m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 04:12
22
Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авах тухай

Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг бий болголоо. Энэхүү шагналыг дурдсан бүтээл туурвисан нэг хүн, эсхүл нэг судлаачдын багт жил бүр олгох юм.

Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 тоот захирамжаар баталсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг үндэслэн “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2015 оны шалгаруулалтыг зарлаж байна.

1.Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлд тавигдах шаардлага
-судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл байх

-дотоод, эсхүл гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлэгдсэн, эсхүл бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн байх

-бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн шинэ санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх.

2.Дараах байгууллага шагналд нэр дэвшүүлэх хүсэлт ирүүлэх боломжтой:

-эрдэм шинжилгээний байгууллага

-их, дээд сургууль

-төрийн болон төрийн бус байгууллага.

3.Хүсэлт гаргах байгууллага нь шагналд нэр дэвшүүлэх бүтээлийн талаар дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ:

-нэр дэвшүүлж хүсэлт ирүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах, төв байгууллагын хурлын протокол, шийдвэр

-нэр дэвшигчийн эрдэм шинжилгээний бүтээлийн баталгаажсан жагсаалт

-нэр дэвшиж байгаа бүтээлийн товч танилцуулга, гарсан үр дүн

-нэр дэвшсэн бүтээлийн талаар тухайн салбарын хоёр эрдэмтний шүүмж

-нэр дэвшсэн бүтээлээс дотоод, эсхүл гадаадын судалгааны бүтээлд эшлэл авсан тухай баримт

-нэр дэвшигчийн анкет

-ажил байдлын тодорхойлолт

Нэр дэвшүүлсэн байгууллагын ирүүлсэн хүсэлт, протокол, тодорхойлолт, холбогдох бусад барим бичиг нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий байна.

4.Материал хүлээн авах, шалгаруулах хугацаа

Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаарх материалыг 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор Улсын Их Хурлын Тамгын газар доор дурдсан хаягаар хүлээн авч, 20 хоногийн дотор шалгаруулалтыг явуулна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар

Төрийн ордон

Харилцах хүн, утас: П.Амаржаргал, 264903

5.Шагнал урамшуулал

“Б.Чимидийн нэрэмжит шагнал” нь Монгол Улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, 5,000,000.00 (таван сая) төгрөгийн мөнгөн урамшууллаас бүрдэх бөгөөд шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Төрийн ордонд гардуулна.


                                                УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР