m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.14 02:04
177
Цуврал-29 “25 жил өнгөрлөө” хэмээх халаглал гэмт хэргийг илрүүлэхэд тусалжээ

Манай сайтын хамт олон олныг цочирдуулсан, онц ноцтой хэргийг Монголын цагдаагийн ахмадууд хэрхэн илрүүлсэн баримтыг цуврал болгон хүргэдэг. Энэ удаа дадлага туршлагатай хурандаа Ц.Жамъяансэнгээгийг илрүүлсэн нэгэн хэргийн талаар сонирхуулъя. Дуулиант энэ хэргийг цагдаагийн байгууллага олон жил мөрдөж, 25 жилийн дараа илрүүлсэн аж.

Нийслэл хотод гэмт хэрэг цөөнгүй гарч байв. Ялангуяа орон байрны хулгай, дээрэм, айлын идэш хулгайлах гэх мэт хэрэг удаа дараа үйлдэгддэг нь иргэдийн анхаарал болгоомжгүй мөн цагдаагийн байгууллагын дадлага туршлага муутай бас холбоотой. 1957 оны тэр нэгэн өдөр аймшигт хэрэг гарсан нь цагдаагийн түүхэнд хар толбо болон үлдсэн юм.

Цагдаагийн хошууч Дугарыг хэн хүнгүй сайн мэднэ. Тэрбээр ааш зан сайтай, хүнтэй эвтэй учир сайрхах хүн олон аж. Тэрбээр холын хамаатны хоёр хүүг өөрийн нэр дээр шилжүүлэн авч хүмүүжүүлж байгааг дуулсан хүн бүхэн магтан сайшааж, хүн чанартайг гайхан ярих аж. Үнэн хэрэгтээ Дугар ямар хүн болохыг хэн ч эс төсөөлнө. Дугар худал хуурмаг зантай, мөнгөнд шуналтай, хүний гараар могой бариулаад өөрөө ард нь цэвэр үлдэж сурсан нэгэн. Дайны өмнө баян хужааг буудан хөнөөж, эд зүйлийг нь аваад мөрөө баллаж зугтжээ. Хожим нь баян айлын эхнэрийг мөн дээрэмдэн эд зүйлийг аваад, зууралдаад салахгүй болохоор нь бас амийг хөнөөснөө нууж чадсан нэгэн. Гэмт хэрэг удаа дараа үйлдсэн тэрбээр цагдаагийн байгууллагад толгойгоо шургуулж чадвал хэргээс мултрах боломжтой гэж тооцоолсон учир ийн хөөцөлдөж явсаар цагдаагийн ажилтан болсон нь энэ аж. Тэрбээр сайндаа хоёр хүүг өргөж аваагүй, тэдний гараар могой барих гэсэн далд санааг агуулсныг хөөрхий хүүхдүүд хэрхэн мэдэх билээ. Том хүү Сэрээтэр нь хөдөлгөөнтэй, аливаад авхаалжтай нэгэн байв. Түүнийг эрдэм номын мөр хөөлгөхөөс илүүтэй хулгайн гэмт хэрэг үйлдүүлж, хялбар аргаар мөнгө олох хэрэгсэл болгон хүмүүжүүлэв. Удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэн, цагдаагийн хаалга татсан нь Дугарын сэтгэлийг зовоох бус ноцтой хэрэг үйлдэхэд сэтгэл зүйн бэлтгэл болж байна хэмээн дотроо таашааж байв.

Дугар 1945 оны дайны дараа таван төгрөгөөр буу, гурван төгрөгөөр сэлэм аванаа санан энэ зүйлийнхээ хэргийг нэг гаргахсан хэмээн бодно. Эрт дээр цагт хам хэрэгт холбогдон дээрэм тонуул хийж байсан Хайдав шоронгоос гарчээ. Тэсрбээр Дугарыг дарамтлан мөнгө нэхэж, нэг ёсондоо шантаазлан айлган сүрдүүлэх болов.

Дугар, Хайдаваас хэрхэн салах тухай бодон толгойгоо өвтгөх болов. Салахдаа өөрийгөө бус өрөөлийг шоронд хатаах ёстой гэсэн бодолтой байлаа. Өргөмөл хүү Сэрээтэрийгээ энэ хэрэгт оролцуулж, эцэс сүүлд нь өөрөө цэвэр үлдэх төлөвлөгөө боловсруулж эхлэв. Модон заводын ажилчдын цалинг нягтлан  нь хаанаас авдаг, хаашаа явдаг, тэр өдөр хаана дээрэмдэх боломжтой байгааг сэм тагнаж мэдэв. Нягтлан нь яг нэг өдөр цалингаа авдаг болохыг удаа дараагийн тандалтаар мэдээд тааламжтай өдрийг хүлээн суув. Хүү Сэрээтэр хулгайн хэргээр ял эдэлж байгаа. Танил талаа ашиглан хүүгээ өөр ангид ял эдлүүлэх талаар хөөцөлдөж байснаа одоо хэрэг болгоё гэж шийдээд дарга даамлаар гүйв. Түүний хошууч цол энэ хэргийг  гүйцэлдүүлэхэд их хэрэг болно гэдгийг тэр хэзээнээс мэдэж байв. Хөөцөлдсөөр өөр хорих ангид шилжүүлэх зөвшөөрөл авлаа. Ангийн даргатай нь ярьж байгаад нэг өдөр гэртээ байлгах зөвшөөрөл олж авсан нь угтаа хүүгээ нэг өдөр гэрт нь амраах бус нөгөө хэргээ үйлдүүлэх хугацааг товлосон хэрэг байв. Ингээд гэртээ ирсэн даруй хүүдээ энэ талаар хэлж, айлгах гуйх, заналхийлэхийн дундуур зүйл болов. “Чамайг би удахгүй гаргаж авна. Чи энэ хэргийг хийгээд л тэр даруй орчин сайтай газарт очно. Танил хүмүүстээ хэлсэн, удахгүй гаргаж авна. Мөнгөний тал хувийг өгнө. Цаашид хангалттай сайхан амьдрах болно” гэж ятгав. Аавынхаа эрс шийдэмгий байдал, өөртөө итгэлтэй байгаад нь Сэрээтэр итгэж хэрэг үйлдэхээс татгалзсангүй. Харин хам хэрэгтэн Хайдав “Юу болдог бол, дахиад аавын хаалгыг татах юм биш байгаа” хэмээн болгоомжлов. Дугар “Хүүхэд битгий халшраачих. Чи биш Сэрээтэр хийнэ. Мөнгөө аваад зугтахаар замаас нь мотоциклиор чи тосч авч зугтана шүү” хэмээн тулган шаардав. Хүн тааралдаж, саад болох аваас шууд бууд гэсэн тушаалыг тэдэнд өглөө. Ингээд хаагуур явах, хэрхэн хэргээ үйлдэх талаар ярилцаад буугаа сумлан маргаашийг хүлээв.

“Чамайг би удахгүй гаргаж авна. Чи энэ хэргийг хийгээд л тэр даруй орчин сайтай газарт очно. Танил хүмүүстээ хэлсэн, удахгүй гаргаж авна. Мөнгөний тал хувийг өгнө. Цаашид хангалттай сайхан амьдрах болно” гэж ятгав.

Олон сарын өмнөөс тандан судалсан болохоор Модон заводын нягтлан мөнгөө аваад гараад ирэх нь тэр. Хижээл насны эрийн гартаа барьсан цүнхтэй мөнгийг Сэрээтэр суга татан зугтаах төлөвлөгөөтэй байсан аж. Мэдээж хэн ч шууд тэр их мөнгийг өгөөд үлдэхгүй учир зууралдав. Хошууч аавынхаа зөвлөснөөр тархинд нь буугаа тулгаж байгаад буудаж охив.

Хүмүүс ноцолдож байхыг харсан авгай гэнэт буун дуу гарснаар орилж “Хүүеэ наадах чинь хүн буудчихлаа” хэмээв. Хэсэг залуус заводын хашааны ойролцоо явснаа гэнэт тэр эмэгтэйн дууг сонсоод нэг нь араас нь гүйв. Зогс хэмээн орилсон залуугаас зугтах санаатай Сэрээтэр гудамж сүлжин гүйв. Шилэн хүзүүн дээрээс нь бариад авах тэр мөчид бас л буудаж орхилоо. Цэл залуухан тэрбээр үхэтхийн унаж хөдөлгөөнгүй болов. Ойрд хавьд хүн ирэх вий гэж бодоод шууд босон зугтав. Гэтэл мотоцикльтой хүн булан тойроод гараад ирэх нь тэр. Эргээд зугтах гэтэл өөрийнх нь нэрээр дуудаж буйг сонсоод тэр зүгт гүйлээ. Замаас нь тосох байсан Хайдав бус аав нь байв. Аав нь “Хаачдаг моньд вэ” хэмээн зэмлэнгүй хэлээд хурдаллаа. Хэргийн газраас нэлээд холдоод болзсон газраа Хайдавтай гурвуулаа уулзлаа. Цүнхэнд 25 мянган төгрөг байв. “Одоо энэ мөнгийг хэрэглэж болохгүй. Их мөнгө гаргавал сэжиг авна. Харин хүүдээ амттай зүйл авч өгнө гээд” хэдэн зуут гаргалаа. Ингээд Сэрээтэрт хиам, молоко, алим авч өгөөд байх ёстой газар нь хүргэж өглөө. Цагдаагийн байгууллагад хэргийн талаар мэдээлэл ирж бөөн ажил мандав. Дугар тэр өдөр эзгүй байсан ч сэжиглэх хүн нэг ч байсангүй. Ингээд хийсэн хэргээ нам дарах тангараг тавин салцгаав. Ажил дээрээ өглөө ирэхэд цол доогуур ажилтнууд нь юу болсон, яасан талаар ам уралдан түүнд ярив. Анх удаа сонсож байгаа дүр үзүүлж, санаа алдан шогширч байв. Ингээд дарга дээрээ орон гэмт хэрэгтнийг илрүүлэх ажилд гар бие оролцож, машинаараа үйлчилье гэснийг дуртайгаа хүлээн авав. Тэрбээр залуу мөрдөн байцаагч дагуулан машинтайгаа явахдаа хэнтэй уулзуулах, хаагуур явахаа мэдэж байгаа учир жинхэнэ хэрэг болох хүмүүстэй уулзуулалгүй тойруулсаар. Үүнийг цагдаагийнхан хэрхэн мэдэх билээ. Цаг хугацаа өнгөрсөөр хэрэг илрэхгүй л байв. Цагдаагийн түүхэнд илрэхгүй, онц ноцтой хэргийн тоо нэгээр нэмэгдлээ.

Нэг өдөр хүү Сэрээтэр нь суллагдлаа гэсээр ирэв. Хүү нь суллаж авсангүй гэж уурласан ч Дугар юу гэж хэлж, яаж аргалахаа хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх учир тайвшруулж дөнгөв. Хайдав, Дугар нар ярилцаад Сэрээтэрийг хотод байлгаж болохгүй хэмээн орон нутагт ажиллах санал тавьж нэлээд мөнгө өгөөд явуулав. Гэсэн ч Сэрээтэр тэнд суурьших шинж алга. Төд удалгүй эргээд ирэв. Хотод ирээд эхнэртэй болж, Хайдав, Дугар нарын  сэтгэлийг бага ч гэсэн амраажээ. Гэсэн ч тэд ам алдаж болохгүй, эхнэртээ юу ч ярьж болохгүй гэж байнга сануулна. Үр хүүхэдтэй болсон тэрбээр ажил хийж хүний дайтай амьдаръя гэж боддог ч сурсан занг сураар боож болдоггүйн адилаар үе үе хулгай хийж хэл ам татална. Эхнэр нь гуйж, уйлж түүнийг ятгана. Ямар өвчин туссаныг мэдэхгүй гэнэт хүүхдүүд нь өвдөв. Өвчин хүндэрсээр хоёр хүүхэд нь дарааллан амь насаа алдав. Сэтгэл санааны хүнд дарамтанд орсон тэр нэгэн өдөр эхнэр нь ууртай гэртээ ирэв.

 “Чи ямар гээч нь бүрдсэн хүн юм бэ. Би хүнд үзүүллээ. Чамаас болсон хэрэг гэж байна. Чамайг энэ насандаа байж боломгүй бузар хэрэг үйлдсэн гэлээ. Би чамтай амьдарч чадахгүй” гээд салаад явав. Энэ өдрөөс эхлэн Сэрээтэр архи ууж, Дугар, Хайдав хоёрыг айлгах болов. Тэд Сэрээтэрийг хөнөөе гэж  ярьж байв. Гэтэл бүтэл муутай тэрбээр өөрөө дээрэм хийгээд тортой хашааны цаана орчихов.

Өвчин хүндэрсээр хоёр хүүхэд нь дарааллан амь насаа алдав. Сэтгэл санааны хүнд дарамтанд орсон тэр нэгэн өдөр эхнэр нь ууртай гэртээ ирэв.

Энэ үйл явдал өрнөсөөр гэмт хэргийн санаачлагч Хайдав, Дугар нар ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Сэрээтэр энэ насныхаа ихэнх хугацааг шооронд өнгөрүүлсэн хүн. Аргаа баран нэг өдөр “Би хүн шиг амьдрах тавилангүй хүн үү. 25 жил өнгөрлөө” хэмээн уйлж байгааг хянагч нь сонсоод дарга нартаа хэлжээ. Дарга нар нь энэ мэдээллийг дээш нь дамжуулснаар шалгах  санаа Ц.Жамъяансэнгээд төрөв. Түүнийг байцааж, шалгаснаар 25 жилийн өмнөх 25000 төгрөг, хоёр хүний амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлж гэмтнийг тогтоож, шийтгэжээ.