргааш эмнэлгээс гаргана

Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн зургаан ажилчин хордож эмнэлэгт хүргэгдсэнээс  хоёрынх нь бие муу байгаа гэсэн мэдээлэл  хэвлэлээр гарсан билээ. Тэдгээр ажилчид Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдний биеийн байдал ямар байгаа талаар тус төвийн орлогч захирал Э.Энхжаргалаас тодрууллаа.

-Танайд өвчтнүүд хэзээ ирсэн бэ. Биеийн байдал ямар ирсэн байсан бэ?

-Манайд уржигдар өдөр зургаан өвчтөн хордлогод орсон байдалтай өөрсдөө ирсэн.  Тухайн үед хүмүүсийн биеийн байдал дунд зэрэг байсан. Ерөнхийдөө цусны эргэлт болон бусад эрхтэн системийн үйл ажиллагаа хэвийн бус байсан.

-Ямар төрлийн эмчилгээ хийж байгаа вэ? 

-Хордлого тайлах, даралтат хүчилтөрөгч эмчилгээг хийж байна. Гол эмчилгээ нь даралтат хүчилтөрөгч эмчилгээ хийгдээд явж байна. 

-Ажилчдын биеийн байдал одоо ямар байгаа вэ?

- Эмчилгээнд орсноор өвчтнүүдийн биеийн байдал сайжирсан учраас маргааш гаргах төлөвлөгөөтэй байгаа. 

-Хордолтын зэрэг нь ямар байсан бэ?

-Дунд зэргийн хордолтын шинжтэй байсан. 

-Хордлого нь юунаас болсон бэ?

-Энэ хүмүүс  усаа хааж байгаад худган доторхи лагаа  цэвэрлэдэг юм байна. Тэгтэл дутуу хааснаас болсон уу ус нь  тодорхой хэмжээгээр шүүрээд байсан гэсэн. Ялгадсаас олон төрлийн хортой хий ялгардаг.  Тэгээд худаг дотор байсан хүмүүс угаартан ухаан алдсан юм билээ. Нөгөөх нь  нэгнийгээ аврах гэж ороод бас ухаан алдаж унасан. Цэвэрлэх байгууламжийн ажилчид ер нь  л хортой нөхцөлд ажилладаг. Тиймээс ажлын орчин, стандарт  шаардлагыг хангах нь хүний эрүүл мэндэд тустай.

Юутай ч лаг цэвэрлэж байсан хүмүүсийн бие сайжирсан аж. Харин энэ мэт асуудал дахин гарахгүй гэх баталгаа алга. Иймд тухайн байгууллага, хүмүүс анхаарч, болгоомжтой байх хэрэгтэйг энэ үйл яьдал харууллаа.