m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.30 06:50
155
Б.Билэгт эргэн ирвэл...

 

Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч хийж ажлынхаа гарааг эхэлсэн Б.Билэгт Монголын цагдааг удирдаад удалгүй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Засгийн хуралдаанаар ийн шийдсэнийг Б.Билэгт генерал эсэргүүцэн шүүхэд хандсаныг бүгд мэдэж буй. Гурван хоногийн өмнө Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхээр Б.Билэгтийн гомдлыг хэлэлцэх байсан ч хойшиллоо. Учир нь Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаагүй болохоор  15 хоногоор хойшилсон юм.

Шүүх иргэний гомдлыг хэлэлцээд нэг шийдвэр гаргана. Энэ нэг хэрэг. Харин Б.Билэгт цагдаад эргэн ирж, удирдвал юу болох бол гэсэн таамаг аль эрт нисээд эхэлжээ.

Баярлаж байна, дэмжиж байна

Б.Билэгтийг эргээд ирэх магадлалтай байна гэх мэдээллийг сонссон нэг хэсэг нь ийн алга ташиж, хэзээ шийдвэр гарахыг тэсэн ядан хүлээн суугаа сурагтай. Тэд мэдээж Б.Билэгтийг дарга болсноос хойш албан тушаалд томилогдон зэрэг дэв дээшилсэн хүмүүс. Шийдвэр гараасай хэмээн зальбирч, суудал ахихыг зүүдэндээ мөрөөдөн суугаа хүмүүс цөөнгүй байна. Харж ханддаг дарга нь чөлөөлөгдсөнөөс хойш ад шоо үзэгдэн, хэргэм дэв буурах магадлалтай болохоор ийн хүлээн, зальбирч суугаа биз. Харин нөгөө хэсэг нь одоогийн дарга буюу С.Баатаржавын хүмүүс.

Б.Билэгт, С.Баатаржав нарын хооронд элдэв маргаан, үл ойлголцол байгаагүй гэх. Харин Б.Билэгтийг үүрэгт ажлаас чөлөөлсөн даруй С.Баатаржавыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин даргаар сонгосон нь тэдний дунд яс хаясан үйлдэл болсон. Нийслэлийн цагдаагийн газрын дарга байхад нь ЦЕГ-ын дэд даргаар сонгон томилсон Б.Билэгтийн удирдлагад тэр ажиллах үүрэг ирснийг ёсчилон биелүүлсэн. Сайдын шийдвэрийг эсэргүүцэх хүн үгүй тул тэр бас л хүлээн авсан юм. Ингэснээрээ тэр сайд Х.Тэмүүжингийн хүн гэх нэр зүүх болсон. Үнэндээ дээдсийн шийдвэрийг С.Баатаржав яах ч билээ. Харин цагдаагийн байгууллага намчирхан, талцаж буй нь байж боломгүй хэрэг юм. Үүнийг эсэргүүцсэн олон мянган энгийн ажилтан дотроо ярьж, буруу замаар будаа тээж байна гэж хэлцээд ч дээшээ тэнгэр хол гэдэгтэй адил болоод өнгөрч байна.

Ингэснээрээ тэр сайд Х.Тэмүүжингийн хүн гэх нэр зүүх болсон. Үнэндээ дээдсийн шийдвэрийг С.Баатаржав яах ч билээ.

Цагдаагийн байгууллагын үүрэг, зорилго, хэний төлөө хэрхэн ажиллах нь тов тодорхой. Гэтэл дөрвөн жилээр солигдох Засгийн газрын тэргүүний тааллаар байнга солигдох цагдаагийн дарга нар хэний төлөө, хэрхэн ажиллаж буй нь бүхний нүдэнд ил байна. Гаж тогтолцоо, зүй зохисгүй томилгоог яаж шийдэх ёстой юм бэ. Шийдвэр гаргагчид, туршлага судлах нэрээр харийн орныг татвар төлөгчдийн мөнгөөр зоригсод ухаанаа нэг уралдуулах цаг болжээ. Ингэхэд хуулийн засаглалтай, улстөр, төрийн ажил нь тогтвортой гүрнүүд хууль эрх зүйн салбар, цагдаа, тагнуул, прокурорын удирдлагаа ямар хугацаанд хэрхэн сонгодог юм бол.

Б.Билэгт халуунд халж, хүйтэнд хөрж, ардчиллын төлөө хийсэн ажилтай, хэлэх үгтэй ч цагдааг удирдах ёс зүйгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал харуулсан. Өөрийнх нь  баруун гар болж байсан хурандаа нар нь сайдыгаа тагнаж, элдэв хэрэгт унагах хуйвалдаан зохиож байхад тэр мэдээгүй  гэж үү.

Салбарын сайд нь хууль бус зүйл хийвэл тэд илчлэх үүрэгтэй. Харин гүжирдэж, сэм тагнаж болохгүй гэдгийг Б.Билэгт хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх нэгэн. Сайдыгаа гэмт хэрэгт гүтгэн, шантаазалж чадаж буй хүн энгийн иргэдэд хэрхэн хандаж,  хуулийг яаж гууль болгох нь ойлгомжтой. Ноцтой баримтууд олон байгааг албаны эх сурвалж хэлсэн. Засгийн газар огцорвол Б.Билэгт ЦЕГ-ын дарга бус сайд болно гэх яриа ниссээр л байна. Завхарсан төр, задарсан эрх мэдпэлтнүүдээс залхаж гүйцлээ. Эрх мэдэлгүйгээр энгийн сайхан амьдарч болдгийг тэд мэддэг болов уу.

 

Б.Билэгт халуунд халж, хүйтэнд хөрөн, ардчиллын төлөө хийсэн ажилтай, хэлэх үгтэй ч цагдааг удирдах ёс зүйгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал харуулсан.