m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.07 09:52
364
Архины тухай хууль ахиад хойшлогдлоо

Тамхи, архи гэдэг үг эртний перс хэлнээс гаралтай. Энэ нь монголчууд биднийг архи гэх ундаатай бусад үндэстнийг бодвол сүүлд танилцсаныг харуулж байна. Хэдэн мянган жилээс нүүдэллэн, таван хошуу малаа тал дүүрэн бэлчээсээр ирсэн ард түмэнд архи тамхи хэрэглэх ахуй нөхцөл бүрддэггүй байж. Сүүнээс гаргаж авдаг согтууруулах ундаагаа “шимийн юм”, “сархад” гэх мэтчилэн янз бүрээр нэрлэж ирсэн. Бидний өвөг дээдэс Их Монгол улсыг байгуулж, дэлхийн талыг дайтаж явах үедээ архи гэгч ундаатай анх танилцжээ. Тус зүйлийг тариачин ард түмэн буудайгаа исгэн нэрж, тариа буудай элбэг авсны баяр болгон ууцгаадаг байж. 2011 онд таван мянган жилийн тэртээ амьдарч байсан Египтийн хааны бунхнаас олдсон эртний вааранд архи байсныг АНУ-ын шинжээчид тогтоожээ. Энэ бол одоо олдоод байгаа хамгийн урт настай архи. Тиймээс тариачин соёлтой ард түмэнд согтууруулах ундаа нь эртний хэрэглээ болж таараад байгаа юм.

Түүхийг түр хойш нь тавиад анагаах ухааны талаас авч үзвэл өдөрт бага хэмжээтэй архи хэрэглэх нь цусны даралт тогтворжуулж, зүрхний титэм судасны эмгэг үүсэх, өвчнөөр нас барах тохиолдлыг багасгадаг байна. Мөн тодорхой бага тунгаар хэрэглэсэн тохиолдолд судас тэлж, цусан хангамжийг сайжруулж, нойр сайн хүргэж, сэтгэл санааг тайтгаруулдаг гэж судалгаагаар батлагдсан байдаг.
Харин их тунгаар хэтрүүлсэн тохиолдолд хүний биед ямар их хортой болохыг хүн бүхэн мэддэг. Өдөрт хэрэглэх хэмжээ нь 5 грамм байхад хүний биед сэргээх нөлөө үзүүлдэг бөгөөд европ хүний биед 30 граммаас илүүгүй, ази хүний биед 15 грамм байхад тохирсон тун гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг байна.

Гэвч өнөөдөр архинаас болж нийгэмд ямар олон асуудлууд үүсч байгааг бүгд мэднэ. Энэ бүхний шалтгаан нь бид хавтгайруулан хэрэглээд байдагтай холбоотой. Энэ байдлыг хуулийн хүрээнд засах арга хэмжээ авна гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг 2013 онд хэлсэн. Түүний санаачилсан хуулийн 10 заалтаас иш татахад:

1.  Архийг зөвхөн тусгай дэлгүүрээр худалдаална. Тэгэхээр тусгай дэлгүүрийн төлөө өрсөлдөх нь хүн бүрийн нэг сонирхол болж хувирна гэж тэрээр үзэж байгаа.

2.  5000-10000 хүн тутамд нэг тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын хүн амыг нэг сая гэж үзвэл нийслэлийн хэмжээнд 100-200 тусгай дэлгүүр байна гэсэн үг. Одоо Улаанбаатарт 300 хүнд нэг найман нэрийн барааны согтууруулах ундааны дэлгүүр оногдож байгаа аж.

3.  Хөдөө орон нутагт 5000 хүн амтай сум бол томдоо орно. Иймээс зарим аймагт хоёр сумын дунд нэг тусгай дэлгүүр оногдоно.

4.  Тусгай дэлгүүрийн эрхийг олгохдоо оршин суугчдын саналыг авна. Хаана олон иргэн архины дэлгүүр нээхийг хүснэ тэнд тусгай зөвшөөрөл өгнө гэнэ.

5.  Архины тусгай дэлгүүрүүд дотор, гаднаа бүрэн камертай байна. Орон нутагт ч адил.

6.  Тус дэлгүүрүүд цагдаагийн газартай ойрхон байрлалтай байна. Эсвэл хамгийн ойрхон цагдаагийн газартай холбогдсон дохиололтой байх аж.

7 Зөвхөн насанд хүрсэн иргэнд согтууруулах ундаа худалдаална. Тиймээс согтууруулах ундаа авах иргэн заавал бичиг баримттай байх заалттай. Бас л нэг жилд хэн хэдэн шил архи авч байгааг хянах систем юм.

8.  Тусгай дэлгүүрийн нээх, хаах цагийг хуульд нарийвчлан заана. Одоогийн байдлаар 11-18 цаг хүртэл гэж төсөлд тусгасан.
 

9.  Архийг дотор нь 38-аас дээш хатуулагтай буюу цагаан архи, 38-аас доош хатуулагтай шар айраг, улаан дарс гэж ангилана.

10 Хууль батлагдсан эхний нэг жилдээ тусгай дэлгүүрээр зөвхөн өндөр хатуулагтай архи зарна. Хүнсний дэлгүүрүүд шар айраг, улаан дарсаа зарж болно. Ингэснээр бизнесийн байгууллагад учрах гэнэтийн эрсдэлийг багасгаж байгаа аж.

Энэ мэт олон заалт тус хуулинд тусгагджээ. Гэвч эргэж хармаар зүйлс олон байна. Тухайлбал архины бизнес эрхлэгчдэд халгаатай пиво, дарсны үйлдвэрүүдэд ашигтай болж таараад байна. Ер нь архины хяналтын тухай хууль гэхээрээ бүгдийг хааж боож, цагдсан хууль гэхээсээ илүү зөв хэрэглээг бий болгох нь чухал.

Хэрвээ хууль зөрчсөн бол хэн ямар арга хэмжээ авах нь тодорхой бус. Тамхины хууль яаравчлан батлахын оронд архины хуулийг олон нийтэд нааштай, бизнес эрхлэгчдэд хохиролгүйгээр хууль батлах тийм ч хэцүү баймгүйсэн. Тамхи татсанаар асуудал үүсч, амьдрал нь сүйрсэн тохиолдолыг архитай харьцуулахад бараг үгүй. Тиймээс энэ хуулийн ашиг сонирхлоо хойш тавиад яаравчилбал яасан юм бэ.

Гэвч тус хууль яагаад хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд багтсангүй вэ. Архи бол мэдээж Монголд хамгийн ашигтай бизнес байсаар ирсэн. Олон гишүүд энэ салбараар хөлжиж, төрийн сэнтийд заларсан гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Тиймээс хэтэвчинд нь мөнгө үржүүлж өгдөг “шидэт бэрдүүдээ” тийм ч амархан золигт гаргахгүй гэдэг нь ойлгомжтой. Одоо намрын чуулганыг хүлээхээс.