m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 05:14
336
Б.Навчаа: Би IQ өндөртэй хүн

“Хэцүү анги”, “Помогите нам”, “Рашаантын 18”, “Гоёлын даашинз”, “Ларьдма” зэрэг олон кинонд ааштай, бас адтай нэгний дүр бүтээснээрээ олонд танигдсан эршүүд, ил цагаахан үгтэй жүжигчин Базаржавын Навчаа манай урлагийн зочноор уригдсан юм. Тэрээр яг энэ өдрүүдэд “Мөрөөдлийн театр”-ын хамт олонтой Европын улсуудаар аялан тоглолтоор явж байгаа юм.

-Навчаа эгч ээ, сүүлийн үед сонин хачин юутай байна. “Мөрөөдлийн театр”-ын тоглолтод хамтарч ажиллаж байгаа бололтой?

-Уран бүтээлч хүмүүс чинь үргэлж л завгүй явах юм даа. “Мөрөөдлийн театр”-ын тухайд би хоёр дахь удаагаа хамтарч ажиллаж байна. Өмнө нь шоу чиглэлээр ажиллаж байсан бол энэ удаагийн тоглолт нь нэг үзэгдэлт жүжиг гэдгээрээ онцлог боллоо. Сүүлийн үед хүмүүс их бухимдалтай байна. Тэгвэл энэ бухимдалтай нийгэм, стресстэй Улаанбаатар хотод өнгөлөг, сайхан зүйлс зөндөө л олон байгаа. Ганцхан түүнийг олж харах нүд, сэтгэл л бидэнд дутаад байх шиг. Тиймээс ч “Мөрөөдлийн театр”-ын сүүлчийн уран бүтээл энэ баяр баясгалан, бидний олж харахгүй байгаа жаргалыг үзэгчдэд хүргэхийг хичээсэн гэдгээрээ онцлог болсон.

Ер нь уран бүтээлч хүн гэдэг хэнтэй ч хамтарч ажиллаж болно. Бидний мэргэжлийн л онцлог шүү дээ. Ямар ч урлагийн хүн уусах чадвартай байх ёстой.

-“Давхар цохилт” кино олны анхаарлыг их татсан. Менежмент их сайтай байлаа?

-Би ёстой энэ киног мэдэхгүй шүү. Хүмүүс намайг хийсэн эсвэл найруулсан гэж их андуурч ойлгосон юм билээ. Хэн нэгэн нь л буруу мэдээлэл тараасан юм шиг байна. Энэ кинонд би зөвхөн жижиг дүр л бүтээсэн. “Давхар цохилт” кино шоу биз Анхаагийн бүтээл шүү дээ. Хэрвээ миний оролцоотой кино байсан бол би ард нь нуугдаад байх шаардлагагүй шүү дээ.

-Яг одоо ямар нэг уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Байлгүй яахав. Миний хувьд “Ларьдма”-аас хойш “Үргээлэг” дээр хамтарч ажилласан. “Үргээлэг”-ээс хойш бол хөөрхөн амарчихлаа. Бараг жил болчихлоо. Тийм болохоор одоо яг өөрийнхөө өнгө төрхийг гаргасан кино хийнэ.

Яахав хүмүүс намайг “Ларьдма” киногоор харж, дүгнэж байгаа байх. Тийм болохоор би энэ киногоо давсан бүтээл л хийх ёстой.

Энэ сараас эхлэн бэлтгэл ажилдаа ерөнхийдөө орлоо.

-Таны эзэмшсэн мэргэжил жүжигчин үү, найруулагч уу?

-Би жүжигчин мэргэжилтэй. Сүүлд найруулагч болсон юм.

-Ер нь анх яагаад жүжигчин гэдэг мэргэжлийг сонгосон бэ?

-Яахав. Тухайн үед л тэгээд таарчихсан юм. Түүнээс бүр хүсээд, шунаад сонгосон мэргэжил биш л дээ. Хувь заяа л байсан юм байлгүй.

-Та бага насаа хаана өнгөрүүлсэн бэ?

-Яг төрсөн нутаг минь Улаанбаатар. Миний бага нас  хаа сайгүй л өнгөрсөн дөө. Тэр үеийн хүмүүс чинь их нүүдэлчин байж. (инээв)  Би чинь багадаа X-р хороолол, I-р хороолол, Сансар гээд л олон газар амьдарч байлаа. Бусдын л адил хүүхэд байсан. Бидний үед  баян хоосны ялгаа ч байсангүй. Ангидаа нийгмийн идэвхтэй, урдаа барьдаг сурагчдын л нэг байлаа. Ерөнхийдөө удирдах тал дээр их мундаг гэж үнэлэгддэг байсан. Одоо ч гэсэн арван жилийн найзуудтайгаа холбоотой байдаг. Ер нь багын найзууд л хамгийн сайн найзууд байдаг юм шиг санагддаг. Би багадаа жүжигчин болох тухай боддог ч үгүй байлаа. Харин 10-р ангиа төгсөөд конкурс өгөөд тохиолдлоор л СУИС-д  орж жүжигчин болсондоо.

-“Би хэн бэ?” ТВ шоунд оролцдог. Таныг үзэгчдэд илүү их таниулж байгаа байх. Их сэргэлэн, адтай юм гэдэг?

 

Ер нь бол би өөрийгөө IQ өндөртэй хүн гэж боддог. Жүжигчин хүн мулгуу байх ёсгүй. Бид нар маш их ном зохиол уншиж, амьдрал дээр судалгаа шинжилгээ хийдэг.

Тэгэхээр мэдлэгийн цар хүрээ өндөр байх ёстой. Яахав, сүүлийн үеийн залуус дунд залхуу, ном уншдаггүй нөхдүүд их байна л даа. Ийм байж болохгүй. “Би хэн бэ” нэвтрүүлэгт ирж байгаа асуултуудыг би яагаад мэдээд байна вэ гэхээр элдвийн юм уншиж, мэдээлэл ихтэй байдаг болохоороо л тэр. Хүн ном уншиж, нүд тайлах ёстой. Нийгэмд чухам юу болж байгааг мэдэрч, харж байх ёстой. Нэвтрүүлгийн мэдээлэл бол нууцлал өндөртэй, бидэнд хариултыг нь урьдчилж мэдэх боломж байдаггүй юм. Намайг студийн үүдээр орж ирэхэд л нөгөөдүүл чинь хамаг юмаа хаагаад нуугаад эхэлдэг./инээв/

Яахав, нэвтрүүлэгт олон ороод ирэхээр бас их туршлагатай болдог л доо. Дөнгөж орж ирж байгаа хүмүүс бол их сандарч, алдах тохиолдол их гаргадаг юм.

Боловсрол ТВ-ийн “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу?” нэвтрүүлэгт оролцоод хамгийн сүүлд англи хэлний асуултад л би бүдэрсэн. Бусад бүх хичээлүүдээ мартаагүй байсан. Аливааг тогтоох чадвар гайгүй юм шиг байна. Тэгээд л өөрийгөө IQ өндөртэй гэж  дүгнээд байгаа даа.

-Таны бүтээсэн дүрүүдийг хараад байхад хэл амтай, адтай, сэргэлэн эмэгтэйн дүрийг бүтээх юм. Найруулагч нарын л сонголт уу?

-Тэгж л сонгож байна. Тийм дүр төрх надаас гарна гэдгийг мэдээд, хүсч байгаа учраас л ийм дүрд хуваарилдаг байх.

-Магадгүй хүмүүс таныг бүтээсэн дүрээр тань төсөөлдөг байх. Амьдрал дээр та ямархуу зан чанартай хүн бэ?

-Яг тийм гэх хэцүү л дээ. Яахав найз нөхөд урлагийнхантайгаа бол хэн нэгнээ явуулна, шоглоно, инээд хөөрөөр дүүрэн л байцгаадаг. Тэр бүгд  нь хөндлөнгийн хүмүүст галзуу гэж л харагдах байх.  Тэгээд ч би өөрөө их нээлттэй хүн дээ. Хэнтэй ч яриад амархан ойлголцоно. Түүнээс биш байнга галзуураад л энд тэнд яваад байдаг гэвэл үгүй л дээ. Зарим нэг хүмүүс “Та киноноосоо шал өөр юм аа. Их даруухан хүн байна” гэж хэлдэг л юм.

Намайг танихгүй хүмүүс бол кинонд бүтээсэн дүрээр хардаг л даа. Энэ зэвүүн, хэрүүлч, хөдөөний авгай  гэж коммент бичих нь ч бий. Тэд миний жинхэнэ өнгө,  мөн чанарыг мэдэхгүй учраас  л тэр. Яг надтай танилцаад ирвэл өөр л дөө. Би магтаалын үгэнд дургүй, заримдаа худлаа ч юм шиг санагддаг.  

Ер нь шууд шударгаар хэлдэг. Мулгуу хүний шинж байх л даа.  Хоёрт их түргэн зантай. Бас өрөвч. Дараа нь яах гэж тэгэв дээ гээд л. Бүгд л хүнд хэрэггүй зан л даа. Гэхдээ яахав, төрөлхийн юм гэдэг чинь хэцүү.  

-Ер нь жүжигчин хүнийхээ хувьд олонд танигдсан дүр төрхөөсөө тэс өөр дүр бүтээх сонирхол байдаг уу?

-Мэдээж, байлгүй яахав. Өнгөрсөн хугацаанд миний бүтээсэн дүрүүд нэгэн хэвийн юм шиг мөртлөө яг нарийн ажиглавал хоорондоо ялгаатай байдаг. Яахав Навчаа гэдэг хүн бүтээсэн болохоор л адилхан санагддаг. Миний бие, дүр төрх, дуу хоолой хэзээ ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Энэ нь л үзэгчдэд адилхан гэсэн бодлыг төрүүлдэг. Гэхдээ жүжигчин хүн гэдэг чинь баримлын шавар шиг уян хатан байх ёстой, ямар ч дүрд хувирч чаддаг байх ёстой. Цаашдаа үзэгчдийн бодлыг эрс өөрчлөх дүр бүтээхийн тулд хичээж ажиллана.

-Урлагийн хүн болно гэдэг тийм ч амар даваа биш байх?
-Хэцүү тал нь гэвэл цаг наргүй, амралтгүй ажилладаг. Амралтын өдрүүдээр бид нар ажиллах хэрэгтэй байдаг. Сайхан талууд их байна аа. Өөр өөр дүрд тоглоно, өөр орчинд ажиллана гээд их сонирхолтой мэргэжил шүү дээ.

-Өнгөрсөн хугацаанд бүтээсэн дүрүүдээс тань тантай илүү ойр бараг Навчаа л гэмээр дүр байсан уу?
-Нэг их тийм ойрхон, энэ л төстэй юм даа гэсэн дүр байхгүй дээ. Би өөрөө жүжиглэж байгаа учраас үнэн бодитой дүрээ гаргах ёстой, уурлахаараа би  жинхэнээсээ уурлана, гэхдээ хэлж байгаа текст нь миний үг биш л дээ. Миний бүтээсэн дүрүүдэд Навчаа, Навчаагаараа тоглосон гэхэд хэцүү, тоглоогүй гэхэд бас хэцүү. Гэвч жүжигчин хүн үнэмшилтэй бодитойгоор дүрээ гаргах ёстой.

-Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа жүжигчдийн хувьд залуу, гоо сайхан байх ёстой гэдэг тогтсон ойлголт байх шиг?

-Яахав, тухайн зохиолоос их шалтгаална. Ер нь соёл урлаг гэдэг чинь гоо сайхантай салшгүй холбоотой. Соёлын довтолгоог муу муухай зүйлээр үзэгчдэд хүргэж болохгүй. Тайз, дэлгэцийн этик гэж байна. Үзэгчид сайн, сайхан хүнийг харж сэтгэлээ баясгах, дурлах хүсэлтэй байдаг. Сайхан хүүхэн, сайхан залуугийн дүр бол мөнхийн сэдэв. Гэхдээ урлаг гэдэг зөвхөн гоо сайхнаар хэмжигдэхгүй учраас манай залуу үе боловсролдоо давхар анхаарч байх хэрэгтэй. Хүн мөнхийн залуугаараа байхгүй, нас явна. Тэр үед боловсрол, чадваргүй бол яах вэ гэдгээ бодолцох хэрэгтэй байх.

-Мэдээж жүжигчин хүн бүрт л тоглож үзэхийг хүсдэг дүр байдаг шүү дээ. Таны хувьд?

-Хүмүүс их тэгж ярьдаг л юм. Надад бол тийм бодол байдаггүй. Дүр гэдэг бол миний бүтээл. “Рашаантын 18” л гэхэд тэр нэг эгч хүний дүрийг надаас өөр хүн бол гаргаж чадахгүй л байхгүй юу. Би өөрийгөө сайн мэдэж байгаа шүү дээ. “Ларьдма” дээр ч мөн адил. Би заавал өөрийнхөө хийж байгаа кинонд дүр бүтээх албагүй. Гэхдээ тэр дүрийг би л бүр дотроосоо мэдэрч, яаж гаргаж ирэв вэ гэдгийг мэдэж байгаа учраас л тоглосон. Энэ сонголт ч зөв байсан. Үзэгчдэд ч хүрсэн. Миний тоглосон энэ хоёр дүр бол бусад найруулагчдын кинонд бүтээсэн дүрүүдээс минь илүү болж чадсан. Үзэгчид юу гэж дүгнэж байгааг би мэдэхгүй ч миний л хувьд энэ хоёр минь яалт ч үгүй илүү. Өөрөө бодож, төсөөлж, бүтээсэн болохоор илүү болсон байх.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим?

-Өнөөдөр сайн байвал өчигдөрт алдаа байхгүй, маргааш ч сайхан л байна. Энэ бол Далай ламын үг. Би  хэзээ ч баяжъя гэж боддоггүй. Орох орон, хөл дүүжлэх унаа, сольж өмсөх хувцас байвал л болно. Хүмүүс юм хураах гэж, хурааснаа өсгөх, хамгаалах гэж  бусдад муу  зүйл хийдэг. Хамгийн аймаар нь хэдхэн төгрөгний төлөө газар нутгаа зарчихаж байгаа хүмүүсийг үзэн ядаж байна. Хүмүүс ганц олдох нас гэж яриад байх юм. Үгүй ээ, чи хүн төрлийг олж төрсөн л бол үйлийн үрээ эдлээд дахин дахин төрнө. Үхэл гэдэг чинь зөвхөн энэ насны чинь төгсгөл.  Дараа нь дахиад л төрнө.  Би үүнд итгэдэг. Тийм учраас дараа төрөлдөө сайн явахын тулд энэ насныхаа амьдралыг зөв цэгцтэй авч явах хэрэгтэй. Би өнөөдөр баяжиж яах юм бэ, газар нутгаа зараад яах юм бэ. Дараагийн төрөлдөө юу ч болж төрж мэднэ шүү дээ. Өнөөдөр хог түүгээд хөөрхий минь хэцүү яваа хүмүүс урд насныхаа үйл лайг үүрч явна гэдэг. Үнэн байх шүү. Миний амьдралдаа баримтлах зарчим энэ л  онолоор яваа шүү.