m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 06:43
139
Ч.Гантуяа: Жижиг, дунд үйлдвэрийн эгнээнээс томоохон үйлдвэрийн эгнээнд орно

Хүний хувцасны хэрэглээний 70 хувь нь оёмол хувцас байдаг. Оёмол хувцасны үйлдвэрлэл нь нэмүү өртөг хамгийн их шингээдэг, нийгмийн бага болон дундаж давхаргын иргэд, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбар юм. Тэгвэл өөрийн хүч, хөдөлмөрөөр монгол бүсгүйчүүдээ гоёж яваа Ч.Гантуяаг “Баялаг бүтээгч” буландаа урьж, ярилцлаа. 

-Танай дэлгүүрт тавигдсан бүтээгдэхүүн маш хурдан зарагддаг гэдгийг сонсоод таныг зорьж ирлээ. Хараад байхад хүрэм дагнан оёдог юм байна. Хэдэн жил оёж байна вэ?

-Сүүлийн арав гаруй жил хүрэм, пиджак дагнан оёж байна. Жил, жилийн загварыг дагахаас гадна өөрийн гэсэн өнгө аясыг хадгалсан загвар гаргахыг зорьдог. Энэ нь бүсгүйчүүдэд маань таалагддаг юм шиг байгаа юм.  Байнгын үйлчлүүлэгч ч олон болсон. Дэлгүүрт зарагдахаас илүү ам дамжсан ярианаас манай үйлдвэрийн талаар сонссон хүмүүс захиалга өгөх нь их байдаг юм. Тэгээд ч гаднын үнэтэй хүрэм авч чадахгүй гэхээсээ илүү яг өөртөө тохирсон загвар, хэмжээтэй, өөрийн дуртай өнгөөрөө хямд үнэтэй бүтээгдэхүүн авах сонирхолтой хүүхнүүд их байдаг даа.

-Захиалга хэр байна вэ?

-Маш их байна. Оёдолчид нэмж авах санаатай байгаа. Эхэндээ өөрөө амжуулаад байдаг байсан. Одоо бол захиалга өгөх хүн нэмэгдсээр байгаа учир хүчин чадлаа нэмэх хэрэг гарч байна.

-Хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Одоогийн байдлаар 7-8 төрлийн бүтээгдэхүүн оёж байна. Тэрэн дотроо урт, богино гээд бас үйлчлүүлэгчийн хүссэн загварыг нэмээд тооцох юм бол олон төрөл болно. Одоогоор арван өнгөөр бүтээгдэхүүнээ гаргаж байна.

-Хэдэн оёдолчинтой вэ. Техник, машин, хэрэгслийн хувьд ямар байгаа вэ?

-Жирийн л жижиг цехүүдэд байдаг машин, тоног төхөөрөмжтэй. Гурван оёдолчинтой.

-Бүтээгдэхүүнээ хаагуур борлуулдаг вэ?

-3,4-ээр хороололд “Түмэн” плазад лангуутай. Ганцхан тэндээ л борлуулдаг. Гэхдээ үйлчлүүлэгдийн маань ихэнх нь бие, биенээсээ сонсоод захиалга өгөхөөр ирдэг. Мөн дэлгүүр дээрээ захиалга авч хүссэн загвар, өнгө, хэмжээгээр оёж өгдөг. Үндэсний үйлдвэрлэгчтэй байхын давуу тал гэх үү дээ. 

Одоогоос 10 жилийн өмнө байгуулагдаж байсан жижигхэн үйлдвэр маань захиалагчдынхаа харилцан хамтын ажиллагааны үр дүнд шинэчлэл хийж жижиг дунд үйлдвэрийн эгнээнээс томоохон үйлдвэрийн эгнээнд шилжин орох том зорилго тавин сэтгэлээ шингээж сууна даа. Чадварлаг залуу оёдолчид маань ганцхан ширхэг хүрмийг ч ур чадвар, оюун ухаанаараа бүтээдэг. Одоо бүтээгдэхүүнийхээ гарцыг нэмэгдүүлж, зохион бүтээгч нарын ур чадварыг шинэ загвартай хослуулан гаргах нь чухал юм байна гэдгийг өнгөрсөн 10 жилийн хугацаанд ойлгож авсан.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих ямар нэгэн зээлэнд хамрагддаг уу?

-Одоохондоо аваагүй. Өөрийнхөөрөө л болгоод явж байна. Уг нь хөөцөлдөж үзсэн л дээ. Маш их хугацаа орохоос гадна их олон бичиг баримт бүрдүүлдэг юм билээ. Тэгээд арай хийж бүрдүүлээд очихоор барьцаа хөрөнгө гээд бүтэхгүй юм билээ.

-Үнийн хувьд материал, хийц, урт богиноосоо шалтгаалаад янз бүр байна уу?

-Материал, хийц, загвар, урт богиноосоо шалтгаалаад янз янз. Ерөнхийдөө бол нэг хүрэм 85-130 мянган төгрөгийн хооронд байгаа. Материалаа аваад ирвэл 45 мянга орчимд оёдог. Бүр тусгай үнэтэй материалаар хийлгэвэл үнэ нь бага зэрэг нэмэгдэнэ. Гэхдээ би амьдралгүй үнэ хэлэхгүй. Энэ их мөнгөтэй хүн ороод ирлээ арай үнэтэй хэлчихье, энэ хөөрхий ядарсан юм шиг байна арай бага үнэ хэлье гэсэн зүйл надад байдаггүй. Ерөнхий загвараа тооцоод, материалаа тооцоод, ажилчдынхаа хөлсийг тооцож гаргаад тогтоосон үнэ надад байгаа.

-Материалаа хаанаас авдаг вэ. Олдоц хэр байна?

-Гадагшаа явж байгаа найз нөхөддөө тусгай материал захина. Урдаас татна. Мөн замаас ч материалаа авдаг. Олдоцийн хувьд гайгүй ээ.
 

-Танд амжилт хүсье, баярлалаа.