m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.31 13:52
55
Үндэсний статистикийн хорооны урилгаар ОУВС-гийн зөвлөхүүд ирж ажиллажээ

Монгол Улс Мэдээлэл тархаалтын тусгай стандарт (SDDS)-д шилжих ажлын хүрээнд ОУВС-гаас зөвлөхүүд ирж ажиллав. Тодруулбал, УИХ-аас 2011 онд баталсан “Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т Монгол Улс мэдээлэл тархаалтын ерөнхий системээс мэдээлэл тархаалтын тусгай стандартад шилжих асуудлыг судалж, бэлтгэл ажлуудыг хангахаар тусгагдсан аж.

Үндэсний статистикийн хорооны урилгаар ОУВС-гаас зөвлөх мэргэжилтнүүд ирж ажилласан байна

Тус ажлын хүрээнд Үндэсний статистикийн хорооны урилгаар энэ сарын 20-31-ны хооронд ОУВС-гийн Статистикийн газрын ахлах эдийн засагч Пол Остин тэргүүтэй мөн газрын ахлах эдийн засагч Нориаки Киношита,  Ази, Номхон далайн бүсийн орнуудын статистик мэдээлэл тархаалт хариуцсан төслийн менежер Питер Бредбюри нар ирж, Үндэсний статистикийн хороо болон Монгол Банк, Сангийн яамны удирдах ажилтан, мэргэжилтнүүдтэй уулзаж, Монгол Улсын бодит сектор, төсөв, санхүү, гадаад секторын тоо, мэдээлэлтэй танилцаж, мэдээлэл тархаалтын тусгай системд  нэгдэн орох боломж, хугацаа, ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, хамтарч ажилласан хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.

Дашрамд хэлэхэд, мэдээлэл тархаалтын тусгай стандарт нь ОУВС-гаас олон улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэх хүсэлтэй гишүүн орнуудыг өөрийн орны эдийн засаг, санхүүгийн тоо, мэдээллийг олон нийтэд тархаахад зориулсанаас гадна  тэдэнд чиглэл өгөх, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой юм байна. Энэхүү стандартад одоогоор дэлхийн 71 улс нэгдэж, мэдээллээ хэрэглэгчдэд тархааж байна.

Уг стандартын дагуу эдийн засгийн бодит сектор болон төсөв, санхүү, гадаад секторын дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг холбогдох хугацаагаар нь мета мэдээллийн хамт ОУВС-гийн мэдээлэл тархаалтын стандартын цахим бюллетеньд байрлуулах шаардлагатай юм.