m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.11 05:01
310
Тууз амилуулагч бүсгүй

Улс орныхоо хөгжил дэвшилд өөр өөрсдийн чаддаг, мэддэг зүйлсээрээ хувь нэмрээ оруулж яваа баялаг бүтээгчдийн нэг бол "Хуримын цогц үйлчилгээ" төвийн ерөнхий менежер Ц.Ганчимэг билээ. Тэрбээр ихэвчлэн туузан чимэглэл хийдэг бөгөөд эсгийг ч бас уйлуулдаг гэх. Бид түүний ур ухаан шингэсэн бүтээлүүдтэй танилцаж, ярилцсан юм.

-Та бүтээлээ хийх санаагаа анх хаанаас хэрхэн олж авсан бэ?

-Ихэвчлэн туузаар урлал хийдэг. Тууз өөрөө их ганган тансаг эд болохоор аливаа гоёл чимэглэлийн зүйл хийхэд их урамтай байдаг юм. Анх охидынхоо үсний хавчаар боолтыг  засаж янзлахаас эхлээд л энэ  урлалыг сонирхож, судалсаар одоо бол мэргэжилтэн болоод байна даа.

-Бүээлүүдээ өөрийн пейж хуудсаараа хүмүүст голдуу хүргэдэг юм байна лээ. Өөрийн гэсэн урлан, оффис байдаг уу?

-Тийм ээ. Фэйсбүүк пейж хуудсаараа хүмүүст бүтээлээ хүргэж, захиалгуудаа авдаг.  Одоохондоо өөрийн гэсэн урлантай болж амжаагүй л байгаа гэхдээ удахгүй болно доо.

-Загвар дизайн болон материалаа хаанаас хэрхэн сонгож олдог вэ?

-Ер нь бол өөрөө л санаагаа олоод, зохиомжлоод хийдэг. Гэхдээ бас гадаадын зарим урчуудын зүйлсийг харж санаа авах зүйл байнаа.

Материалын сонголтыг янз бүр л хийдэг. Эндээс ч авах зүйлс байгаа, зарим үнэхээр хэрэгцээтэй багаж материалыг гаднаас захиж авчруулдаг.

-Бүсгүйчүүд энэ урлалыг их сонирхдог болсон. Та сургалт явуулдаг уу?

-Сургалт  явуулаач гэсэн хүсэлт маш олон ирдэг.  Бүр нэг аав утсаар яриад охиноо дагуулж ирэн охинд минь хийдэг бүхнээ заагаад өгөөч гэж байсан . Охид бүсгүчүүдийн үсний гоёл хийх сургалтаа бол хэд хэдэн удаа хийсэн. Одоо урлантай болохоороо сургалт хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Хүний амьдралын хамгийн сайхан дурсгалт тэр мөчийн  гоёлыг бэлдэж өгдөг болохоор захиалагчид нь маш их баярладаг байх. Хамгийн сайхан талархал ямар талархал байсан бэ?

-Тийм ээ. Сүүлийн үед ихэвчлэн хуриманд зориулагдсан бүтээл хийж байна. Зөвхөн захиалагчид зориулсан, хүсэл мөрөөдлийг нь шингээсэн ганцхан хувь загварууд гарч байгаа. Захиалагчид маань хуримынхаа дараа “баярлалаа эгчээ” гээд хийсэн бүтээлүүдээр маань гоёсон зургаа явуулдаг.  Хамгийн сайхан урам авах мөч тэр л байдаг даа.

-Энэ бүх зүйлээ ганцаараа хийдэг үү. Хэн нэгэн тусладаг хүн байдаг уу?

-Одоохондоо ганцаараа л хийдэг. Тэгэхдээ бас туслахаа бэлдэж сургаж эхэлсэн. Заримдаа охидууд минь тусалдаг. Тэд бас намайг дууриаж бага сага юм хийсээр байгаад миний хоббид татагдсан.

-Цаашдын зорилго мэдээж зөндөө л юм байгаа байх?

- Тэгэлгүй яахав. Хамгийн түрүүнд өөрийн гэсэн урлантай болоод хийнэ гэж төлөвлөсөн олон ажлуудаа хийнэ.  Мөн хуримын чимэглэл, дизайн тал дээр илүү түлхүү  ажиллаж суралцах хүсэлтэй байгаа.

-Хийж байсан бүтээлүүдээс тань хамгийн их сэтгэлд үлдсэн ямар бүтээл байдаг вэ?

-Ер нь бүх бүтээлдээ хайртай. Олон цагаар сууж, урлаж, оёж, хатгаж, нааж хийдэг болохоор бүгдэд нь миний сэтгэл шингэсэн байдаг. Тэгэхдээ нэг уран зураг дээр тодотгож ажилласан бүтээл маань Голланд улс руу бэлгэнд явсан юм. Их хол явсан болохоор ч тэр үү, бас тэндхийн олон хүн монгол хүн ингэж хийж бүтээсэн гээд харж байгаа болохоор ч тэр үү Голланд руу бэлгэнд явсан бүтээлдээ илүү хайртай байдаг юм.