m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.11 05:28
179
Сая долларын охин

АНУ-ын Калифорни мужийн Санта-Моника хотод 1928 оны дөрөвдүгээр сарын 28-нд  Жорж Темпл болон Гертруд нарын гэр бүлд хожим нь “сая долларын охин” хочит Ширли Темпл төржээ.

Охиноо төрсөн мөчөөс эхлэн эцэг, эх нь түүнийг ирээдүйн од болгохыг мөрөөдөж байсан гэдэг. Иймээс гурван нас хүрэхэд бяцхан Ширли товчлуур бүжгийн хатан хаан Мелжин хатагтайн сургуульд элсэн орсон байна. Үүнээс хэдхэн сарын дараа шинэ дүр төрх эрэлхийлсэн холливудын кино найруулагч Пек Хейс түүний сургуульд зочилжээ. Тэрбээр “Baby Burlesk” хөгжимт цувралд шинэ авьяастныг хайж байсан юм. Бяцхан Ширли уг хөгжимт цувралын сонгон шалгаруулалт оролцон тэнцсэн аж.  

Цувралын төгсгөлд бяцхан Ширли дараа дараагийн бүтээлүүдэд уригдан эцэст нь түүнийг холливудын хамгийн хүчирхэг кино компаниудын нэг “Фокс”ын нүдэнд өртжээ. Тухайн үед “Фокс” кино компани бараг дампуурлын ирмэг дээр байсан гэхэд хилсдэхгүй юм. Дэлхий дахины эдийн засгийн их хямралтай холбогдуулан хүмүүс төдийлөн кино сонирхохоо болсон байжээ. 

Ширли Темплийн гол дүрд нь тоглосон “Босоод тэгээд мэндэл” кино байдлыг өөрчилж, дампуурлын ирмэгт ирсэн "Фокс” компани болон амьдралын баяр баясгалангүй болсон хүмүүсийг аварч чаджээ. 

Түүний өхөөрдөм царай, дур булаам инээмсэглэл, буржгар үс болон хацар дээрх хонхорхой нь харах хүсэлтэй хүмүүс кино театруудын урт дарааллаар жагсаадаг болсон. “Фокс” студийн  жинхэнэ эрдэнэс “буржгар үст” бяцхан Ширли Темпл нь Америкийг их хямралаас авраад зогсохгүй дэлхий дахинаа алдаршиж чаджээ.

“Фокс” студи Ширлитай тулж ажиллахаар болж түүнд зориулж Америкийн шилдэг жүжгийн болон бүжгийн багш хөлслөн хичээл заалгах болжээ. Гэхдээ түүнийг бүжгийн багштай гэдгийг хэн ч мэдэх ёсгүй байж. Учир нь бяцхан оддын хэвлэлийн төлөөлөгчид түүнийг чадварлагаар товчлуур бүжиглэх нь түүнд бурхнаас өгсөн бэлэг хэмээн ярьж байлаа. Харин түүний Мелжин бүжгийн сургуульд суралцаж байсан түүхийг намтраас нь арчин хаяжээ.

Харин Ширли Темплийн гадаад төрхөнд түүний санаа тавьдаг байж. Түүний ээж өглөө бүр охиныхоо үсийг өөрийн гараар 56 ширхэг болгон шүлжиж байжээ. Гертруда Темпл охиныхоо имижийг алдахгүй тулд охиныхоо насыг нэг жилээр төрсний гэрчилгээнд дарж бичдэг байсныг хожим  Ширли  13 насандаа мэджээ. 

Ширли Темплийн тоглосон шинэ бүтээл бүр өмнөхөөсөө илүү их алдар нэр авчирч байлаа. Түүний нэр алдрыг бататгаж тэрбээр зургаахан насандаа хамгийн залуухан “Оскар”-ын шагналтнаар тодорч байсан юм.

Сайны хажуугаар саар зүйл байв. Зургаан насандаа бяцхан Ширли нэр алдар тийм ч сайхан зүйл биш гэдгийг мэдэрсэн байна. Тэрбээр дурсан санахдаа “Би зургаан настайдаа Санта Клаус байдаггүйг мэдсэн. Би шинэ жилийн баярын өмнөх өглөө ээжийнхээ хамтаар дэлгүүрт явж байлаа. Худалдан авагчдад баярын мэнд хүргэж байсан Санта гэнэт надаас гарын үсэг авахыг хүссэн юм” хэмээн гунигтайгаар тэрбээр дурсан санажээ.

Найман насандаа тэрбээр холливудын хамгийн өндөр төлбөртэй арван эмэгтэй жүжигчдийн эгнээнд багтаж гурван сая ам.долларын хөрөнгөтэй болсон байна. Түүний хөрөг зураг зурагт хуудас, ил захидал, бэлэг дурсгал гээд хаа сайгүй тавигдах болж.

“Ideal Novelty & Toy Co” компани түүний хүүхэлдэйн хуулбарыг бүтээсэн бол өөр нэгэн компани Ширли нэртэй спиртгүй  коктейль гаргаж эхэлсэн юм.

Тухайн үед бүх хүүхдүүд Ширли Темплийн амжилтыг эвдэхийг мөрөөдөж байсан нь мэдээж юм. Америк даяар кино компаниуд "Фокс"-ын амжилтыг эвдэхийн тулд нойр хоолоо хасан Ширли Темпл шиг бяцхан одыг хайж байлаа. Шинэ залуу оддын сонгон шалгаруулалтад оролцож байсан охидуудын дунд Норма Жин Бейкер буюу Мэрилин Монро оролцож байсан гэдэг. Гэвч залуу оддын орон зайд тэрбээр багтаж чадаагүй байна.

Гэвч энэ амжилт удаан үргэлжилсэнгүй...

1940 онд “MGM” компани “Оз гайхамшигт орны шидтэн” бүтээл бүтээж байлаа. Ширли Темпл Доротигийн дүрд шалгуулсан ч тэнцээгүй байна. Түүний оронд “MGM” компани Жуди Гарландыг авчээ.

“Фокс” компани үүний хариуд “Цэнхэр шувуу” нэртэй үлгэрийн кино бүтээж гол дүрд нь Ширли Темплийг тоглуулсан байна. Гэвч Жуди Гарландын гол дүрд нь тоглосон бүтээл нь  илүү амжилт олсон юм. 

Дараачийн Темплийн тоглосон “Залуучууд” нэртэй бүтээл нь жинхэнэ сүйрэл болсон байна. Тухайн үед Ширли аль хэдийнээ 12 нас хүрсэн олны хайртай булцгар хацартай өхөөрдөм бяцхан охин байхаа больсон байлаа. “Фокс” компани гэнэтийн шийдвэр гаргаж дампуурлаас аварсан бяцхан Ширлийгээс татгалзсан аж. Ширлийн Темплийн амьдрал нэгхэн хормын дотор кино одоос жирийн охины амьдрал руу шилжжээ. Гэхдээ Ширли огт сэтгэлээр унаагүй ба жирийн үеийнхэнтэй адил сургуульд явах болсон байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Ширли Темпл эргэн урлагт хөл тавьжээ. Тэрбээр  багынхаа ажилтанд хүрч чадаагүй ч хэдэн бүтээлүүдэд тоглосон байна.

1945 онд Ширли гэрлэж түүнээс хоёр жилийн дараа хөл хүнд болсон юм. Тэрбээр бяцхан охинтой болсон ч нөхөр Жон Агартайгаа 1949 онд хоёр тийш болжээ. Үүний дараа тэрбээр урлаг болоод олны нүднээс далд орсон байлаа.

Гэвч үүний дараа тэрбээр шинэхэн хайртайгаа учирч гунигт амьдралаасаа холдож 1957 онд тайзнаа эргэн иржээ. Түүний шинэ нөхөр Чарльз Элден Блэк түүнд дахин амьдрал бэлэглэж тэд охин, хүүтэй болсон юм.

Үүний дараа тэрбээр тайз болоод телевизэд хүчээ сорин “Ширли Темплийн үлгэрийн ном” болон “Ширли Темплийн театр” нэртэй шоу нэвтрүүлэх болжээ. Тэрбээр эргээд багынхаа амжилтыг давтаж Америкчуудын хайрт ээж болж чадсан байна.

1960-аад онд түүний амьдралд шинэ эргэлт гарч тэрбээр  улс төрд орсон юм. 1969 онд Бүгд найрамдах намын гишүүнээр элсэн орж мөн энэ онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ричард Никсоны ялалт байгуулсан юм.

Үүний дараа Темпл-Блэк АНУ-ын сенатын гишүүний сонгуульд өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй байна. Үүний дараа тэрбээр НҮБ-ын ассамблейн төлөөлөгчөөр сонгогдож байжээ.

1970 оны эхээр Ширли Темпл хөхний хорт хавдартай болсноо мэдсэн байна. Энэ удаад ч тэрбээр бууж өгөхийг хүссэнгүй олны өмнө өөрийгөө хөхний хорт хавдартай гэдгээ зарласан юм. Тэрбээр хүмүүст өөрийгөө хөхний хорт хавдартай гэдгээ зарласан анхны эмэгтэй алдартан болсон гэдэг. Тэрбээр 1972 оны арваннэгдгээр сарын 3-нд хагалгаанд орсон юм.

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдэд “Одоо би бүрэн эдгэрсэн. Та бүхний харж байгаачлан эрт оношлогдсон хорт хавдар үхлийн аюултай биш" хэмээн хэлсэн нь олон эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношлуулах урам өгсөн гэхэд хилсдэхгүй юм. Учир нь түүний индрээс хэлсэн эдгээр үгсийн дараа хөхний хорт хавдрын эрт оношилгоонд хамрагдах эмэгтэйчүүдийн тоо 30 хувиар өссөн байна.

1974 онд Америкийн Ерөнхийлөгч түүнийг баруун Африкийн Гана улсын элчин сайдаар томилсон ба эх орондоо эргэж ирсний дараа Ширли Темпл Ерөнхийлөгчийн протоколын албаны даргаар томилогдсон байна. Урьд өмнө нь энэ албан тушаалыг эмэгтэй хүн хашиж байгаагүй ажээ. Тэрбээр дахин анхдагч байж чадсан юм.

Рейганы төрийг барьж байх хугацаанд Ширли Темпл Төрийн департаментад ажиллаж байсан ба 1989 онд Чехословак улсад АНУ-ын элчин сайдаар томилогдон ажиллах болжээ. Билл Клинтоны Ерөнхийлөгчөөр сонгогдох үед Ширли эх орондоо эргэн ирж энэ үеэс хойш намтартаа бичиж эхэлсэн.

2014 оны хоёрдугаар сарын 10-нд Ширли Темпл 85 насныхаа босгонд Калифорнийн Вудсайд хотын хувийн эдлэндээ гэр бүлийнхээ хүрээнд таалал төгссөн юм.

Ширли Темпл амьдрах хугацаандаа олон давааг давж уналт босголтын аль ч үед өөрийгөө дайчлан амьдралын бэрхшээлийг туулж гарч чаддаг эмэгтэй байсан юм.