m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 05:14
53
Д.Баярбат: 2016 онд аймгийн 1000 айл орон сууцанд орно

Төв аймгийнхан ойрын өдрүүдэд тун завгүй байна. Тэд сүүлийн 22 жил аваагүй арвин ургац хураажээ. Өнгөрсөн онд тус аймгийн Жаргалант сум шилдгээр тодорсон төдийгүй Төв аймаг шилдэг аймгаар шалгарч, Сүхбаатарын одонгоор шагнагдсан юм. Энэ амжилтаа нийслэлчүүдтэй хуваалцахаар энэ долоо хоногийн турш Улаанбаатарт олон арга хэмжээ зохиож байна. Энэ талаар Төв аймгийн Засаг дарга Д.Баярбаттай ярилцлаа.

-Энэ жил дулаахан, хур бороо ихтэй сайхан намар боллоо. Төв аймгийнхны хувьд энэ намар ургац арвинтай байжээ. Хэр хэмжээний ургац хураав?

-Бид сүүлийн 22 жилийн түүхэнд байгаа­гүй их үр тарианы ургац хурааж авлаа. Төв аймаг хөдөө аж ахуйн салбарт тэр­гүүлэх байр суурь эзэлдэг.

Тэр дундаа газар тариалангийн салбар улаан буудай, төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамлын тариалалтаар улсад хоёрдугаарт жагсдаг. Энэ жил аймгийн удирдлагууд, хөдөө аж ахуйн газраас тариаланчидтайгаа сайн хамтарч ажилласан. Тариаланчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд 102-103 мянган тонн улаан буудай хураалаа. Сүүлийн 2-3 жил нэг га-гаас хураан авах үр тарианыхаа хэмжээгээр улсдаа тэргүүлж байна. Манай аймаг өнгөрсөн онд ажил үйлсээрээ улсдаа тэргүүлсэн. Энэ жил үр тарианы ургац, эдийн засгийн өсөлтөөрөө түүхэн амжилт гаргасан учир үүнийг нэгтгэн соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, Төв аймгаас төрөн гарсан Дүнжингаравын урчууд уран зургийн үзэсгэлэнг гаргалаа. Мөн аймгийн авьяаслаг хүүхэд багачуудын урлагийн тоглолтыг хийж байна. Төв аймгийн 27 сум 97 багийн 300 гаруй иргэд, аж ахуйн нэгж, хоршоодын үзэсгэлэн худалдаа энэ өдрүүдэд тохиож байна. Түүнчлэн аймгаасаа төрөн гарсан алдар цуутан, урлагийн оддын нэгдсэн концерт, хүчит бөхийн барилдаан зохион байгуулна. Ургацын баяр арга хэмжээнүүдийн маань нэг хэсэг нь юм. Төв аймгаас урлагийн алдартан, утга зохиолын салбарынхан олноор төрөн гарсан. Үүгээрээ Төв аймагчууд бахархдаг. Их зохиолч Н.Нацагдоржоос эхлээд өнөө цагт ид гялалзаж яваа Ардын уран зохиолч таван хүн байдаг. Хамгийн отгон уран зохиолч бол Ш.Дулмаа гуай. Энэ арга хэмжээний хүрээнд Ш.Дулмаа гуайг алдаршуулах “Алтанзул” яруу найргийн цэнгүүнийг зохиож байна.

Сүүлийн 2-3 жил нэг га-гаас хураан авах үр тарианыхаа хэмжээгээр манай аймаг улсдаа тэргүүлж байна

-Төв аймгийнхны ажил сүүлийн жилүүдэд амжилттай байгаа талаар хүмүүс ам сайтай байна. Хийж бүтээсэн ажлуудаасаа товчхон танилцуулахгүй юу?

-Өнгөрсөн жил олон талаар үр бүтээлтэй, амжилттай байлаа. Үүний нэг нь шилдэг аймаг болсон явдал юм. Бид шилдэг болохын тулд хичээж ажилласан. Тэр дундаа аймгийн эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйн үйлдвэрлэлтэд том ахиц гарсан. Мал таван төрлөөрөө өсч гурван сая 500 мянган толгой мал тоолуулсан. Үр тариа, төмсний ургац болон малын тэжээл үйлдвэрлэлээр улсдаа тэргүүллээ. Ажлын байр ч шинээр нэмэгдсэн. Авлига хүнд суртлыг бууруулахад хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Төр иргэндээ үйлчилдэг үйлчилгээг шинэ хэлбэрээр хүргэх үүднээс иргэний танхимтай боллоо. Түүнчлэн их бүтээн байгуулалт өрнүүлсэн зэрэг үзүүлэлтээр улсын тэргүүний аймаг болсон. Манай аймаг 27 сум буюу хамгийн олон сумтай аймаг. Бүсчилсэн хөгжлийн зарчмаар хөгжүүлэх бодлоготой явж байсан. Тиймээс Жаргалант сум мөн шилдэг сум болсон. Жаргалант сумын тухайд улсын хэмжээнд хамгийн олон Хөдөлмөрийн баатар төрсөн гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Иргэн бүр ногоо тарьдаг аж ахуйч, бүтээлч арт түмэнтэй сум гэж болно.

-Таньтай яриад сууж байхад бүтээн байгуулалтын талаар нэлээд дурдлаа. Аймагтаа хийж байгаа томоохон бүтээн байгуулалт гэвэл?

-Шинэчлэлийн Засгийн газар аймгийн төвийг хот болгох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд аймгийн төвийнхөө хөгжлийн ерөнхий төлөвлөгөө мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийг хийлээ. 1000 айлын орон сууц барих хөтөлбөрийн зураг төслийг өнгөрсөн онд бэлэн болгосон. Харин энэ онд хөрөнгө оруулалтаа татаж дэд бүтцийн ажлаа амжилттай гүйцэтгэлээ. Тухайлбал, 1000 айлын орон сууцны халаалт, цахилгааны эх үүсвэр, цэвэр бохирын шугам болон хорооллын доторх гэрэлтүүлгийг улсын хөрөнгөөр хийсэн. Барилга угсралт харьцангуй эрчимтэй явж , эхний ээлжийн орон сууц бэлэн болсон. Зөвхөн орон сууц барихаас гадна анх удаа хорооллоор нь төлөвлөж сургууль, цэцэрлэгийг цогцоор нь байгуулж буйгаар онцлог юм. Энэ хөтөлбөрийн хамгийн гол зорилго бол аймаг орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц олгох юм. Бид 2016 он гэхэд 1000 айлын орон сууцаа бүрэн ашиглалтад өгнө. Дэд бүтэц, замын барилга байгууламжийг төлөвлөсөн хэмжээндээ хийсэн.

Барилга угсралт харьцангуй эрчимтэй явагдаж, эхний ээлжийн орон сууц бэлэн болсон. Мөн анх удаа хорооллоор нь төлөвлөж сургууль, цэцэрлэгийг цогцоор нь байгуулж байна

-Аймгийн аюулгүй, амар тайван байдлыг хангаж ажилладаг салбар бол хууль, цагдаагийнхан. Тиймээс аймгийн Засаг даргын Тамгын газраас хэрхэн хамтарч ажилладаг бол?

-Бид энэ салбарынхантай хамгийн ойр харьцдаг. Тэднийг дэмжих талаар анхаарч ажилладаг. Тэр дундаа хууль, цагдаагийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэхийг хичээдэг. Тусгай үүргийн байгууллагууддаа аюулгүй байдал, нийгмийн асуудлыг нь шийдэх хүрээнд зарим орон сууцны газрыг аж ахуйн нэгжид олгосон. Өөрөөр хэлбэл, олон албан хаагч 1000 айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдсан байгаа.

-Амин чухал салбар болох эрүүл мэнд, боловсролыхныг ч орхиж болохгүй байх? 

-2014-2016 онд бид нийгмийн салбарт түлхүү анхаарахаар ажлаа эхлүүлээд байна. Аль ч засгийн үед Төв аймгийг нийслэлтэй ойрхон гэдэг утгаар нийгмийн салбарын зарим тоног төхөөрөмж нийлүүлэлтийг орхигдуулж байсан гэж болно. Тиймээс төсвийн эрх мэдэл орон нутагт шилжиж ирсэнтэй холбоотой хэд хэдэн арга хэмжээг авч байна. Тухайлбал, аймгийн хэмжээнд боловсролын салбарт ажиллаж байгаа 1000 багшийг сургалтад хамрууллаа. Цаашид нарийн мэргэжлээр суралцах хөтөлбөрт хамруулах юм. Мөн ирэх сард сургуулийн өмнөх насны боловсролын багш нарт зориулан аймгийн төвд зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө. Ажиллах нөхцөл байдлыг нь сайжруулах үүднээс Солонгосоос сургалтын хэрэглэгдэхүүн авчирч байна. Нэг багшид дунджаар 300-400 мянган төгрөгийн орчин үеийн сургалтын хэрэглэгдэхүүнийг өгөх юм. Мөн цэцэрлэгийн багш нарын дунд ур чадварын уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Хүүхэд бүрийг хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд технологийн багш нараа өнгөрсөн гуравдугаар сард компьютерийн төрөл бүрийн программ дээр ажиллуулж сургалаа. Бид эрүүл мэндийн салбарт ч чамгүй олон өөрчлөлт хийнэ. Саяхан нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг манай аймгийн 300-400 аж ахуйн нэгж нийлж тохижууллаа. Ингэснээр бүгдээрээ нийлээд ямар ч ажлын ард гарч чаддагийг харууллаа гэж болно. Нэгдсэн эмнэлгийн хувьд барилга, амбулаторийн барилга нь тусдаа байдаг. Хүнд өвчтэй иргэд хоёр тийшээ явах нь нэлээд хүндрэлтэй байсан. Тиймээс энэ мэт асуудлыг шийдэхийн тулд орон нутгийн төсвөөс 250 сая төгрөгийг гаргасан. Ингээд хоёр барилгыг холбох хүзүүвчийн барилгын асуудлыг шийдлээ. Мөн иргэдэд ая тухтай орчинг бүрдүүлэх, цахим системтэй болох ажлыг өрнүүлээд байна. Хэдийгээр сонсоход бага ажил мэт боловч иргэдэд үнэхээр хэрэгцээтэй байсан зүйлүүд гэж болно.

-Гадаад харилцаа сайтай аймгуудын нэг нь танайх. Тэгэхээр үүнийгээ ашиглаад боловсон хүчин бэлтгэхэд гадныхантай хамтарч байна уу?

-Манайд тулгамдаж байсан асуудлын нэг нь энэ байсан. Одоогийн байдлаар манай аймгийн дөрвөн эмч мэргэжил дээшлүүлж байна. Үүний зэрэгцээ HK хөтөлбөрийн хүрээнд зөвхөн албан хаагчид явдаг байсныг зогсоож эрүүл мэндийн салбарыхныг хамруулж эхэлсэн. Гадаад харилцаандаа түшиглэн боловсон хүчнээ мэргэшүүлэх, тэдний хэлний боловсролыг дээшлүүлэх боломж, бололцоо бий.

-Мэдээж 80 гаруй мянган хүн амтай томоохон аймгийн хувьд шийдчихмээр, хүндрэлтэй асуудлууд байдаг л байх?

-Дотуур байрны асуудлыг орхиж болохгүй. Нөхцөл байдлаа сайжруулахаар чамгүй ажил хийсэн. Одоогоор 12 суманд үлгэр жишээ дотуур байрыг тохижуулаад байна. Мөн найман суманд экологийн танхим байгуулах хөрөнгөө шийдэж чадлаа. Он гараад Багшийн их сургуультай гэрээ байгуулж аймгийн багш нараа магистр, доктрантурт сургахаар төлөвлөж байна. Хийж бүтээе гэхээр хөрөнгө мөнгөний асуудал тулгарах нь ойлгомжтой. Гэхдээ энэ бүхнийг аль болох орон нутагтаа шийдэхийг хичээдэг. Үүний зэрэгцээ боловсон хүчин тэднийг хөгжүүлэх талаар бодож төлөвлөсөн зүйл бий. Сайн боловсон хүчинтэй байж бид хөгжинө.

-Тэгвэл жижиг дунд бизнес эрхлэгчдийг аймгийн зүгээс хэрхэн дэмждэг вэ?

-Хөдөлмөр эрхлэлт яах аргагүй чухал. Жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ бодит санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хичээж байна. Сум хөгжүүлэх сан болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг зээлээр дэмждэг. Үүнээс гадна газар зүйн байршлаас шалтгаалж хувийн болон улсын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа нь ажлын байр нэмэгдэхэд түлхэц болж байна. Эдийн засгийн гол хүчин зүйл болох мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд сүүлийн жилүүдэд ажлын байр нэмэгдэх, ажлын байраа тогтвортой хадгалахад үр дүнгээ өгсөн. Бид МСҮТ-тэй холбоотой ажилладаг. Тодруулбал, аймгийн төвийн жишиг хорооллын ажилд тус төвийн оюутнуудаа авч ажиллуулсан. Жишиг хоршоо олноор байгуулагдаж байна. Энэ мэт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж байна.

-Гадаад харилцааны хүрээнд чухам ямар салбарт, хэрхэн хамтарч байна вэ?

-Аливаа зүйл залгамж чанартай байдаг. Төрийн ажил тэр дундаа гадаад харилцаандаа манай аймаг сайхан уламжлалтай байсаар ирсэн түүхтэй. Гадаадын 11 улстай хамтын ажиллагаа, шууд харилцаатай байдаг. Гадаад харилцаа хоёр хэсэгт хөгжиж байна гэж болно. Нэгдүгээр хэсэг нь Зүүн Хойд Азийн хүрээнд таван улстай шууд харилцдаг. Бүс нутгийн хэмжээнд БНСУ, Япон, ОХУ, БНХАУ-ын мужуудын захирагч нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулдаг. Энэ жил захирагч нарын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохиож чухал санамж бичигт гарын үзэг зурлаа. Мөн Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын томоохонд тооцогддог арга хэмжээнд нэгдэн улсаа төлөөлж байна. Ирэх жил аймгийнхаа 50 хүүхдийг Япон руу явуулахаар болсон.

-Үүнтэй холбоотой аялал жуулчлалын салбарыг орхиж болохгүй нь. Төв аймгийн хувьд хангай, хээр, говь хосолдгоороо хамгийн сайн хөгжих тохиромжтой салбар гэлцдэг шүү дээ?

-Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх нь чухал зүйлсийн нэг. Манай аймаг аялал жуулчлалын гол бүс нутаг учраас гадаад, дотоодын аялал жуулчлалыг холбох ажлыг зохион байгуулж байна. Гадаад харилцааныхаа хүрээнд үүнийг тавиад байгаа.

-Та харьцангуй залуу Засаг дарга. Аймгаа аймгийн дайтай удирдаж авч явахад бэрхшээл, сорилтой тулгардаг нь дамжиггүй. Гэхдээ бэрхшээл гэхээсээ илүүтэй хийхээр төлөвлөсөн ажлууд их байгаа болов уу?

-Ажлаа аваад хоёр жил гаруй болж байна. Энэ хугацаанд нэлээд ажил амжууллаа. Түүнийхээ хэрээр олон ч бэрхшээлтэй тулгарч байв. Аймгаа хот болгох талаар ажлууд хийсэн. Хийсэн гэхээсээ илүүтэй Төв аймгийнханд хийж хэрэгжүүлэх, шийдэх асуудлууд их бий. Юуны өмнө аймгийн төвөө утаагүй үлгэр жишээ аймгийн төв болгох хэрэгтэй байна. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байраа нэмэгдүүлж үйлдвэрүүдтэй болох зорилт тавиад байгаа. Ямар ч зүйлийг багаас нь эхлэх нь зөв гэж боддог. Тиймээс бид энэ ондоо хогийн асуудлаа бүрэн шийдэх талаар идэвхтэй ажиллаж байна. Жижиг мэт боловч энэ нь иргэдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон зүйл.

-Ургац хураалт, үргэлжлүүлээд өвөлжилтийн бэлтгэл эхэлдэг байх. Аймгийнхаа хэмжээнд бэлтгэлээ хэр сайн хангав?

-Өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан гэж болно. Малчид маань ч өвлийг өнтэй давж сурсан байна. Хот суурин газрын өвөлжилт ч хангагдсан. Өнөөдрийн байдлаар асуудал хүндэрсэн сум байхгүй. Манай гол үйлдвэрлэл бол мал аж ахуй. Энэ салбарт ажиллаж байгаа малчдаа урамшуулах ажлыг санаачлаад байна. Аймгаа алдаршуулсан мянгатууд гэсэн арга хэмжээг зохион байгуулсан. Малчны хөдөлмөр бол хамтын хөдөлмөр байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг малчныг биш гэр бүлийнх нь хүнийг алдаршууллаа. Үүний зэрэгцээ малчдын түүхийг бичсэн ном гаргасан нь тэднийг цаашид ажиллахад урам өгсөн зүйл болсон болов уу. Үр тарианы үйлдвэрлэлд санхүүгийн бодит дэмжлэг үзүүлснийг хэлэх хэрэгтэй. Бид тариалан дэмжих сантай гэрээ байгуулж 600 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг газар тариалангийн салбарынханд өгч чадсан. Тодруулбал, тариаланчиддаа элит үр авч өгсөн. Энэ нь үрийн шинэчлэлийн бодлогын хувьд шинэчлэл хийсэн гэж болно. Үүний үр дүнд өндөр ургац авлаа. Мөн төмс хүнсний ногоо үйлдвэрлэлд чамгүй ахиц гарсан. Төмсний борлуулалт эцсийн бүтээгдэхүүн болоход аймгийнхаа орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргасан. Төмс хүнсний ногоо тариалж байгаа сумдын удирдлагууд болон “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнд Хятадын төмс боловсруулах үйлдвэрүүдтэй танилцаж туршлага солилцсон. Ирэх жил хийх ажлаа нарийн боловсрууллаа. Хаягдалгүй таваарын төмс боловсруулалтыг хийх техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж байна. Энэ бүгд хөдөө аж ахуйн салбарынханд бага ч гэсэн урам зориг өгч байгаа гэж бодож байна. Цаг агаарын тогтуун сайхан байдал ч бодит нөлөө үзүүлсэн. Аймгийн хөгжил хурдацтай, эдийн засаг сайн байгаагийн гол түлхүүр нь хамтын бүтээл. Аймгийн удирдлагын зүгээс иргэдээ дэмжээд, чиглүүлээд өглөө. Тэд идэвхтэй, урам зоригтой ажиллаж байгаа нь л чухал юм.