m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 06:06
62
Томуу, томуу төст өвчин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

2014 оны энэ сарын 20-ноос 26-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 174.499 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.875(5.7 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар их байгаа аж. Мөн 10.000 хүн амд 36.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2.7, өмнөх оны мөн үеэс 4.0 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгджээ.

Иймд иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:

• Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хувцсаа тохируулан өмсөх, даарч, хөрөхгүй байх,

• Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх,

• Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх,

• Гараа тогтмол савандаж угаах,

• Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх,

• Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших,

• Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,

• Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх,

• Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах,

 • Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.