m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 02:37
414
М.Болдбаатар: Ямар ч хоолыг сэтгэлээрээ хийвэл гоё болдог

Булган аймгийн Сайхан сумын харъяат Мягмаржавын Болдбаатар хэмээх энэ эрхэмийг бид “Массын зочин” буландаа урин уулзаж ярилцлаа. Тэрбээр дүүгүүрдэх мэхээрээ алдаршсан улсын начин цолтой бөх. Гэхдээ бид энэ удаа бөхийн тухай ярилцсангүй. Харин түүний үндсэн ажил болох тогоочийн мэргэжил, хоол хийх урлагийн талаар хөөрөлдсөн юм. Тогоочоор ажиллаад 40 гаруй жилийг үдсэн Болдбаатар ах төр засгийн дарга нарын хоолыг хийх нэр хүндтэй хэрнээ хариуцлага өндөртэй албыг хашдаг юм.

-Таныг “Дүүгүүр” мэхээрээ алдаршсан улсын начин цолтой бөх гэдгийг хүмүүс мэднэ. Үүнээс гадна тогоочийн ажлыг хийгээд олон жил болжээ. Анх тогооч болсон түүхээ бидэнд сонирхуулна уу?

-Угаасаа миний мэргэжил л дээ. Би аравдугаар ангиа төгсөөд л тогооч болсон юм. Одоо 41 дэх жилдээ ажиллаж байна. Анх конкурст унаад сургуульгүй явж байтал манай ах намайг санхүүгийн сургуульд ор гэлээ. Би угаасаа тоонд дургүй болохоор зөвшөөрөөгүй. Тэгээд нэг хэсэг грушик хийж байгаад ТМС-ийн тогоочийн ангид орсон доо.

-Одоо бол та Их тэнгэрт төрийн томчуудын хоолыг хийдэг мастер тогооч. Гэхдээ шууд мастер тогооч болоогүй нь тодорхой. Өнгөрсөн хугацаанд ямар ямар газар ажиллаж байв?

-Бид нар энд тэнд дадлага их хийдэг байв. Багш нар ч сайн байсан даа. Эхний дадлагаа “Идэр” ресторанд хийлээ. Тэр үедээ л их том ресторан байж. Тэнд дадлага хийж, мундаг тогооч нартай ажиллаад мэргэжлийнхээ сайхныг мэдэрч, хоол хийх дуртай болсон доо.

Дараа нь ДСНК нээгдэхэд тогоочоор очсон. Тэнд орос тогоочтой хамт ажиллахдаа их юм сурсан. ДСНК-д хэсэг ажиллаж байгаад цэрэг явсан. Найзтайгаа ярьж байгаад л гэнэт явчихсан юм. Цэрэгт очоод бас тогоочоо хийнэ.

-Их тэнгэрт хэзээ очив?

-Би цэргээс халагдаж ирээд төрийн ордны гуанзанд очсон юм.

-Ордны цайны газар ажиллахад ямар нэг шалгууртай юу?

-Арай гайгүй гэсэн хэдийг нь л авдаг байсан байх. 1974 онд ажил мэргэжлийн уралдаан болоход би хүрэл медаль авсан юм. Тэндээс л бусдад анзаарагдсан юм байлгүй.

-Одоо бол хоолны төрөл зүйл замбараагүй их болсон. Харин таныг тогоочоор ажиллаж эхэлсэн дал, наяад онд ямар хоол голчлон хийдэг байв?

-Тэр үед манай монголчууд загас, гахайн мах, байцаа иддэггүй л байсан шүү дээ. Намайг тогооч болсны дараахан орос тогооч ирж, байцаа давслахыг зааж билээ. Ер нь хоолны урлаг далаад оноос л хөгжиж эхэлсэн юм шиг байгаа юм. Яг тэр үед нь бид нар төгсч таарсан л даа. Хот чинь Улаанбаатар, Баянгол гээд хоёр том зочид буудалтай. Тэгээд район болгонд нэг ресторантай. Хотын төвд бол “Хоршоолол”, “Солонго” ресторан их сайн хоолтой. Ер нь арваадхан ресторан байсан даа.

-Наадмаар бөхчүүд галд гарахад залуу бөхчүүд ихэвчлэн гал тогоо барьж таардаг. Харин таныг гоё хоол хийдэг болохоор аварга, арслангууд таниар хийлгэх гээд байдаг уу?

-Би хожуу барилдаж эхэлсэн хүн. Хүүхэд байхдаа Пионерийн дугуйланд Гомбо багшийн секцэнд явж байгаад нэг хэсэг орхичихсон юм. Харин 1983 оноос тууштай барилдаж эхэлсэн. Мэргэжлийн ажил юм болохоор галд гарах үедээ хоол хийлгүй яахав. Гэхдээ манай бөхчүүд өөрсдөө мундаг хоол хийдэг. Хоолны тал дээр мэдрэмж сайтай шүү. “Баавгай” Сүхбат, Ж.Ганболд заан, Д.Азжаргал арслан, Говь-Алтайн Энхжаргал начин гээд хоол сайхан хийдэг бөхчүүд олон байна.

-Хоолыг амттай болгох нийтлэг зарчим гэж байна уу?

-Ерөөсөө л технологи. Хоол хийнэ гэдэг бэлтгэхээс эхлээд нарийн шүү дээ. Олон жил хийгээд ирэхээр орцыг нь хүртэл андахгүй мэддэг болно.

-Төрийн өндөрлөгүүдийн хоолыг хийдэг тогооч бусад мэргэжил нэгтнүүдээсээ юугаар ялгаатай байдаг бол?

-Бид нар улсын нүүр царай болж харагдана. Гадны зочин төлөөлөгчийн хоолыг бэлддэг учраас маш их хариуцлагатай байхгүй бол болохгүй.

-Өөр орны төрийн удирдлагууд айлчлах үед манайхан ихэвчлэн ямар хоол бэлддэг юм бэ?

-Үндэснийхээ онцлогийг харуулсан хоол л хийнэ.

-Сая хоёр хөрш орны төрийн тэргүүн айлчиллаа. Манайхан ямар хоолоор дайлав?

-Хонины боодог хийсэн. Бас үндэснийхээ өөр хоолоор дайлсан.

-Боодог чинь хурц шүү дээ. Гадаадынхан идэж чадах юм уу?

-Хятадууд иддэг юм билээ. Хонины боодог гоё зөөлхөн болохоор дуртай идэж байна лээ.

-1979 оноос хойш олон л дарга нарын хоолыг хийсэн байх. Үе үеийн дарга нар ямар хоол идэх дуртай байсныг сонирхуулаач?

-Би хувь зохиолоор нэлээн хэдэн даргатай ажиллачихлаа. Ер нь ихэнх дарга нар монгол хоолондоо дуртай байдаг. Идэх хоолоо өөрсдөө сайн хийдэг хүмүүс ч бий. М.Энхсайхан дарга гэхэд ширээ их гоё засдаг. Н.Энхбаяр дарга пловыг гайхалтай хийдэг хүн шүү дээ. Бас П.Очирбат, П.Жасрай гуай, Р.Гончигдорж дарга гээд хоолны өндөр мэдрэмжтэй хүмүүс олон байна. Би Энхболд, Н.Алтанхуяг дарга нараас бусдынх нь гэрт ажиллаж үзсэн. Манай дарга нар ерөнхийдөө махан хоолонд дуртай. Монгол малын мах угаасаа шал өөр амттай. Тэр сайхан байгалийн амттай маханд элдвийн амтлагч хийх ч шаардлага байдаггүй. Ер нь би хоолонд янз бүрийн амтлагч хийх дургүй. Багш нар ч тэгж заасан юм.

-Өөрөө зохиосон хоол байдаг уу?

-Яг цоо шинэ хоол зохионо гэдэг хэцүү шүү дээ. Яахав, жорыг нь өөрчлөөд хийж болно л доо. Ер нь бид монгол махныхаа дайвар бүтээгдэхүүнийг ашиглаж хоол хийвэл гоё болох гээд байгаа юм. Жишээ нь үхрийн бөөрийг сүүлтэй хамт нурууны маханд хийгээд зүсч тавихаар гоё харагддаг.

-Анх төрийн ордонд ирж, дарга нарын хоолыг хийхэд факталж, загнуулах тохиолдол гарч байсан уу?

-Зөндөө байлгүй яахав. Манайх их эрт онгойдог байсан юм. Харин би залуу байсан болохоор заримдаа хоцорч загнуулна. Үүрэг хариуцлага өндөр болохоор алдаа огт гаргаж болохгүй. Алдвал түүн дээрээ суралцаад явдаг байсан л даа. Бас давсыг нь ихдүүлэх зэрэг асуудал гаргаж л байсан.

-Төрийн томчуудын хоол хийх материалыг хаанаас авдаг юм бэ?

-Ихэвчлэн зах дээрээс авна. Гэхдээ эрүүл ахуйн эмч нар ажиллаж, хяналт тавьдаг юм.

-Дарга нар хөдөө рүү томилолтоор явахад тогооч нар дагаад явах уу?

-Дээхнэ үед бол их явдаг байсан. Одоо бол хаана ч очсон гайгүй хоолтой болохоор дагаж явах нь багассан. Би анх 1981 онд Ю.Цэдэнбал даргын том хүү Славатай хамт хөдөө явж байсан. Ер нь хүнд хоол хийж өгчихөөд “Баярлалаа” гэдэг үг сонсох хамгийн гоё шүү дээ. Ямар ч шагналаас илүү. “Сайхан хоол болжээ” гэж сонсох хүртэл дотроо түгшүүртэй байдаг.  

-Та хэр олон шавьтай хүн бэ?

-Нэлээн олон бий. Шавь нараас мастер тогооч болсон хүн 10 гаруй бий. Харин зааж, зөвлөөд явснаа тоолно гэвэл барагдахгүй биз. Одоо бас тав, зургаан хүүхэд бэлдэж байгаа. Гэхдээ одооны хүүхдүүд хоёр жил ажиллачихаад өөр газар руу явчихаад байна. Бусад том ресторанууд өндөр цалин амлахаар аргагүй биз дээ.

-Танд энд тэндээс өндөр үнэтэй санал ирж байсан уу?

-Ирж байсан. Гэхдээ миний бүх л залуу нас энд өнгөрсөн болохоор явья гэж боддоггүй юм.

-Хийхэд хамгийн хэцүү хоол юу вэ?

-Хорхог, боодог зэрэг битүү хоол хэцүү дээ. Битүү болохоор болж байгаа эсэх нь сайн мэдэгдэхгүй. Олон дахин хийж байж гарт орно. Ер нь тогооч хүн байнга суралцаж байх ёстой. Тогооч хүн хэзээ ч төгс болно гэж байдаггүй. Амьдралынхаа турш суралцсаар байдаг юм.

-Ямар хоол хийх дуртай вэ?

-Паста хийх дуртай даа. Бас загасаар хоол хийх сайхан. Манай монгол загас гоё амттай шүү дээ. Бас манай найзууд надаар цуйван хийлгэж идэх дуртай. Ер нь ямар ч хоолыг сэтгэлээрээ хийвэл гоё болдог юм.

-Гэрийнхээ хоолыг та өөрөө л хийх үү?

-Гэртээ хоол хийх нь цөөхөн дөө. Хүүхдүүд том болчихсон болохоор намайг бараг хүргэхгүй. Би юмыг нь бэлдэж л өгдөг үүрэгтэй.  

-Хүмүүс таныг улсын начин, тогооч хоёрын алинаар нь илүү мэдэх юм бэ?

-Тогоочоор нь л илүү мэддэг юм. Олон жил ажиллачихлаа даа.

-Ярилцсанд баярлалаа.