m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 02:52
97
Айдас

Ганц бие байхдаа өөрийгөө гоёж, үнэтэй байсан ч хамаагүй өөртөө л элдэв зүйл цуглуулдаг байж билээ. Одоо бол өөр. Гурван хүүхдээ бүхний түрүүнд бодож, тэдэндээ л байдаг бүхнээ зориулна. Өөрт гарцаагүй хэрэгтэй зүйл байлаа ч хүүхдүүддээ эхэлж аваад өөрийгөө хойш тавина. Авах боломжгүй болсон ч харамсалгүй харин хүүхдүүдийнхээ баярласан сэтгэлийн үгэнд умбан жаргана. Эх хүн бүхэн адилхан, бүгд л өөрийгөө бус үрээ л хайрлан энхрийлж, тэднийхээ сайн сайхныг харан баясана.Эх, үрийн нандин холбоог өгүүлсэн хэрнээ гарчиг нь ийм байх гэж уншигч та бүү зэмлээрэй. Айдас дагуулсан мэдээ, айдас дагуулсан үйлдэл ар араасаа хөвөрч буй болохоор ийн гарчиглахаас өөр арга байсангүй. Зөвхөн миний, таны хүүхэд бус Монголын ирээдүй болсон хүүхдүүд хэн болох талаар ээж, аав хэмээх эрхэм алдрын эзэн болсон бид бодох цаг болсон бус бүр хэдэн жилийн өмнө өнгөрчихөж.

Хар мэдээ хөвөрсөөр. Дунд сургуулийн сурагч охин дурлалын захиа бичиж үлдээгээд өндрөөс уначихлаа. 12 настай хүү гаднын нөлөөгүй боомилсон байдалтай нас барсан. Хайр дурлалд үнэнчээ харуулах гэсэн хоёр хос өндрөөс үсрээд амиа егүүтгэлээ. Долдугаар ангийн хүү тавдугаар ангийн хүүг хүчирхийллээ. 15 настай охин үр хөндүүлж байна, Гудамжнаас дөнгөж төрсөн хүүхэд олдлоо гэхчилэн хар мэдээг сонсоод эх хүн шаналахгүй байхын арга алга. Энэ бүгдийн буруутан нь эцэг эх, өөр хэн ч биш. Бид юуны төлөө, яахын тулд амьдарч байгаа юм бэ. Ажил хийж амьдралаа авч явах ёстой ч үр хүүхдээ сайн, зөв, эрүүл хүн болгоно гэдэг юугаар ч үнэлж барашгүй ажил. Хүн болж төрсний эрхэм зорилго энэ гэдгийг бид умартаад уджээ. Ажил ажил гэж гүйсээр харуй бүрийгээр хаалгаа  та татна. Хүүхдүүд чинь   унтаж л байгаа биз. Тэд юу хийсэн, хаана байсан, ямар хүнтэй нөхөрлөж буйг та мэдэж байгаа юу. Өмсөх хувцастай, идэх хоолтой л байлгая гэдэг үзэл биднийг хүлж орхиод хүн байхын утга учрыг тэндэндээ ойлгуулах завдал өгөхгүй байгаа нь энэ мэт хар хуудас нэмэгдэх нэг шалтгаан болсоор байна.

Зарим эцэг эх буруутай бүхнийг нийгэмтэй цаашлаад техникийн дэвшилтэй холбож байна. Дэлхийд алдаршиж буй киноны хар бараан үйлдлийг хүүхдүүдээсээ нуух ёстой гэж номлох юм. Бид хамтдаа байхдаа нууж болно, харин тэд таныг байхгүйд интернэт ашиглан мэдээллийн бүх хэрэгслээр үзчихэж дөнгөнө. Нуух тусам хүүхэд ядгийг та бид хэнээс ч илүү мэднэ. Магадгүй таны хүүхэд таниас ч илүү найзтай, мэдээллийн сүлжээтэй байгаа. Facebook-гүй хүүхэд гэж алга. Тэд  сүлжээндээ 100-аас доош найзтай байх нь юу л бол. Хэрэгтэй хэрэггүй түм буман мэдээллээс тэднийг яаж ч холдуулж чадахгүй болох нь нэгэнт тодорхой болсон. Тэгвэл бид яах ёстой вэ. Өөрсдийн хүмүүжсэн орчноо нэг эргээд саная. Дал, наяад оны үед бидний өмсөх хувцас, идэх хоол тэр ч бүү хэл унших ном, үзэх кино хүртэл адил байж. Аав, ээж маань одоогийн залуучуудтай  адил ажлаа хийнэ. Магадгүй биднээс ч илүү ажилтай байсан байх.  Намын хурал, семинар, өглөөний уншлага, их хурлын товчлол хийх гэх мэт эх адаггүй залхмаар, уйтгартай ажил тэдэнд байсан. Гэхдээ л тэд бидэнд зав гаргаж чаддаг байсныг санаж байна. Биднийг хүмүүжүүлэх гэж тэд ном уншиж, интернэт ухаж, гаднын улс орноос туршлага судлаагүй. Тийм боломж ч байгаагүй. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, элгэмсэг сайхан үгс, аливаа зүйлийг ямар байдлаар хүлээж авах, яаж хандахыг тэд биеэрээ л үзүүлчихдэг байж. Энэ л хүүхдийг хүн болгодог гэдгийг амьдрал харуулж байна. Өвгөдөөс уламжлан ирсэн монгол ухааныг өнөө цагт бид гээгээд байх шиг.

 

Зарим эцэг, эх завгүйгээ ярьж долоо хоног хүүхэдтэйгээ нүүр тулаагүйгээ гайхуулах юм. Хүнд гайхуулаад, яриад байх зүйл биш гэдгийг ухаардаг болоосой. Дэлхийн хөгжил рүү тэмүүлж, техникийн дэвшилтэй хөл нийлэн алхаж, цахиур хагалж буй гэж ярих нэг хэрэг. Харин яриад байгаа зүйлийг хэрэгжүүлж, хөгжүүлж явах хүмүүс маань бидний хүүхдүүд. Монголын ирээдүй болсон хүүхдүүд маань алдааг нь хэлчихвэл уурлаж, амиа хорлодог,  үгний үзүүрт нулимсаа асгаруулагч, ухаангүй, өнгө мөнгө, зугаа цэнгэлийг эрхэм болгогч болчих вий. Айж байна, айдастай байна. Хүүхдээ бус өөрийгөө хүмүүжүүл гэх үг цахим хуудсаар нисэх болж. Бодож, санаж тунгаагтун.