m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.18 04:23
66
Номхон далайн орнуудын ЗХЖШ-ын дарга нар чууллаа

Брунейн Даруссаламын Вант Улсын нийслэл Бандар Сери Бегаван хотод энэ  сарын 3-6-ны өдөр  “Номхон далайн орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын бага хурал” боллоо. Уг хуралд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Мягмаржав нар оролцжээ.

Бага хурлыг АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлал жил бүр уламжлал болгон Ази, Номхон далайн аль нэгэн улстай хамтран зохион байгуулдаг бөгөөд 16 дахь удаагийн бага хурлыг Бруней Даруссаламын Вант Улсын БХЯ-тай хамтран тус улсын нийслэл Бандар Сери Бегаван хотод  зохион байгуулжээ.

Тус хуралд Австрали, Балба, Бангладеш, БНСУ, БНХАУ, Бруней Даруссалам, Вьетнам, Индонези, Их Британи, Камбоджи, Канад, Лаос, Малайз, Малдив, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Франц, Сингапур, Тайланд, Тонга, Чили, Шинэ Зеланд, Япон Улсуудын ЗХЖШ-ын дарга нар болон дэд дарга нар, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлагч оролцсон байна. 

Энэхүү хуралд Номхон далайн орнуудын цэргийн дээд удирдлагын бүрэлдэхүүн оролцож, бүс нутгийн аюулгүй байдал, аюулгүй байдлыг хангах хүрээнд гарч буй хүндрэл бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн даван туулах арга замуудыг хэлэлцдэг бөгөөд Зэвсэгт хүчнүүдийн хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн орнуудын харилцан итгэлцлийг хамтын ажиллагаагаар бэхжүүлэхэд чиглэгддэг.