m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 02:51
70
Их ажлын шавыг тавьж, улс төрийн харилцааг шинэ түвшинд гаргасан айлчлал

Дэлхийн их гүрэн хоёр хөршийнхөө 400 тэрбум ам.долларын, 30 жилийн гэрээнд Монгол Улс оролцох сонирхол байсан. Харин ОХУ, БНХАУ-ын шийдвэр өөр хувилбараар гарсан юм. Хятад улсын нутаг дэвсгэр дээрх газрын тос болон хий дамжуулах бүх үйл явцыг харж, хянаж байдаг CNPC корпорацийн газрын тос болон байгалийн хий дамжуулах хоолойн удирдлагын төвтэй танилцаж байхдаа УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Газпром, БНХАУ-ын СNPC корпорациудын Уренгоегийн ордоос татаж байгаа “Алтай” хийн хоолойн асуудлыг хөндсөн.

Тус төвийн танилцуулгын үеэр CNPC корпорацийн удирдлагууд баруун  Сибирээс Хятадын баруун хойд хэсэг хүртэл үргэлжлэх 2600 километр урт хийн хоолой барих "Алтай" төсөл яриа хэлэлцээрийн шатанд явж байгаа, удахгүй дахин хэлэлцээрийн ширээний ард сууна хэмээн ярьсан. Танилцуулгын дундуур УИХ-ын дарга “Баруун хэсгийн хоолойг татах гурван хувилбар байгаа. Оросын талын санал болгож байгаа Алтай нурууны 4000 метрийн өндрөөр явуулах, нөгөө нь Казахстан, Монголоор явуулах юм. Монголоор дайруулан тавьсан тохиолдолд хоёр уулын дундуур явуулж, Бээжинд илүү ойрхон татах боломжтой. Бид CNPC корпорацид эдгээр гурван хувилбараас хамгийн ашигтай нөхцөлийг санал болгож байгаа манай хувилбарыг сонгооч гэдэг хүсэлт тавьж байна” гэсэн. Хариуд нь CNPC корпорацийн удирдлагууд энэ асуудлыг хоёр улс харилцан ярилцаж байгаа учраас манай тал дангаар шийдэхгүй. Одоогоор гурван тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээр явагдсан байгаа учраас шийдвэр өөрчлөх боломж бараг л байхгүй болов уу. Гэхдээ та бүхэн бидэнд тавьсан хүсэлтээ ОХУ-тай Засгийн газар хоорондын шугамаар тавьж болох юм. Оросын талтай тохирч чадвал бид энэ асуудлыг эргэн авч үзэж болох юм гэдэг хариуг өгсөн.

Оросын талтай тохирч чадвал "Алтай" хийн хоолойг Монголын нутгаар тавих Хятадын тал дахин авч үзэж болох юм

УИХ-ын дарга З.Энхболд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар энэ долоо хоногийн эхээр БНХАУ-д хоёр өдрийн албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхаж, өнгөрсөн наймдугаар сард болсон төрийн айлчлалын үеэр яригдсан гэрээ хэлцэлүүдийг үргэлжлүүлэн ярих, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах, мөн манай улсын маш их сонирхож байгаа ОХУ-БНХАУ-ын хийн хоолойн асуудлыг хариуцан гүйцэтгэж байгаа CNPC корпорацид зочилж, үйл ажиллагаатай нь танилцах, Улаанбаатарын утааны асуудлыг хурдан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хэлцэл хийхээр “Синопек” корпорацийн удирдлагуудтай хэлцэл хийж, гэрээ байгуулах, Монгол Улс БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан хүлээн авалтад оролцох гээд богино хугацаанд ихийг амжуулах төлөвлөгөөтэй Бээжинд буусан.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Сумьяабазар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид багтсан.

Энэ удаагийн албан ёсны айлчлалын чухал уулзалт бол УИХ-ын дарга З.Энхболдын БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхсан явдал юм. Хятад улсын төрийн тэргүүнтэй уулзахдаа УИХ-ын дарга найрсаг дотноор хүлээн авсанд талархсанаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилсан. Албан ёсны дипломат ярианы үеэр УИХ-ын дарга З.Энхболд Монголд боловсруулсан нүүрс, гангийн бүтээгдэхүүнийг Хятадын тал гаалийн татвараас чөлөөлж өгнө үү гэдэг хүсэлт уламжилсан. Энэ асуудлын дагуу хоёр орны Засгийн газрууд, холбогдох байгууллагууд харилцан уулзуулж, нааштайгаар шийдвэрлэх боломжийг эрэлхийлнэ гэдэг хариулт авсан юм.

Хятадын тал Монголд боловсруулсан нүүрс, гангийн бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх  ... 

Түүнчлэн Монголын тал тус улсын “Синопек” корпорацитай синтетик газ экспортлох урт хугацааны гэрээ байгуулах, Монгол Улсын нүүрсний томоохон ордуудыг түшиглэн цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ Хятадад экспортлох, Монголд ашиглаж буй ДЦС-ыг өргөтгөх чиглэлээр Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгыг Монголын талаас дэвшүүлж буй “Талын зам” төсөл болон Оросын талын саналтай нийцүүлэн нэгтгэх асуудлаар зарчмын тохиролцоонд хүрснээр уулзалт амжилттай өндөрлөсөн.

Энэ удаагийн айлчлалын гол ажил бол хоёр улсын парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргах УИХ болон БХАТИХ Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм. Хоёр орны харилцаа олон салбарт хөгжиж байгаа бөгөөд энэ санамж бичгийг байгуулснаар улс төрийн харилцаа шат ахих болно гэдгийг талууд онцолж байлаа.

Газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч, нийлүүлэгч дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулдаг CNPC корпорацийн газрын тос болон байгалийн хий дамжуулах хоолойн удирдлагын төвтэй танилцах үеэр “Алтай” хоолойг Монголын нутгаар явуулах хүсэлтээ хэлж, Оросын талтай тохиролцож чадвал CNPC гурван тэрбумын өртөгөөр хийгдээд явж буй гэрээгээ өөрчлөх тал дээр бодож үзнэ гэдэг хариулт авсан. Үүний дараа одоо бид уг асуудлыг дахин ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн түвшинд ярилцаж, үлдсэн найдвараа ажил болгож чадвал хоёр гүрний 400 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээнд оролцох боломж бий бололтой.

Үлдсэн найдвараа ажил болгож чадвал хоёр гүрний 400 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээнд оролцох боломж бий 

CNPC нь 2005 оноос  Монгол Улстай газрын тосны салбарт хамтран ажиллаж эхэлсэн. Петро Чайна Дачин Тамсаг төсөл нь тус корпорацийн хувьд анх удаа гадаад улсад бие даан хэрэгжүүлж байгаа төсөл болохыг удирдлагууд нь дуулгаад, хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай ажиллах сонирхолтой байгааг танилцуулсан. Түүнчлэн Монгол Улсын газрын тосны салбарын боловсон хүчнийг бэлтгэх ажилд тодорхой хувь нэмэр оруулах төлөвлөгөөтэй байгаа юм билээ.

Айлчлалын хөтөлбөрийн дагуу зочилсон газар бол Хятадын газрын тос, химийн корпораци буюу “Синопек” корпораци байсан юм. Энэ уулзалтад УИХ-ын дарга ихээхэн ач холбогдол өгч байлаа. Тэрбээр хоёр улс нүүрс хийжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг танилцуусан юм. Бээжин, Улаанбаатар аль алинд нь аюулын харанга дэлдээд байгаа утааны асуудлыг энэ төрлийн төслөөр шийдэх боломжийн талаар харилцан ярилцаж, хамтран ажиллах боломжийн талаар яриа өрнүүлэв. Монгол Улсад байгаа нүүрсний орд газруудад түшиглэн Хятадын талаас технологио оруулж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм бол аль аль талдаа ашигтай байх аж. 16 тэрбум куб метр хий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалт таван жилийн хугацаа шаардах аж. Харин Улаанбаатар хот дахин таван жил утаатайгаа байх аргагүй учраас эхний ээлжинд нийслэл хотын хэрэгцээг хангахуйц хүчин чадал бүхий /0.5 тэрбум куб метр/ жижиг үйлдвэр байгуулах санал гаргасан. Түүнчлэн “Синопек” корпорацийн удирдлагуудад “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа бус, харин иргэдийн эрүүл мэндийн төлөө төр засгийн зүгээс нэн яаралтай хийж хэрэгжүүлбэл зохих ажил юм” гэдгийг УИХ-ын дарга онцолж байсан.

Нийслэл хотын хэрэгцээг хангахуйц нүүрс хийжүүлэх үйлдвэрийг хоёр жилийн дотор барих боломж бий

“Синопек” корпораци энэ төслийг сонирхож байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын холбогдох байгууллагуудтай бүх түвшинд хамтран ажиллахад бэлэн байгаа дуулгасан юм. Мөн уг асуудалтай холбогдолтой судалгаа, мэдээллийг Монголын талаас ирүүлэх шаардлагатай бөгөөд түүн дээр үндэслэн төлөвлөгөө хийж, төслөө ярилцах боломжтой гэсэн юм. Тэгэхээр УИХ-ын даргын энэ удаагийн айлчлалаар хийгдсэн  Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлсэн яриа хэлэлцээрийн дүн Монголын талаас ихээхэн хамааралтай болох гэнэ. Судалгаа, мэдээллийг богино хугацаанд дэлгэрэнгүй, тодорхой хийж өгвөл шат, шатны гэрээ хэлцлүүд хийгдэснээр хоёр жилийн дараа улаанбаатарчууд утааны асуудлаа шийдэх боломжтой юм байна гэдгийг энэ уулзалтын үеэр болсон яриа хэлэлцээрүүд баталсан.

УИХ-ын даргын энэ удаагийн албан айлчлал Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн үеэр болж буйгаараа онцлогтой. Айлчлалын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон. Хүндэтгэлийн арга хэмжээний индрээс хоёр улс олон улсын эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүлээн зөвшөөрч, шинэ зарчмаар, шинэ хэлбэрээр харилцаж эхэлсэн 65 жил өнгөрсөн гэдгийг онцолсон. Түүнчлэн төмөр замын хамтын ажиллагаа, транзит тээврийн чиглэлээр БНХАУ-тай байгуулсан гэрээ хэлэлцээрүүд нь харьцангуй их хэмжээний Монголын бараа бүтээгдэхүүнийг Хятадын олон боомтоор хөнгөлөлттэй тарифаар тээвэрлэх боломжийг олгож байгааг тэмдэглэсэн. Энэ мэт Монгол Улстай хамтран ажиллах таатай боломж байгааг тэмдэглээд, БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриалсан юм. 

Монгол Улстай хамтран ажиллах таатай боломж байгааг тэмдэглээд, БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриалсан юм

Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболдын БНХАУ-д хийсэн хоёр өдрийн албан ёсны айлчлалаар хоёр орны хууль тогтоох дээд байгууллага болон хууль тогтоогчид байнгын хамтын ажиллагааг бэхжүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан төдийгүй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх олон асуудлыг хөндсөн яриа хэлцлүүд өрнөсөн. Одоо энэ айлчлалаар ярилцан, тохирсон асуудлуудыг үйл хэрэг болгох их ажил үлдлээ.