m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.18 08:54
211
Э.Үржинханд: "Олз" өгүүллэг

“-Юу юм бол оо? Мөнгө шиг л харагдаад байх юм?” хэмээн Ганбаа эрүүндээ гараа хүргэнгээ байшингийн булан дахь цаасан хайрцаг дотор үрчийн хэвтэх цүнх рүү сониучирхан харна. Өдөр бүр барилгын ажил, тоосго шавартай зууралддаг тэрээр  үргэлж л гэнэт их мөнгөтэй болж, баяжих тухай мөрөөддөг.
Үе үе бороо шивэрсэн тийм нэгэн өдөр.

Ганбаа урьдын адил мөрөөдсөөр харьж оддог тэр л замаараа алхаж яваад санамсаргүй гэнэтийн олз олж харсан нь энэ. 
“-За, юу ч байгаа юм билээ, хэн нэг нь л хэрэггүй хогоо хаясан биз” хэмээн явахаар завдахад яагаад ч юм мөнөөх савхин хар цүнх анхаарлыг нь татаад нэг л болсонгүй. Ганбаа эргэлзэн байж:
“-Их мөнгө намайг хүлээгээд хэвтэж байгаа ч юм билүү, ийм цүнхэнд хог хиймээргүй л байлтай. Юу ч гэсэн очиж үзье байз...” гэж зурвасхан бодлоо.
. Чингээд бусдын анхаарал татахгүйн тулд хэн нэгнийг хүлээж байгаа дүр эсгэн нааш цааш холхих зуураа  аажмаар ойртсоор бүр дэргэд нь ирэв. Эргэн тойрноо тандан харвал ойр хавьд хүн алга. 
Бороо ганц хоёр дуслаар шиврэхэд цүнх энд тэндээсээ норон цоохортож эхлэв. Дутуу татсан цахилгааны завсраар цухуйх цайвар ногоон зүйлийг дөхөж харвал яах аргагүй мөнгөн дэвсгэрт байлаа. Ганбаа нүдэндээ ч үл итгэн гайхаж сандрахын хажуугаар “-Ингээд баяжчихлаа гэж үү” гэх муйхар бодол зэрвэс төрж, эгэл бусын баяр хөөр түүнийг дотроос нь эзэмдэн авав.
“-Эвтэйхэн сиймхийг харж байгаад бушуухан авах юм шүү, дотор нь өөр юу ч байгаа юм билээ” гэж бодоод ийш тийш болгоомжтойхон харсаар цүнхний оосроос атгав. 
Чингээд хээв нэг өөрийнхөө цүнхийг барьж яваа царай гарган дуу аялах аядаад цүнхийг баруун мөрөндөө үүрч, түргэн түргэн алхсаар тэндээс холдов. Харин ийнхүү сандрах баярлахын хооронд хөглөсөөр явж одоход түүний араас хулгайлсан мөнгөө эрсэн хоёр залуу гүйлдэн ирэхийг анзаарсангүй. 
Тэнгэр бүрхэж, бороо шиврээд даарч жиндсэн зэврүүн царайтай хүмүүс шүхэртэй нь шүхрээ барьж, шүхэргүй нь захаа босгон алхална. Ганбаа тэдний дунд орж, түгшсэндээ зүрх нь түг түг цохилохын зэрэгцээ бөөн мөнгө олсон болов уу гэхээс догдолж ядна. 
“-Багц багц мөнгө түнтийлгэж яваа бол ямар гайхалтай вэ” гэх зэргээр янз бүрийн таамаглал толгойд нь эргэлдэнэ. Үүний хажуугаар бас цүнхээ алдахаас болгоомжилж, биедээ наалдуулан чанга гэгч нь тэвэрлээ.  Тэмтрэн үзвэл үнэхээр багцалсан мөнгө гэмээр хэсэг хэсэг хавтгай зүйл мэдрэгдэх нь тэр.  
Хурдхан шиг л уудалж үзэхийн хүслэн болж шиврэн орох бороон дундуур яаран алхлаа. Элдвийг бодож явтал гэнэт утас нь дугарав. Ганбаа цочсондоо золтой л хашгирсангүй.  Сандарч тэвдсэнээ нуун байж эхнэр Солонгынхоо ямар нэг зүйлээ алдсан тухай алдаг оног сонсож амжив. 
“-Юу гэнэ үү, юу алдсан гэсэн бэ, яасан юм бол оо?...” хэмээн өөртэйгөө барим тавим ярьсаар эхнэр лүүгээ очих санаатай такси барихаар зам руу дөхөв. Хаашаа ч юм яарах жолооч нар дуут дохиогоо хангинуулах нь чихэнд чийртэй санагдана. Гараа өргөж машин бүрийг царайчлан зогсоход шиврээ бороо түүнийг аажим норгохын хэрээр үс нь шалбайж, шанааг нь даган борооны ус дуслана.
Хотын байрнуудын нэгэнтээ орших даруухан үсчний газар ажилладаг эхнэр Солонгоо нь шинэ тоног төхөөрөмж авахаар хадгалуулсан эзнийхээ цүнх дүүрэн мөнгийг алдаад мунгинан байж нөхөртөө хэлснийг Ганбаа төдийлөн ухаж ойлгосонгүй.
Өдөржин шивэрсэн борооны ус замын хашлага даган жижиг горхи адил мурилзан урсана. Яарч ядаж байхад  унаа олдохгүй нь нэн хяслантай. Ганбаа зам дагуу алхангаа:
“-Зүгээр л гудамжинд явж байгаад цүнх дүүрэн мөнгө оллоо гэхээр хэн итгэх билээ. Солонгоо ч бүр гайхна даа. Үгүй, ямар нь ингэж хамаг мөнгөө хаядаг байна аа? Тэнд хүн байгаагүй, өчнөөн хүлээхэд хэн ч ирээгүй болохоор энэ яах аргагүй бурханаас л надад бэлдсэн бэлэг байх ...” гэж өөрийгөө мунхруулна. Тэгснээ:
. “-Эсвэл хулгайн юм байвал яана? Ерөөсөө байсан газарт нь буцааж тавьдаг ч юм билүү?” хэмээн тээнэгэлзэв.
Баруунтаа бараантах үүлэн завсраар оройн наран орчлонд юу болж байгааг тандах мэт шагайснаа сүүмийн сүүмийсээр үүлэн цаагуур замхрав. Бороо нэг хэсэг чагнах мэт түр зуур завсарласнаа дахиад л зөөлөн зөөлнөөр шивэрч эхэлнэ.
Гэнэт нэг машин ус үсчүүлсээр  хажууханд нь ирж зогсов: 
“-Хүүе, Ганбаа. Хар усан борооноор юугаа хийж яваа юм бэ, наашаа суугаач” гэх дуунаар эргэж харвал түүний найз Батаа даллаж байв.
“-Өө, сайн хүн санаагаараа гэж, унаа олдохгүй ядаж байлаа...” гэсээр машинд суулаа.   Ажлын газрын Батаа харих замдаа хааяа түүнийг замаараа хүргээд өгчихдөг найрсаг занд нь дасал болсон ч үргэлж хэрэгт дурлаж явдагт нь Ганбаа дургүй билээ. 
“-Одоо бас юу асууж шалгаах бол доо, наад цүнх чинь гээд эхлэх вий дээ” хэмээн дөнгөж бодож амжтал: 
“За, харьж явна уу? Наад түнтийсэн юм чинь юу вэ хө” гэх нь тэр. Юу ч тохиолдсон эхнэртээ л эхэлж хэлдэг зангаараа болсон явдлын нууж: 
“-Солонгоогийн ажлаар ордог юм уу? Аан, энэ үү? Цүнх барьж үзмээр санагдаад ...” гэж тоглоомтойхон хэлээд маасайтал инээв. 
Усан бороо машины цонх даган урсана. Ганбаа цүнхээ тэмтэрсээр санамсаргүй гадагш хартал түүний ирсэн зүгээс урт үстэй хоёр залуу яаран сандран гүйлдсээр хоцрохыг санаандгүй харлаа. Батаа ч гэсэн тэднийг толиндоо харснаа:
“-Тэр хоёр сэгсийсэн юмыг хараач, үс зүс гэж айхтар аа?” гээд ярих юмаа олж ядсан хүн шиг тэрүүхэндээ инээвхийлэв. Чингээд Ганбаа санамсаргүй олз олсон тухайгаа эхнэртээ хэлэхээр яаран байж зорьсон газраа хүргүүлээд Батаад баярлаж талархсанаа илэрхийлэн салж одов. 
Яг энэ үед мөнөөх урт үстэй хоёр залуу хэн ч анзаарахгүй гэж тооцоолон тавьсан цүнхээ алдсандаа бухимдаж:
“-Байхгүй ээ, алга болчихож. Чи сайн харахгүй яасан юм бэ. Ийм ил газар яах гэж тавьсан юм бэ” гэлцэн маргалдсаар хоцрохыг хэн ч үл анзаарав. 
Ганбаа хотын цэмцгэр байрнуудын дундуур тогтоол болсон усыг тойрч том том алхалсаар үүдэндээ гадаад хүүхний зурагтай үсчний газар руу оров.
Нэг ч үйлчлүүлэгчгүйн дээр цаанаа эл хуль оргих эднийх ер нь өнөөдөр ажиллаагүй шинжтэй. 
“-За, орлого хэр байна даа?” гэсээр Солонгоо руу харвал цаадах нь дуугарсангүй. Харин хумсаа будаж суусан Бурмаа бүсгүй сонин дуулгахаар сайрхан байж Ганбаад хандан:
“-Ёстой нэг хачин юм болоод оо. Эзэн шинэ тоног төхөөрөмж авах мөнгөө Солонгоод түр орхиод явсан чинь алдчихсан байгаа юм даа. Бүхэл бүтэн цүнх алдаж байдаг...“ гээд шогшров.
“-Солонгоо минь, Тэр олон сая төгрөгийг одоо хаанаас олно оо?” гэж өөр нэг үсчин ам нэмэрлэв. 
“-За яахав дээ, эзэн уг нь гайгүй хүн. Тэгж байгаад учир нь олдоно биз” гэж Бурмаа хумсаа үлээнгээ хэлэхэд Ганбаа учрыг нүдээрээ асуух мэт эхнэр лүүгээ харав.
“-Түрүүн хоёр залуу орж ирсэн юм аа. Нэг нь үсээ угаалгаад нөгөө нь толины өмнө үсээ ийм тийм загвартай болгоно гээд айлгүйтээд байсан. Тэгээд санаанд ч орсонгүй. Гарсанаас нь хойш бараг цагийн дараа л мэдлээ... Цүнхтэй мөнгө яг энд байсан” гээд шургуулганы доод хэсэг рүү хуруугаараа заангаа Ганбаа руу бараг уйлах шахуу харав. 
Ганбаа ямар ч санаа зовсон шинжгүйгээр өрөнд орж цөхөрсөн эхнэртээ баяртай мэдээ дуулгахаар догдолж, юутай ч бушуухан гэртээ харихыг санал болгоод хамтдаа гарч одов.
Тэндээс гармагц Ганбаа хэрхэн яаж санамсаргүй олз олсон тухайгаа ярьж, хурдхан хамтдаа цүнхэнд юу байгааг харахаар тохиров.  Чингээд: 
“-Аягүй бол ингэхийг чинь мэдээд л бурхан зам дээр минь мөнгө тавьсан байх. Юм гэдэг учиртай. Одоо хоёулаа баяжсан. Миний хань, тэр өрийг нь төлчөөд энэ ажлаасаа гар гар. Хоёулаа одоо сайхан амьдрана аа” гээд баяр бахдалтай нь аргагүй түүнд мөнөөх цүнхээ үзүүлэхэд Солонгоо дуу алдан нүдээ бүлтийлгэж:
“-Хүүе ээ, энэ чинь...? Чи чинь хаанаас... ? Манай эзний хадгалуулсан цүнх  яг мөн байна шүү дээ” гэх нь тэр. 
Өдөржин шивэрсэн борооны бяцхан дуслууд дух шанааг нь дагаж, саяхан баяжих мөрөөдөл нь биелээд догдолж явсан Ганбаагийн баяр хөөрийг хаман урсах шиг болов.