m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 00:47
75
Улсын нэр бүтэн байвал....

АСЕМ буюу Ази-Европын уулзалт 2016 онд манай улсад болох гэж байна. Европын холбооны 27 улс мөн Норвеги, Швейцар, ASEN-ны гишүүн 10 орон, Зүүн хойт Азийн 10 орон, Европын комисс, шинээр нэмэгдсэн Казакстан,  Хорват болон АСЕАН-ны нарийн бичгийн даргын газар гээд нийт 53 улсыг эгнээндээ нэгтгэдэг  энэхүү уулзалт манай улсад зохион байгуулагдах нь бага хэрэг биш. Монгол хүн зочноо хэзээд эрхэм хүндтэйгээр угтдаг уламжлалаас ч харсан энэ бол манай улсын хувьд түүхэн үйл явдлын нэгд яах аргагүй тооцогдоно. Тиймээс л хоёр жилийн дараа болох уулзалтад өнөөдрөөс хөл алдаж байгаа юм. Хөл алдах гэдэг муухай ч үг биш, муу ч утгатай биш. Ингэж хөөрцөглөхийн учир нь АСЕМ-аас наана бусад түвшний олон уулзалт, хурлууд манай улсад хийгдэхээр товлогдсон байна.

Энэ бол нөгөө талаар уулзалтын өмнөх шалгалт нь. Дэлхийд дуурсагдах  улсынхаа имижийг бүрдүүлэхэд хамаг анхаарлаа хандуулж байгаа энэ үед энэхүү уулзалт манай улсад зохион байгуулагдах нь нэг талаараа нэр хүндээ өсгөх завшаан. Монгол улсын төрт ёсны дэг жаягаас уламжлал шинэчлэл, ардчиллын замнал, хүмүүсийн харилцаанаас монгол хүний үнэт чанар, хоол үйлчилгээний соёлоос бидний хөгжил харагдах тул бид бэлэн үү гэж өөрсдөөсөө асууя. Монгол улсын Ерөнхийлөгчийн батламжийг нь гардаж авсан өдрөөс яригдаж эхэлсэн АСЕМ-ын уулзалтаар бид өөрсдийгөө хэн гэж харуулах вэ? Уулзалтаар ирэх зочид төлөөлөгчдийн зэрэг дэвийн мэдээлэл хараахан гараагүй байгаа ч монгол хүн зочноо дээр, доор гэж ялгадаггүй уламжлалтай. Айлд эрийн нэрээр орж эхнэрийн нэрээр гардаг шиг төрийн нэрээр хүрэлцэн ирж буй хүндэт зочдоо тав тухтай байлгаж, таатай сэтгэгдэлтэй буцаах үүрэг бидэнд ирлээ.

                                                               Ерөнхийлөгчтэй зэрэгцэх зиндаархал

Гадаад, дотоодын төрийн хүндэт зочны халдашгүй дархан байдлыг хангадаг тогтолцоог эрдэмтэд эртний Египет, Грек, Ромд төрт улс бий болоход үүссэн гэж үзжээ. Харин монголчууд  2220 гаруй жилийн түүхт төрт ёсны уламжлалтай гэвэл тэднээс дутахгүй болов уу. Чингис хааны төрт ёсны дэг жаяг, харуул хамгаалалтын тухай бид бишгүй ихийг мэддэг. Энэ түүхэн нэрээ энэ үед бид алдах эрхгүй. Ерээд оноос өмнө төрийн хүндэт зочдоо ихэвчлэн Нүхт, Их тэнгэр зэрэг төрийн тусгай хамгаалалттай газар авдаг байсан бол сүүлийн үед хувийн хэвшил энэ үүргийг түлхүү гүйцэтгэх болжээ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай болон олон улсын сүлжээ буудлуудын салбар манайд олноор нээгдэж байна. Хувийн ч бай, төрийн ч энэ салбарынхны  өчүүхэн алдаа эндэгдлээс улсын нэр гарах учир орчин үеийн дипломат харилцааны олон талт аюулгүй байдалд манайх хэр нийцдэг бол гэсэн асуулт сонирхол татна. 1996 оноос хойш Их тэнгэрийн зочид Чингис зочид буудал руу аажмаар шилжиж эхэлжээ. Тухайн үед хийгдсэн  Малайзын Ерөнхий сайдын айчлалын ажлын хэсгийнхэн Их тэнгэрийг орчны аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна гэж үзсэнээс ийм шийдвэр гаргасан гэнэ. Их тэнгэрийн зочдын хүнсний аюулгүй байдлыг хангадаг төвлөрсөн хүнсний лабортори Бага тэнгэрт ажиллаж байсныг ерээд оны эхээр татан буулгаж, тарааж бутраажээ. Энэ лабортори нь гадаадын хүндтэй зочид төлөөлөгчдийн хоол хүнсний хангамж болоод хүнсний аюулгүй байдлыг хариуцдаг байж.  Харин өнөөдөр гадны бүх л хүндэт зочдын хоол хүнсийг зочид буудлууд ихэнхдээ зах, дэлгүүрээс базаадаг гэж байна. Хил гаалиар орж ирж буй хоол хүнсний аюулгүй байдал манайд ямар хэмжээнд байгааг хэлүүлэлтгүй мэднэ. Төрийн дээд хэмжээний ихэнх зочид гал тогоо, тогоочтойгоо “нүүж ирдэг” тул асуудал гарах нь бага байдаг бололтой.

Эрхэм хүндтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авдаг Их тэнгэрийн зэрэг дэв энэ үед буурсан мэт санагдана. Хүндэт зочдын гадаад орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хөлөөс зайдуу байгуулагдсан уг цогцолбор бэлтэй иргэдийн амьдрах газар болсон талаар бишгүй л хэл ам дагуулсан. Ерөнхийлөгчтэйгөө зэрэгцэн амьдрах гэсэн зиндаархал ч яахав гэхэд Монгол төрийн зочдын аюулгүй байдлыг хангах асуудал бол өөр хэрэг. Томчуудын хувийн эдлэн маягтай болсон энэ газарт  байр сууцыг нь түрээсэлж байсан түүх ч бий. Харин Бага тэнгэрийг аялал жуулчлалын цогцолбор нэрээр зөвшөөрлийг нь аваад хоёр тэрбумын үнэтэй  хаусуудаар дүүргэсэн. Цаад эзэн нь далд ч, ил эзэмшигчид нь төрийн голдуу тэрбумтнууд. Монгол улсын данстай төрийн ёслолын аятайхан цогцолбор ажиллуулах сонирхол хэнд ч байсангүй. Үүнийг тусгай хангамжаас татгалзсан гэгээн үйлс гэхээсээ илүү улс оронд ирж буй эрхэм зочдын аюулгүй байдлын асуудлаас алхам ухарсан явдал гэж хармаар. Их, бага тэнгэрүүдийн байдал иймэрхүү байгаагаас үзэхэд төрийн зочдын нүүрийг хэдэн зочид буудал нь тахлаж байгаа нь мэдээж.  

Зочид буудлуудад  “оддын өвчин” тусах нь эрүүлийн шинж

Манай улс таван одтой, таван буудал, дөрвөн одтой мөн тэр орчим зочид буудалтай юм байна. Тэр орчим хэмээсэн нь энгийн жуулчны нүдээр харахад Монгол улс хэдэн одтой, хэдэн буудалтайг нь олж үзэхэд нэн төвөгтэй аж. Учир нь Монголын зочид буудлуудын холбооны болон  Аялал жуулчлалын гол сайт болох Жуулчны мэдээллийн төвийн мэдээллүүд нь бүгд хоорондоо зөрнө. Зарим мэдээлэлд таван одтой, гурван зочид буудал байгаа бол заримд нь тав гэсэн байна. Өчүүхэн ийм зүйлээс л бид аялал жуулчлалаар брэнд болъё , Монгол улсыг дэлхийд сурталчилъя гэж дэмий нэг хашгирдагаа харж болохоор. Нэгдсэн нэг мэдээлэлгүй, уялдаа холбоогүй олон байгууллагуудын үнэн төрх энэ.

Гэтэл үйлчилгээний ажилтны соёл, ур чадвараас улс орны нэр хүнд хамаарна. Гадаад хэл гадарладаг, их дээд сургуулийн дипломтой бол менежер, маркетер зэрэг албан тушаалд горилдог тул зөөгч, тогооч, өрөөний үйлчлэгч хийх хүн олдох нь хэцүү.

Зочид буудлуудад Тагнуул, Төрийн ёслол, Мэргэжлийн хяналт, дүүргүүдийн хүнсний аюулгүй байдлын байцаагчид гээд түмэн шалгалт хийгддэг. Энэ ч сайн л хэрэг. Харин чадваржуулж чанаржуулж, мэргэжлийн зөвлөгөө өгдөг, мэргэжилтнийг нь сургадаг газар байхгүй. Аялал жуулчлалын үндэсний төв яамны гэрээгээр од олгодог, мэргэжлийн холбоо нь ямар ч эрх үүрэггүй л сууж байна. Дээр өгүүлсэнчлэн хэрвээ гадны жуулчин, зочин хувиараа ирвэл Монголын одны зэрэглэлтэй 64 буудал тус бүрийн сайтыг шүүрдэж үзэх хэрэг гарах нь. Албаны зохион байгуулалт дор яваа улсуудад ийм бэрхшээл гардаггүй байх. Анх 1999 онд бүх зочид буудлуудад шалгалт явуулж хүчээр шахуу одны зэрэглэл өгчээ. Уг нь өрсөлдөөний зарчмаараа зочид буудлууд өөрсдөө энэ нэр хүндийн төлөө өрсөлдөж байх учиртай ч тухайн үед зочид буудлын хөгжил өнөөдрийнх шиг биш байсан тул ийм арга хэмжээ авсан байна. 2004 онд эргүүлээд арав гаруй зочид буудлуудын зэрэглэлийг бууруулж заримыг нь хураасан байна. Манай улсыг хөдөлгөгч хүч болсон бизнесийн салбар хувийн буюу гэр бүлийн бизнес дээр тогтдог. Зочид буудлыг толгойлж буй бараг бүх удирдлага нь мэргэжлийн биш байдаг нь үүнд нөлөөлсөн аж. Харин сүүлийн жилүүдэд олон улсын хөрөнгө оруулалттай болон сүлжээний зочид буудлууд нээгдсэнээр энэ салбарын стандарт, соёл эрс дээшилж байгаа юм. Өнөөдөр дээд зэрэглэлийн ихэнх зочид буудлууд орчин үеийн технологиор тоноглогдож, дотоодын болон улсын стандартыг мөрдөж ажиллаж байна. Дотоодод мөрдөгдөж буй зочид буудлын стандарт нь 2008 онд хамгийн сүүлд шинэчлэгдсэн бөгөөд зочид буудлын салбарын хөгжил хурдацтай болсон өнөө үед манайх цаг үеэсээ хоцорч байгааг мэргэжлийн холбооны удирдлага онцолж байна. Үйлчилгээнээсээ хоцрохгүйн тулд стандартаа ойрхон шинэчилж байж түүнийг мөрдүүлнэ. Өнөөдөр манай зочид буудлууд дэлхийн нэр хүндтэй зочдын хэрэгцээ, шаардлагад нийцэн тэднийг байрлуулснаараа жижигхэн зах зээлдээ ширүүн өрсөлдөөнийг бий болгож байгаа нь зөв жишиг. Олны нэр хүндтэй хүмүүсийг “оддын өвчнөөр өвчилсөн” гэж шоглодог. Харин дэлхийн нэр хүндтэй зочдыг байрлуулах, одны зэрэглэлээ улам ахиулах гээд “оддын өвчнөөр” зочид буудлууд “өвчилж” байхад буруу зүйл үгүй.

Улсын нэр бүтэн байлгахыг үйчлэгч мэднэ

“Нэр хугарахаар яс хугар” гэж монголчууд эрт дээр үеэс хэлсээр, хичээсээр ирсэн. Монгол улсад айлчилж, зочилж ирсэн хэн боловч монголчуудаас үйлчилгээ авна. Зочид буудлуудын хувьд өнөөдөр өөлөөд голоод байх юмгүй хэрээрээ л хичээж ажиллаж байна. Тоног төхөөрөмж, тавилга сэлт, хоол хүнс гээд бүх л талаар дэлхийн стандартад нийцэхийг зорьж байгаа нь бүх зүйлээс нь харагдана. Харин үйлчилгээний ажилтны ур дүй, соёл, боловсрол, тогтвор суурьшил хэн бүхний сэтгэлийг зовоож буй асуудал болоод байгаа юм. Зочид буудлын удирдлага, менежмент мэргэжлээр хүнээ бэлтгэдэг их, дээд сургуулиудыг төгсөгчид нь бүгд л дарга болохын хүслэнтэй. Зочид буудлын менежмент, удирдлагаар төгсчихөөд зөөгч хийгээд зогсохыг хүсдэггүй бололтой. Талхчингүй, гуталчингүй болж улс даяар ажилгүй хуульч, эдийн засагчтай болсон түүх зочид буудлын салбарт бас давтагдаж байна.

Уур уцаартай, ажилсаг биш монгол үйлчилгээтэй  “Найрсаг Улаанбаатар”-т зочноо урьж баймааргүй. Зочид буудлууд гадаад хэлтэй залуусыг шалгаруулан авч сургаж дадлагажуулахад нэлээд их цаг завыг зориулдаг тухай Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудлын ахлах менежер Б.Гэрэлмаа хэлж байна.

Гэтэл үйлчилгээний ажилтны соёл, ур чадвараас улс орны нэр хүнд хамаарна. Гадаад хэл гадарладаг, их дээд сургуулийн дипломтой бол менежер, маркетер зэрэг албан тушаалд горилдог тул зөөгч, тогооч, өрөөний үйлчлэгч хийх хүн олдох нь хэцүү. “Монголчууд бүгдээрээ Чингис хаан” гэсэн үг гарсан байсансан. Түүн шигээ хүнд үйлчлэх ажлыг өөрийгөө дорд үзсэн мэтээр сэтгэдэг хандлага үүнд нөлөөлж буй. Ресторанд ажиллагсдын дунд шилжилт хөдөлгөөн хамгийн их байдаг байна. Ажлын байр элбэг олдодгоос гадна монгол хүний ажил голдог, бэлэнчилдэг муу чанар эндээс цухалзана.

Үйлчилгээндээ гадны хүн ажиллуулж байгаа зочид буудалтай ч таарлаа. Бид гадны хүнээр ажлаа хийлгэхдээ хүрсэн тийм баян, ажилгүйдэлгүй болсон улс бил үү. Бидний дэлхийн тавцанд өсөн нэмэгдүүлэх гээд байгаа Монгол улсын имиж, монгол хүний үнэлэмж эндээс тогтоно. Уур уцаартай, ажилсаг биш монгол үйлчилгээтэй  “Найрсаг Улаанбаатар”-т зочноо урьж баймааргүй. Зочид буудлууд гадаад хэлтэй залуусыг шалгаруулан авч сургаж дадлагажуулахад нэлээд их цаг завыг зориулдаг тухай Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудлын ахлах менежер Б.Гэрэлмаа хэлж байна. Харин ингэсний эцэст орхиод явах тохиолдол олон байдаг аж. Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудал нээгдээд удаагүй байгаа ч хамгийн сүүлд, өндөр нэр хүндтэй зочин буюу хоёр хөршийн төрийн тэргүүнийг хүлээж авсан гэдгээрээ хуримтлуулсан туршлагын хамгийн шинэхэн нь эднийх болоод буй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бараа бологсод бүгд энэ буудалд тухалсан бөгөөд өмнөд хөршийнхнийг бодвол шаардлага нь арай гайгүй байсан талаар тэр сонирхууллаа. БНХАУ-ын дарга Си Зиньпиний хамгаалалтын албаныхан уг зочид буудалд гадны халдлагаас хамгаалах нэмэлт аюулгүйн тоног төхөөрөмж байрлуулсан юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин уг буудлаас хуушуур, бууз, банш захиалан идэж ихэд таалагдаж өндөр сэтгэгдэлтэй буцсан гэдгээрээ тэд бахархаж байна. Зочид буудлын энгийн нэг ажилтан л Монгол улсын имижийг дэлхийд бүрдүүлж байдаг. Монголчууд нэгэн үе зочломтгой ард түмэн гэдгээрээ нэршиж байсан. Зочломтгой зангаар монгол хүн имижээ бүрдүүлж яагаад болохгүй гэж. Төрийн том айлчлал амжилттай явагдах, талуудын уур амьсгал ая таатай байхад энгийн нэг үйлчилгээний ажилтны үүрэг байдаг гэхэд хэтрүүлсэн хэрэг болохгүй. Улс орнуудын төрийн айлчлалаас өмнө тэдгээр улсуудын багууд зочид буудлуудад чимээгүй шалгалтуудыг явуулдаг. Энэ ч жишгээр хоёр улсын төрийн тэргүүнүүдийн айлчлалын өмнө хэлээгүй шалгалтууд явагдаж эцэст нь Туушинг сонгосон. Бусад зочид буудлуудад ч энэ жишгээр нэр хүндтэй зочид байрлаж байсан. Тиймээс зочид буудлууд “хэзээ бэлэн” командтай ажиллах цаг үе иржээ. Зочид тухлах буудлуудад зам, зогсоолын асуудал хүндрэлтэй. Тиймээс л төрийн ордон руугаа аль болохоор ойрхон байрлах гэж чихцэлдэж байна. Айлчлалын үеэр олон замуудыг хааж ард иргэдэд хүндрэл учруулдаг нь цаашид авах арга хэмжээний талаар нэгийг хэлнэ. Зочид буудал олон байхын гай гэж үгүй. Монгол улсын дөрөв, таван одтой зочид буудлуудад  нийлээд Ерөнхийлөгчийн өрөө арав л байна. Харин олон байхын үндэс нь эргээд улс төр өөрөө. Эдийн засаг хямралтай, улс төр бужигнаантай, уул уурхай царцанги, аялал жуулчлал зогсонги өнөөгийн нөхцөлд дээд зэрэглэлийн зочид буудлуудын орлого хязгаарлагдмал. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэсэн үгээр зочдоо ирүүлэхийн тулд зочид буудлуудаа бэлдэх нь зөв. Гэвч зочид буудлуудаа амьтай байлгахын тулд улс төр өөрөө цэгцрэх хэрэгтэй болно.

А.Минжин