m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 05:32
185
Э.Цэнгэл: "Шидэт ээмэг" өгүүллэг

Энэрэлийн сэтгэл нэг л тогтворгүй байлаа. Тэрээр урьдын адил сэтгэлээ сэргээх санаатай тагтан дээрээ гарч элдвийг ажиглан, бодол болон зогсоно. Гадаа хэдийнэ бүрий болж хүн хөлийн чимээ тасарсан байх агаад намрын сэрүүн салхи хаяа нэг илбэн сэвэлзээр аниргүй амгалан ертөнц түүнийг эзэмдэн авлаа. Зэргэлдээх байрны айлуудын гэрэл жигдхэн ассаныг хараад нэг байрыг сонгон авч бүх гэрэлтэй цонхыг тоолох гэсэн тэнэг бодол Энэрэлийн толгойд төрж нэг давхраас нь эхлэн тоолж гарав ......нэлээд явж байгаад дуусахын алдад 9 давхарт тоогоо алдаж “За байз, хэд билээ... хэд дээр явж байлаа?” гэж бодон дээш тэнгэр өөд ширтэв. Түүний харсан зүгт нэгэн од бусдаасаа ялгаран тодоос тод гялалзаж байв. Тэрхүү одыг харсан даруйдаа л Энэрэл хүүхэд насны тоомоогүй бодлоо эргэн дурсав. 
Түүнийг бага байхад нь шөнийн цагаар тог их тасардаг байв. Харин яг энэ үед нь Энэрэл эгчтэйгээ хамт цонхоороо харж үүнтэй төстэй нэгэн одыг зааж тэрхүү одыг хүсэл биелүүлдэг тухай ярилцаж заримдаа бүр үнэн сэтгэлээсээ хүслээ шивнэн, биелүүлж өгөхийг гуйдаг байсан тухай эргэн саналаа. Одоо бодоод байхад үнэхээр тэр одонд шивнэсэн хүсэл бүхэн нь биелсэн байв. Тэр үед жоохон байсан болхоор хурдан том болохыг, урт сайхан үстэй болрхыг бас үргэлж мөрөөддөг бас яст мэлхийтэй ээмэгтэй болохыг хүсдэг байв. “Үнэхээр ч би одоо том болсон бас үс минь ургасан хамгийн гайхмаар нь яг одоо миний чихэнд яст мэлхийтэй мөнгөн ээмэг зүүлттэй байж байдаг” гэж Энэрэл бодсоны дараа зүрхэнд нь бяцхан баяслын оч гэрэлтэж нүүрэнд нь бага зэргийн инээмсэглэл тодров. Түүний сэтгэл сэргэж, гэгэлзсэн бодол нь нэгэнт замхарсан тул тэрээр телевизор үзэхээр буйдандаа тухлан суулаа. Удирдлагаа аван эхнээс нь гүйлгэж гарлаа. Онцын зүйл алга нэг бол хэл нь ойлгогдохгүй гадаад сувагнууд нэг бол тв чат. Тэгж байтал ашгүй нэг суваг дээр шинэ кино эхлэж байв. Энэрэл ч олзуурхан бушуухан гал тогооноосоо тавагтай жигнэмэг бас түрүүн ууж байгаад орхисон алимны ундаагаа шүүрэн авч телевизорынхоо өмнөх жижиг ширээн дээр тавин тухаллаа. Уг кинонд нэгэн “шидэт ээмэгний” тухай гарч байв. Хамгийн сонирхолтой нь хэрвээ тэрхүү ээмгийг хоёр өөр хүн нэг нэгээр нь салган зүүвэл тэр хоёр хүний сүнс нь солигдож, өөр нэгнийхээ биеэнд ордог байв. Энэ кино хийсвэр ч гэсэн Энэрэлд маш ихээр таалагдав. Үнэхээр ийм юм байдаг бол мөн гоё оо... Ер нь байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ хорвоо ертөнцөд бидний мэдэхгүй өчнөөн гайхамшигт зүйлс нуугдан байгаа гэж Энэрэл бодон киноноосоо харцаа ч салгасангүй үзэж дуусгалаа. Тэрээр киногоо үзэж дуусгасны дараа таатай гэгч нь сунайн босоод орлуугаа гэлдрэв. Их орой болсон болоод ч тэр үү нойр нь ихэд хүрч хормын төдийд л нойрслоо.
Өглөө нь Энэрэл тун ч сэргэлэн цовоо босож сургуульдаа явахаар хувцсаа өмсөн гэрээсээ гарлаа. Дадал болсон замаараа л газар ширтэн явж байтал нэгэн ээмэг газар хэвтэн байхыг олж харлаа. Тэр ээмэг “намайг аваач, намайг аваач” гэх шиг... Энэрэл өөрийн мэдэлгүй түүнийг авч орхив. Онцын гойд зүйлгүй атлаа нэг л анхаарал татсан ээмэг байв. Түүнийг зүүж үзмээр санагдаж бушуухан нэг буланд зогсон зүүж үзлээ. Өрөөсөн боловч өөлөхийн аргагүй сайхан харагдаж байсан болохоор Энэрэл тайлахыг урьтал болгосонгүй тэр чигтээ явж орхив. Түүнийг зүүсэн мөчөөс л юм бүхэн өөрчлөгдөж байгаа нь Энэрэлд тун жигтэй санагдаж эхлэв. Гудамжинд зөрсөн хүн бүхэн түүнийг хараа салгахгүй ширтэх бөгөөд түүний хичнээн гоо үзэсгэлэнтэй болохыг, зарим нь бүр түүнийг урлагийн бүтээл хэмээн шагшин магтан шивэр авир ярилцах нь сонсогдоно. Түүгээр ч үл барам бяцхан гөлөг, том гэрийн тэжээвэр ноход хүртэл эзнээсээ алдуурч зөвхөн Энэрэл рүү очиж сүүлээ гозогнуулан шарвалзана. Зам хөндлөн гарах гээд зогстол улаан байсан гэрэл хормын төдийд ногоон болж байв. Энэ мэт саадгүй зугаатай явсаар сургуульдаа ирвэл түүний хамгийн дургүй хичээлийнх нь оронд хамгийн дуртай хичээл нь хувиар солигдсон шалтгаанаар орж эхлэв. Хичээлийн үеэр багшийн асуусан асуултанд зөв хариулснаар хичээлээс чөлөөлөгдөх болов. Тун удсан ч үгүй сургуулийн захиргаанаас түүнийг дуудаж Швейцарт тэтгэлгээр суралцуулах болсон тухай мэдэгдлээ. Энэ бүх гайхамшигт үйл явдлын дунд Энэрэл гайхан толгой нь эргэж бүхнийг л тэр өрөөсөн ээмэгтэй холбон тайлбарлан бодож байлаа. Хичээл тарж сургуулиас гартал сургуулийнх нь үүдэнд цав цагаан “Лексус” зогсож байв. Дотроос нь өөрийнх нь хамгийн хайртай солонгос жүжигчин час улаан өнгийн сарнай цэцэг атгасаар надтай үерхээч гэж байх юм. Энэрэл бүр гайхаж балмагдаж орхилоо..... юу вэ? Би чинь одоо зүүдлээд байна уу үгүй юү? Ямар сонин юм бэ? Энэ ээмэг үнэхээр ид шидтэй юм байхдаа гэж бодон залуугийн унаанд суун хаашаа ч юм тоос татуулан хурдална. Залуу машиныхаа хөгжмийг асаавал.... “Энэрэлийн сэрүүлэгний дуу” чангарсаар чангарсаар чангарсаар...... Энэрэл сэрлээ. Тэр зүүдэлж байсан байх нь. Ямар гоё зүүд вэ? Өчигдөр кино үзээд байсан тэгээд балайрч байхгүй юу гэж бодон орноосоо ухасхийн өндийн босвол шүгээнийх нь дэргэд урьд өмнө нь үзээгүй бяцхан хайрцаг байв. Гайхан онгойлговол “Хайрт охиндоо төрсөн өдрийн мэнд ! гэж бичсэн байх ба “хос ээмэг” байв.