m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 05:04
44
Хуульчийн мэргэжлийн шалгалтад 312 хүн тэнцлээ

Хуульчийн мэргэжлийн шалгалт энэ сарын 12-14-нд болж өнөөдөр олон нийтэд дүнгээ танилцуулж байна. Уг шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэг сорьсон сорилго ба эрх зүйн тохиолдол шийдвэрлэх бодлого гэсэн хоёр үе шаттай явагдсан бөгөөд  1698 эрх зүйч бүртгүүлсэнээс 1506 хүн сорилгын шалгалтад оролцож түүнээс 747 нь тэнцэн, бодлогын шалгалтад оролцох эрхтэй болсон юм.

Үүнээс бодлогын шалгалтын дүнг нэгтгэсэн байдлаар харахад 312 хүн шалгалтын босго 70 оноонд хүрч тэнцсэн байна. Энэ нийт шалгалтад оролцогчдын 20 орчим хувь нь тэнцэж байгаа үзүүлэлт юм.

312 хүн тэнцсэн нь нийт шалгалтад оролцогчдын 20 орчим хувь нь юм.

Шалгалтад тэнцэснээр эдгээр хүмүүс цаашид шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох, нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх зэрэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх үүд хаалга нь нээгдэж байгаа юм.

Энэ удаагийн хуульчийн мэргэжлийн шалгалт нь монгол анх удаа ийм олон тооны оролцогчтойгоор нэгэн зэрэг цахим хэлбэрээр авсан. Ингэснээр хүний нөлөөлөл орох бололцоог хязгаарлан, түргэн шуурхай, шударгаар дүгнэх боломжийг бүрдүүллээ.

“Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн гишүүн төрийн бус байгууллагын төлөөлөл шалгалтын хянагчдаар ажилласан.

Шалгалтыг зохион байгуулалтын ажлыг хэсэг, гүйцэтгэл дүгнэх шалгалтын комисс, програмын найдвартай ажиллагааг хянах хяналтын зөвлөл, явцын хянагчид, туслах ажилтнууд гэх мэт  103 хүн ба цахим шалгалтын найдвартай ажиллагааг хангаж ажилласан Үндэсний дата төв, Кибер аюулгүй байдлын газар гэх мэт 7  долоон байгууллагын хамтын ажиллагааны үр  дүнд амжилттай зохион байгууллаа.