m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.19 06:59
159
П.Дэлгэржаргал: "Эртний зураг" өгүүллэг

Би зусландаа одоо байнга байдаг болсон л доо. Хотын утаа униар, дуу чимээнээс хол сайхан байдаг юм. Бага хүү маань ирж байна уу даа. Хн манай ач ирж байна, одоо ч шулганаж гарна шүү дээ, оюутан болсон том охин гэвч надад эрхлээд жаахан чигээрээ л байх юм даа. 

Эмээ, эмээ гэсээр ач охин минь гүйсээр ирээд амьсгаагаа даран байж, эмээ ээ манай ангийнхан дадлагын ажлаараа монголынхоо түүхтэй холбоотой маш олон зураг цуглуулсан юм. Гэтэл тэр зурагнууд дотор таны зураг байхаар аваад ирлээ та энийг хар даа хэмээн надад хэдэн зураг сарвайв. Би нүдний шилээ өврөөсөө гарган зүүгээд, үзүүр ирмэг нь нугаларсан хуучны зургийг харлаа. Нэгэн зуны байшингийн гадаа хорь гаруй залуусын хамтдаа авахуулсан зураг байлаа. Ач охин маань эмээ та энэ байгаа биз. Та залуудаа их хөөрхөн хүүхэн байсан байна, энэ их сонин түүхтэй юм шиг санагдаад би аваад ирсэн юм гэлээ.

Тийм ээ, энэ үнэхээр их сайхан зураг байна, эмээ нь энэ зургийг тухайн үедээ олж авах гэж их хайж билээ, эрэх хэрэггүй зүгээр л чамайг авчрахыг хүлээх байсан юм байж дээ хэмээхэд эмээ та намайг дараа нь шагнаарай хэмээн духаа өгөн эрхлэн үнсүүлээд инээмсэглэл тодруулан гүйн одлоо. Тэгнээ тэгэлгүй яах вэ хэмээн би амандаа хэлээд нандин зургаа харан бодлогширов.

…Тээр жил яг энэ жилийн зун шиг дэлгэр цаг байсан юмсан. Хотын төвөөс бид нийтийн унаагаар явах ёстой байлаа. Би хэдэн хоногоор явах байсан тул арын ажлаа зохицуулж гүйсээр байгаад яг машин хөдлөхийн өмнө амжиж суулаа. Маш урт цуваа татуулан бид хотоос хөдөллөө. Би сүүлдэж ирсэн болохоор олдсон суудал дээр суухдаа нэгэн залуугийн яг өөдөөс нь хараад суусан байж. Хэдийгээр хар өнгийн нүдний шилтэй байсан ч би түүнийг зөнгөөрөө намайг ширтээд байгааг мэдрэн буун буутлаа ичингүйрэн, сэмхэн догдолсоор л байж билээ.

Бид хүрэх ёстой газраа очлоо, бүх хүмүүсийг баг болгон хуваан бас нэр өгөн энэ хэдэн хоногуудад зохион байгуулагчдын удирдлаган дор бүхий л арга хэмжээнд оролцох ёстойг анхааруулав. Яг л пионерийн зуслангийн багачууд шиг бүрээн дуунаар цугларч байх ёстой аж. 

Хийх ажил хүзүү татсан их байсан хэдий ч юунд ийшээ ирэх гэж зүтгэвээ хэмээн өөртэй хэлэн үүргэвчээ үүрэн байр руугаа явлаа. Цуг яваа хүмүүсээ харахад бүхий л насны хүмүүс байлаа, тэд бүгд өөрийнхөө хүүхэд шиг залуусаар удирдуулан байхад би ч бас бусдын жишгийг дагахаар шийдлээ.

Ингээд санаанд оромгүй олон тэмцээн, уралдаан мэтгэлцээн, бүжиг наадам, өрсөлдөөн эхэллээ. Сонирхсон сонирхсон салбаруудынхаа багт орон ухаан бодлоо уралдуулан, хоолондоо бүрээн дуунаар очин, их ажилтай хэдий ч их сайхан амралтын өдрүүд байв.

Яагаад вэ гэвэл бид бүгд л өөр өөрийн ажил, өөр өөрийн гэр орон энэ бүхнээсээ хол зүгээр л өөрийнхөөрөө байж, өөрийнхөөрөө сэтгэн, өнө хойчийнхоо тухай чин сэтгэлээсээ бүгд халуун дулаан яриа өрнүүлж байлаа. Бид цаг ямагт ямар нэгэн юманд яарсан, ямар нэгэн зүйлтэй холбоо хэлхээтэй байж, өөрийгөө уяж боодог аж. Үнэндээ энэ арга хэмжээнд явсандаа би баяртай байлаа. Миний эх оронд эх орныхоо сайн сайхны төлөө ийм зүйл хийх хэрэгтэй, энэ нь буруу гээд л бид багахан чуулган хийж, тухайн үеийнхээ удирдлагуудад өөрсдийн саналаа явуулсан юм.

Энэ арга хэмжээний талаарх мэдээллийг өгсөн бүсгүйтэй би яриа хөөрөө өрнүүлэн өрөөнийхөө бүсгүйчүүдтэй хамт оройн арга хэмжээн дээр байлаа. Бүжиг эхлэхэд бүгд л хос хосоо олон бүжин нисэн дүүлэлдэнэ.

Залуус эргэн тойронд хөнгөн хөгжмийн аянд бүжнэ, би тэрхэн хавьдаа орчноосоо тасран нүдээ анин өөрөө өөртэйгээ бүжиглэж байлаа. Ингэж бүжиглээгүй яасан ч их удаав дээ. Албан тушаал хүнийг нүдэнд харагдахгүй, гарт баригдамгүй дөнгөөр дөнгөлсөн байдаг аж. Хэнд ямар харагдаж байгаа бол гэсэн бодолгүй хөгжмийн аялгуунд уусан бүжиж байлаа. Гэтэл хэн нэгэн намайг цоо ширтэн халуу оргитол хүсэж буйг мэдрээд нүдээ нээлээ. Өмнө минь миний өөдөөс хараад сууж байсан хар нүдний шилтэй залуу байлаа. Тэрээр нүдний шилээ аван бас л над шиг нэг талаар өөрийнхөө багаа тайлсан гэлтэй. Бид хоёр өөд өөдөөсөө удаан ширтэлцлээ, би зөвхөн түүнд л зориулж бүжиглээд байна уу, эсвэл өөрийн орон зайг эвдэн бүжин буйгаа үл мэдэн бид холоос харц харцаараа баяр хөөртэй бүжсээр л байлаа.

Шөнийн тэнгэрт түм буман одод чуулсан тэр орой бүгд галын наадам дээр цуглацгаалаа. Дээш бүр дээш өндрийн өндөрт дүүлэхсэн гэсэн очис, тас няс хийн дуугаран шатаж буй мөчир, зуны шөнийн сэнгэнэм агаар, ой талыг цуурайттал хангинах хөгжим, залуусын тас тас инээх инээд, хорхог идээрэй гэх чимээ, машины гэрэлтүүлэг, моторын дуу, бөөн чимээ шуугиан. Гэтэл хэн нэгэн намайг араас минь тэвэрлээ. Эргээд хартал өнөөх залуу байлаа. Гадаа жиндүү, хөнгөн нимгэн хувцастай би нэлээн даарсан байлаа. Чи даарсан байна. Дулаацахын тулд бүжиглэх хэрэгтэй шүү дээ гэлээ. Намайг дулаацуулах гэж цамцаа тайлан өгөхөд би түүний томоос том цамцыг нөмөрлөө, тэгээд л аварга том галын наадмын гэрэл, илчийг тойрон, бие биендээ илч дулаан өгөх гэж хичээн бүжиж байлаа. 

Би түүний чанга тэврэлт, цоргисон харц, хайр булаам дүр төрхөөс хараагаа салгаж чаддаггүй ээ. Мянга мянган залуус байсан хэдий ч энэ орчлонд өнөөдөр л ганцхан түүнийг минь надад илгээгээ юу гэлтэй тийм их хайр энхрийлэл дүүрэн гар гараасаа атгалцан хоёр биендээ уусан, хэнээс ч хараат бус, эрх чөлөөт хайрын орондоо хамтдаа бүжин байлаа, үүр цайж болжмор шулганатал бид бүгд бүжиглэн наадсансан.

Маргааш өглөө нь бид хоёр нэг багт орон ухаанаа уралдуулан байтал бидний зургийг авахаар хүн ирсэн юм. Тэр минь хамгийн арын эгнээнд зогсоод намайг урдаа тэврэн чихэн дээр минь би дараа төрөлдөө заавал чамтай л суух болно амлаж байна хэмээн шивнэж билээ. Би энэ үгэнд баясан хөөрч үг хэлэх гэж байтал наашаа хараарай зураг дарлаа гэж билээ. Ингээд би чамд хариугаа өгч чадаагүй юмдаг. 

Чи минь дээ, энэ олон он жилүүдэд би чамайг байнга дурсдаг байлаа, сайн сайхан яваасай, тэнгэр бурхан түүнийг минь ивээж байх болтугай гэж шивнэдэг. Энэ зургийг сайн харсан хүнд миний ичингүйрсэн харц, түүний минь нууцхан тэврэлтийн цаана ямар их хайр нуугдан буйг олж харж чадах билээ.

Дээд тэнгэрт эрхлэн наадах хоёр балчирхан хүүхэд энхрий сайхан үерхэлээ өнөө бидний дэлхийд үргэлжлүүлэхээр амлалт өгчээ. Цаг хугацааны зөрүү, сайхан хайрыг нь зөрүүлсэнийг мэдсэн ч энэ амьдралдаа өгсөн амлалт, үүрэг хариуцлагаасаа болоод наддаа ирж чадаагүй миний амраг минь дээ. Би чамайгаа бүх насаараа хайрлах юм гэж хэн мэдлээ дээ.
Би чамдаа насан туршдаа хайртай байсан, байсаар ч байх болно, эмгэн болсон миний өвөр дээр одоо чи бидний залуу насны хайр гэрэлтэж байна.

Чи минь сайн яваа юм байнаа, наддаа хайртай байж шүү дээ, баярлалаа амьдрал минь, нууцхан хайр минь миний амьдралд хайртай байгаагийн шалтгаан ажээ. 

Эмгэн болсон би түүнийхээ зургийг үнслээ. Чамдаа би очихсон гэж мөн ч их хүсдэг байж билээ. Цэцгийн үр салхинд хийсэн, мөрөөдлийн цэцэрлэгтээ цэцэглэнэ ээ. Үүн лугаа миний хайрыг салхи минь чи түүнд минь хүргэ дээ.