m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 02:10
52
Буркина-Фасо улсад онц байдал тогтоолоо

Баруун Африкийн Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотод энэ долоо хоногийн мягмар гаригаас эхлэн эмх замбараагүй байдал үүсээд байна. Аравдугаар сарын 28-нд олон зуун уагадугучууд хотын гудамжинд гарч эсэргүүцлийн жагсал өрнүүлж эхэлжээ. Тэдний жагсах болсон шалтгаан нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх хугацааг сунгасантай холбоотой юм. Ерөнхийлөгч Блэза Компаоре нь 1987 оны цэргийн эргэлтийн үеэр төрийн тэргүүнээр сонгогдож өнөөдрийг хүртэл тус улсыг удирдсаар байгаа юм.

Түүнийг эсэргүүцсэн ард иргэд бухимдлаа барьж дийлэлгүй эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, Засгийн газрын ордон болоод үндэсний телевизийн байрыг эзлэн авсан байна. Тэд Засгийн газрын ордныг шатааж телевизийн нэвтрүүлгийг тасалдуулсан гэнэ.   

Тус үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Блэз Компаоре Засгийн газрыг татан буулгаж улсад онц байдал зарлаад байгаа юм. Тэрбээр жагсагчдад хандан “Би шинэчлэлийг бий болгохын тулд Засгийн газрыг татан буулгалаа. Би улс төрийн хэлэлцээр хийж өнөөгийн үйл явдлыг таслан зогсоохыг уриалж байна. Өнөөдрөөс эхлэн бүх хүмүүстэй хэлэлцээрийн ширээний ард сууж ярилцахад би бэлэн байна” хэмээн Блэз Компаоре “Omega FM” радиогоор дамжуулж хэлжээ.  

Энэ үеэр Франц улсад байрлах тус улсын Элчин сайдын яамны урьд Ерөнхийлөгч Блэза Компаорег огцрохыг уриалан тайван жагсаал өрнөлүүлжээ. 

Харин өнөөдөр Буркина-Фасо улсын зэвсэгт хүчний дарга генерал Оноре Траоре шилжилтийн Засгийн газар байгуулснаа хэвлэлийн бага хурлын үеэр зарлаад байна. Тэрбээр Үндэсний Их хурлыг татан буулгаж шилжилтийн Засгийн газрыг жилийн хугацаатайгаар байгуулснаа хэлээд улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан 19:00-6:00 цагийн хооронд хөл хорионы цаг оруулснаа хэлэв.