m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.15 09:06
494
Б.Норовсамбуу: Төрийн хүсэлтээр төвд ирж байлаа

 

-Хоолондоо хүрсэн, гавьяат цолтой хүнийг сургахгүй гэхэд нь учиргүй уйлж билээ-

Циркийн хаалгаар ороод бэлтгэлийн өрөөний зүг алхаж явтал “Хөлөө чигээр нь аажуухан буулга. Тохойгоо аажуухан тат. Нуруугаа хотойлгоорой, гараа дээш нь” гэхчилэн хэн нэгэн багш шавьдаа зааж сургаж буй дуулдав. Өрөөний үүдэнд иртэл  үсэнд хяруу унаж, таяг тулсан буурай байсан нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Норовсамбуу гуай байв. Дал дөхсөн хэрнээ алтан манежнаасаа өөрийгөө хөндийрүүлэлгүй яваа түүнээр бахархаж бас баяр хүргээд ярилцлаа.

-Сайн байна уу, та. Сайхан өвөлжиж байна уу?

-Сайхаан, сайхан өвөлжиж байна уу.

-Миний үеэс дээш насныхан таныг хэн болох, Монголын түүхэнд хэрхэн нэрээ мөнхөлсөн, алдар цуутай хүн бэ гэдгийг сайн мэднэ. Харин залуу үе маань сайн мэдэхгүй байгаа нь харамсалтай. Тэдэнд мэдээлэл өгөх үүднээс өөрийгөө товч танилцуулъя, тэгэх үү?

-Тэгье ээ,тэгье. Чи хэдэн настай вэ?

-38.

-Далаад оны хүүхэд байх нь. Нээрээ та нарын үеэс дооших нь сайн мэдэхгүй байх аа.Тэгэхээр товч танилцуулах хэрэгтэй болох нь. Уран нугараач гэдгийг маань мэдэх байх аа. Би Завхан аймгийн Сантмаргад сумын уугуул хүн. Аймгийнхаа Сонгино сумын бага сургуулийн хоёрдугаар ангиа төгсөөд хот руу ирсэн.

-Хот руу ирсэн шалтгаан бол тодорхой, циркийн сургуульд сурах гэж үү?

-Тийм ээ, төрийн хүсэлтээр төвд ирж суурьшиж байсан хүн.

-Таныг хүүхэд байхад цирк Монголд хөгжөөд удаагүй байсан шүү дээ. Та яаж яваад циркийн шалгуурт тэнцсэн юм бэ?

-Дунд сургуулийн хүүхдүүд өвөл амардаг даа. Тэр үед бидэнд Дэлхийн залуучууд оюутны V наадмын баримтад киног үзүүлсэн юм. Монгол нэг эгч нугарч буйг хараад их сонирхсон. Тэр хүн Мажигсүрэн гуай байсан юм билээ. Тэгээд л түүнийг дуурайж нугарч үзэж, биеийн тамирын багшдаа шалгуулсан болоод өнгөрсөн юм.

-Тэгээд хэн таныг хөтөлж нийслэлд ирэв?

-Наадмын үеэр Увс аймагт урлагийн мастеруудын тоглолтод оролцсон хүмүүс манай Сонгино сумаар дайрсан юм. Манай биеийн тамирын багш уран нугараач Мажигсүрэн эгчид намайг үзүүлсэн юм. Тэр бригадыг Соёлын яамны мэргэжилтэн н.Балчиндорж гэдэг хүн ахалж яваад намайг харсан юм билээ. Тэгээд л хотод ирээд энэ талаар танилцуулсан гэсэн. Ингээд л манай сумын захиргаанд Соёлын яамны бичиг ирсэн юм. Тэгээд л ээж маань хамаг малаа нэгдэлд өгөөд, намайг хөтлөөд хотод ирсэн. Соёлын яам надад тавдугаар сургуульд оруулж, хичээлдээ явангаа бэлтгэлдээ хамрагдан циркийн хаалгаар орсон доо. Циркийг үүсгэн байгуулагч Л.Нацаг, Л.Ванган нар манай ээжийн хамаатан болохоор бид тэднийхнээр гэр хийж явсан.

Намайг циркэд ороход Т.Цэнд-Аюуш багш угтаж авсан. Анх 1958 оны намар Хэнтий, Дорнод аймаг руу тоглолтоор явсан. Хэнтий аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэн бол миний анхны тайз. “Цэцгэн дээрх эрвээхий” гэдэг үзүүлбэрээрээ циркийн шинэ жилийн тоглолтод оролцон, анх удаа жүжигчин гэж зарлуулж байлаа. Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор цоо шинэ тоглолт бэлтгэе гэсэн санал яамнаас ирсэн юм билээ. Ингээд надад Монголын циркийн тайзнаа ганц ч удаа тавигдаагүй шинэ номеруудыг үзүүлэх боломж олдсон.

-Таны цэцэг зуугаад удаан тогтдог үзүүүлбэрийг хүүхэд насандаа үзээд үнэхээр их биширдэг байж билээ. Та хэдэн минут тогтдог байсан юм бэ?

-Мэргэжлийн хэллэгээр зубник гэдэг юм. Хэдэн минут тогтож байснаа тоолж үзээгүй л дээ. Дэлхийн дээд амжилт нь 2-3 минут болоод байх шиг байна. Багш тогт гэвэл тогтоод л байдаг байлаа. Хөгжмийн аяндаа тохируулан үзүүлбэрээ хийдэг юм.

-Таныг тоглолтоор гадаадад явж байхад биеийг тань барьж үзээд, нугастай хүн үү гэж шалгадаг байсан гэсэн үү?

-Цирк огт хөгжөөгүй Африкийн орноор тоглолтоор явж байхад тийм зүйл болж байсан.

-Нэг зүйлийг би бодоод явдаг юм. Уран нугаралт нь ер нь хаанаас гаралтай урлаг вэ. Надад Монголынх юм шиг санагддаг юм. Түүнийгээ батлаад ЮНЕСКО-д хандаж болдоггүй юм болов уу?

-Уг нь энэ талаар хөөцөлдөөд бичиг баримт цуглуулж өгсөн юм билээ. Зарим нэг баримт дутуу гэсэн шалтгаантай хойшилсон гэж дуулсан. Одоо таг чиг л байна. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд Шаравсамбуу гэдэг 70 гарсан малчин хөгшин нугаралтын үзүүлбэр үзүүлж буй түүхэн зураг байдаг юм. Түүнээс гадна Хубилай хааны үед үегүй мэт нугардаг охид байсныг гэрчлэх баримт бий. Мөн Данзанравжаагийн Саран хөхөө чуулгат уран нугаралтын үзүүлбэр байсан юм билээ.

-Та ингэхэд циркийн манежнаа хэдэн жил гарсан юм бэ. Одоо ч та энэ тайзныхаа ард зогсож байгааг харах бахархалтай сайхан байна?

-Уран бүтээлийн хоёр үе бий л дээ. Эхэндээ хүний найруулсан үзүүлбэрийг тайзнаа амилуулах, дараа нь өөрөө найруулаад бусдад зааж сурган сонирхуулах. Би тайзаа нугарсан нь 1959 -1962 он. Тэрнээс хойш нугарахын хажуугаар багшилж, шинэ номер найруулж, шавь нартаа заасан. Одоо хүртэл ажиллаж буйгаар тооцвол 55 жил өнгөрчээ.

-Та циркийн ямар сургууль төгссөн юм бэ?

-Шавь сургалтаар төгсөж 1961 онд циркийн жүжигчин гэсэн үнэмлэхтэй болсон. Дунд сургуулиа алтан медальтай төгсөөд МУИС-ийн гадаад хэлний ангид хуваарилагдсан. Онц төгссөн хүүхдүүдээс шалгалт авдаггүй ч элссэн сургуулийн удирдлага хурлаар оруулдаг байсан юм. Н.Жамбаажанцан гэдэг доктор “Хоолондоо залгасан гавьяатыг сургахгүй, сураад яадаг юм. Харин оронд нь нэг малчны хүүхэд сургана” гэдэг байгаа. Тэр үед би уйлаад гарч билээ.

-Та чинь Монгол Улсын хамгийн залуу гавьяат шүү дээ?

-Тиймээ дунд сургуулиа төгсөөд 18 настайдаа гавьяат жүжигчин болсон. Соёлын яамнаас албан тоот ирж байж 1966-1971 онд МУИС-д суралцан англи хэлний багш-орчуулагч мэргэжилтэй болсон. Хожим нь нөгөө Жамбаажанцан гуай “Нөхөр минь гавьяат энэ тэр гээд хичээл таслаад байна уу, үгүй юу” гэхэд нь их эмээдэг байж билээ. Би ажлаа хийнгээ бас сурч улаан дипломтой төгссөн. Ангийнхан маань ажил хийдэг баян оюутан гээд л намайг явуулна аа. Тэр үед нэг асуудал гарсан юм билээ.

-Ямар?

-Оюутанд цалин өгдөг байсан. Гэтэл би циркийн жүжигчин учир бас цалинтай. Хоёуланг нь өгөхөөр давхардах гээд хэрхэхийг надаас асуусан. Оюутны цалин 250, жүжигчний  цалин 750 төгрөг юм чинь цалингаа сонгосон. Үнэндээ тэр цалингаа ээждээ л өгнө. Өөртөө таван төгрөг л авч үлддэг байсан юм.

-Та мундаг сурлагатай хүүхэд байж ээ. Байнга л алтан медальтай онц төгсөөд л ?

-Удмын нөлөө надад тусаа өгсөн байх. Ванган ахын аав Ангаа маань Улсын бага хурлын дарга байлаа. Их ч зүйл уншина, судална. Ванган ахынд байсан болохоор ном уншиж, элдэв зүйл сурч мэдэхэд том түлхэц болсон. Ярьж үглээд байхгүй л дээ, Ванган ах. Зүгээр л үйлдлээрээ харуулчихдаг хүн байж билээ. Би гавьяат болчихоод Ванган ахынд очлоо. Ах баяр хүргэе гэхийн оронд миний урдуур төрийн шагналын хоёр одонгоо зүүгээд алхаж билээ. Эргээд бодох нь гавьяат болоод биеэ тоох хэрэггүй, дараагийн амжилт их бий гэдгийг тэр үйлдлээрээ надад ойлгуулчихсан юм даа.

-Таныг төрийн мэдлийн хүн гэж ярьдаг байсан гэсэн. Хүнтэй суух, хүүхэд гаргах нь хориотой байсан гэдэг. Бас хатуу шаардлага шүү?

-Тийм ээ тийм. Надаас өмнө нугарч байсан Мажигаа, Доржпалам эгч 19-тэйдөө хүүхэд төрүүлсэн. Төрсөн хүний бие хатуурч нугарахад хэцүү болдог гээд хорьдог байсан. Нугараачид эрт төрөөд байсан болохоор надад хатуу шаардлага тавьсан байх. Би 39 настайдаа хүүгээ төрүүлсэн.

-Дэлхийн тавцанд сонгодог урлагаар Монголын нэрийг гаргаж явсан Оюун гуай бас нэг хүүхэд төрүүлсэн билүү?

-Оюун маань хоёр хүү төрүүлсэн. Ер нь хүүхэд төрүүлэхийг хорьдог байсан. Ямар сайндаа нэг хүүхдээ Г.Жамъяандагва гуайгаас нууж пийшингийнхээ араар орж байхав дээ.(инээв)

-Та насаараа л  цирктэй холбоотой явлаа. Циркийн манежнаа гарах, үүдээр нь орж ирэхэд таньд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Сайха,н өгөөжтэй, энергитэй газар шүү дээ, цирк. Сүсэг биширлээр ярьвал Дарь эхийн сүмийг засаад цирк болгосон гэдэг. Дээр үед циркийн орчим газар шорооны ажил хийж байхад эрхи энэ тэр гарч ирдэг л байсан. Одоогийн Дашчойлин хийдийг манай циркийнхэн л авч үлдсэн. Байр байшингаа булаацалдалгүй циркийнхэнд баярлалаа гэж хэлэх зүйтэй байх.

-Одоогийн циркийг та хэрхэн дүгнэдэг вэ. Хувьчлалын асуудал олон шүүмжлэл дагуулсан?

-Циркийн хувьчлалыг би эхнээс нь эсэргүүцсэн. Циркийн бүх ажилтнуудыг цалинжуулаад, уран бүтээлийн зардлыг даагаад явах бэл бэнчинтэй хүн Монголд байхгүй. Хувьчилснаар цирк тав салж, хүч тарамдан, бодлого нь алдагдсан. Одоо Үндэсний цирк гэсэн статустай хэдхэн хүн байна. Манеж, бэлтгэлийн жижиг өрөө нь  л биднийх юм даа.  Хувьд өгчихөөр уран бүтээлч цалингүй болдог юм байна.

-Циркийн ажилтнууд цалингүй хэрнээ яаж амьдардаг юм бэ?

-Ихэвчлэн гадаад худалдаанд гарна. Хийж чаддаг зүйлээрээ гадаадад ажиллаж амьдардаг. Нөхцөл байдал ийм л байгаа.

-Цирк бараг үгүй болж багш нар байхгүй болчихлоо. Цаашдаа яах бол?

-Би энэ асуудалд үнэхээр их харамсдаг. Циркийн багш номерийг гаргадаг. Тэр үзүүлбэрийг хэрхэн хүргэхийг найруулагч хариуцдаг. Гэтэл одоо найруулагч, багш аль аль нь байхгүй. Дээр үед бодлогоор бэлтгэдэг байж дээ. Одоо тийм бодлого ч алга.

-Таны гар бэртсэн юм шиг харагдаад байх юм. Уран нугаралтаас үүдэлтэй гэмтэл үү?

-Халуун хүйтний харшлаас үүдэлтэй үе мөчний өвчин. Үе мултарч өвддөг болоод 28 жил болж байна.

-Манай ССАЖЯ дэлхийд нэрээ гаргаж байсан тамирчдад тэтгэлэг олгодог болсон нь сайн хэрэг. Гэхдээ урлагийн салбарынхныг орхигдуулаад байх шиг. Тухайлбал циркээс та, сонгодог урлагаас Оюун, Загдсүрэн, Уртнасан, Хайдав, Жамъяандагва гэх мэт түүх болсон хүмүүс гарын арван хуруунд багтахаар цөөн шүү дээ. Ихэнх нь одоо бурхан болчихлоо. Амьд сэрүүн байгаа хүмүүстээ тэтгэлэг өгч яагаад болдоггүй юм бол?

-Би одоо циркээс цалин мөнгө авдаггүй. Гэхдээ сайн жүжигчин бэлтгэхэд мэддэг чаддаг бүхнээ хэлж өгөхсөн гэсэн хүслээр байнга ирдэг юм. Миний тэтгэвэр 500 мянга, ардын жүжигчний нэмэгдэл 200 мянга. Ийм л орлоготой байна даа.

Улс надад эхлээд хажуу өрөө, дараа нь нэг өрөө, хожим нь хоёр өрөө байр өгсөн. Улсаас өгсөн байрандаа одоо хүртэл амьдарч байгаа. Хожим нь Канадын Нарны циркэд таван жил ажиллаж, хүүгээ байртай, өөртөө зуслангийн байшинтай болсон. Урлаг ер нь их харгис хатуу байдаг л даа. Одоо би шавь нартаа эртхэн сайн ханьтай болоод, дараа нь ажлаа хий гэж хэлдэг юм. Эмэгтэй хүнд сайн хань хамгийн чухал шүү дээ.

-Таниар бахархаж, ойроос харахсан хэмээн бодож явдаг байлаа. Тантай уулзаж ярилцсандаа баяртай байна. Таны ажилд амжилт, аз жаргал, урт удаан наслахыг хүсье.

-Баярлалаа, миний охин. Та нарт ажлын амжилт хүсье.