m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 04:08
134
Америк, япон легионеруудтай Үндэсний супер лиг эхэллээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн 2104/15 оны улирал өчигдөр эхэллээ. Энэ удаагийн лигт Баянзүрх дүүргийн “Ханталстын ирвэсүүд”, Төв аймгийн “Төв Ургац”, Говь-Алтай аймгийн “Монторх”, Баянгол дүүргийн “Шонхрууд”, “Хэнтий аймгийн “Хасу Мегаватт Чингис Сити”, Өвөрхангай аймгийн “Гэгээнхангай лидер” гэсэн зургаан баг өрсөлдөж байна. Гэвч нэгэн харамсалтай мэдээ дуулгахад энэ удаагийн лигт “Дорнод Танан гарьд”, “SBL Хасын хүлгүүд”, “Эрдэнэдрийлингс Ригс”, “Харцага” гэсэн дөрвөн шилдэг баг оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Хоёр холбооны зөрчил, тэмцээн уралдааны дүрэм журам нь ойлгомжгүй, шударга, тодорхой бус гэсэн шалтгааны улмаас дээрх багууд Үндэсний супер лигт тоглох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар эдгээр багийн эзэд Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран шинэ лиг зохион байгуулахаар хэлэлцэж байгаа сурагтай. Дээд лигийн тэмцээн зохиогдож эхэлсээр 20 дахь жилийнх нь ой тохиож буй энэ мөчид хоёр хэсэг хуваагдсан нь харамсалтай.

Энэ удаагийн лигт “Дорнод Танан гарьд”, “SBL Хасын хүлгүүд”, “Эрдэнэдрийлингс Ригс”, “Харцага” гэсэн дөрвөн шилдэг баг оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна

Хэдий тийм ч багууд япон, америк легионеруудаар хүчээ зузаатгажээ. Тэр дундаа “Шарлотт Хорнетс”, “Атланта Хоукс” багуудад хүчин зүтгэж байсан жинхэнэ NBA-гийн тоглогч Карлделл Жонсон хэмээх легионер ирсэн нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байгаа юм.  

Лигийн тоглолтууд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригуудад Спортын төв ордонд болох ба гурван тойрог өрсөлдсөний эцэст эхний дөрвөн байр эзэлсэн багууд плей-оффт өрсөлдөх эрхийг авах юм. Хасагдах шатанд уламжлал ёсоор түрүүлж дөрөв хожсон нь тэмцээний цааш үргэлжлүүлэх эрхтэй болно. Супер лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Сэнгүр” брэнд, “Спрайт” ажиллаж байгаа бөгөөд нийт шагналын сан 80 сая төгрөг гэнэ.

Нээлтийн тоглолт “Инчон 2014” Азийн наадмын шилдэг тоглогчдын нэгээр шалгарсан ОУХМ Т.Санчирыг эгнээндээ нэгтгэсэн “Шонхрууд”-“Монторх” багуудын хооронд болсон. Шинэ улирлын анхны оноог “Шонхрууд”-ын Төгсцогт авсан бөгөөд тэд эхний хагаст өрсөлдөгчөө илт илүүрхсэн. Гэвч гуравдугаар үеэс “Монторх”-ын довтолгоо, хамгаалалт нь чангарч, тоог тэнцүүлсэн (82:82) юм. Гэхдээ “Шонхрууд” төгсгөлийг сайн хийснээр 111:97-гоор анхны ялалтаа байгуулав. Энэ тоглолтод Т.Санчир 26, Дарин Мэнси 24, Э.Цэрэнбаатар 20 оноо авсан бол эсрэг багаас монголчуудын эчнээ танил, анхдугаар лигт “Хүлгүүд”-д, өнгөрсөн улиралд “Гурван тамир”-т хүчин зүтгэж байсан Крис Лоусон 35 оноо авлаа.  Дараагийн учраа болох “Ханталстын ирвэсүүд”-“Гэгээнхангай лидер”-ийн тулаан үндсэн цагт 91:91-ээр тэнцэж, нэмэлт цагт “Лидер” 100:97-гоор хожсон юм.

Сагсан бөмбөг сонирхогчдодоо сонирхуулахад Үндэсний супер лигийн тоглолтуудыг “Za TV”, сагсан бөмбөгийн анхны төрөлжсөн телевиз болох MNBA Sports сувгуудаар шууд үзэх боломжтой ажээ.