m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 05:37
110
Э.Цэнгэл: "Ийм нэгэн явдал" өгүүллэг

Тэрхэн үед зүрхний минь цохилт хормын төдийд түргэсэн цээжин биед минь багтаж ядан булгилаж, алга минь хөлөрч амьсгаа минь давчдаад яахын аргагүй би догдолж байгаагаа мэдлээ. Догдлох сэтгэл минь дэндэж “дотоод хүн” маань намайг шатны уруу гүйлгэчихлээ. Гадаа гарч хэсэг хугацаанд өөрийгөө тайвшруулахыг хичээн элдвийг дотроо бодож эцэс сүүлд нь “Эр хүн! чи чаднаа! ” гэж өөртөө шивнээд эргээд л шат өөд гүйн гарна. Ингэж ахин дахин шат өгсөж буусаар нилээд хугацааг ардаа орхилоо.

Гадаа гарч орцны ойролцоох жижиг модон сандал дээр суунгаа "Би нээрээ яагаад ийм зүрх зориг муутай байдаг байнаа. Зүгээр л нэг таалагддаг охиндоо Валентиний баяраар ганц цэцэг ч гэрт нь оруулаад өгчихөж чадахгүй"гэж өөрийгөө голлоо. Үнэндээ тэр охин надад зүгээр ч нэг таалагддаг биш бүр маш их таалагддаг байсан юм л даа. Би гэдэг хүн хорвоод 19 жил амьдрахдаа хэн нэгэнд хэзээ ч ингэтлээ их татагдаж үзсэнгүй. Анх манайх энэ байранд нүүж ирээд удаагүй би дэлгүүр орж бага сага хүнсний зүйл авах санаатай явж байгаад энэ охиныг анх харж билээ. Би айлын ганц хүү. Аав ээж хоёр маань ихэвчлэн оройн цагаар л гэртээ үзэгддэг тул гэрийн бүхий л жижиг сажиг ажлыг үндсэндээ би л хариуцна. Хүнс цуглуулах, хоол хийх, гэр цэвэрлэх, хувцас угааж индүүдэх гээд л ямар ч эмэгтэй хүнээс дутахааргүй харин ч бүр илүү хийнэ гээч. Харин найзлаж нөхөрлөх тал дээр бол маруухан гэж хэлж болно оо. Угийн дуу цөөтэй дарвиж далдганах дургүй, гадуур гарч найзуудтайгаа шоудаж архи дарс уухаас илүүтэйгээр гэртэй халуун хоолоо идсэн шигээ зурагт үзэж суух нь надад таалагддаг учраас тэр зүйлсийг сонирхдог найзууд маань надаас хөндийрсөн. Тэгээд л надтай сонирхол нэгтэй найзууд маань гэвэл тун цөөн тооны багын найзууд маань л байна. Харин охидын талаар бол / хэхэ/ дарааллан найман жил синглээрээ явсандаа хөөрхий. Зарим хүмүүс гайхдаг л юм. Бүтэн найман жил юу хийсэн байнаа гээд л... Бага ангидаа нэг охинд сайн болоод тэрнийгээ гуйж байсан юм. 10 настай хүүхдийн үерхэх гэж юу байхав дээ 14 хоноод л салсан байх. Харин энэ жил ес дэх удаагаа синглээрээ байх нь уу үгүй юу гэдгийг одоо л шийдэх гэж байна даа. Миний талаар гэвэл нэг иймэрхүү. Харин тэрхүү чухам намайг энэ жил Валентиний баяр тэмдэглэх үү үгүй юу гэдгийг шийдэх охины талаар гэвэл яг миний эсрэгээр гэж хэлж болно. Айлын отгон охин дээрээ гурван ахтай. Гурван ахтай болоод ч тэрүү их эршүүд. Хувцаслалт, харьцаа энэ тэр нь бол ер нь л хайнга талдаа. Гэхдээ чухам энэ зан нь л намайг өөртөө татсан юм. Бусад охид шиг хуурамч дүр эсгэдэггүй яг л өөрийнхөөрөө байдаг. Анх танилцахдаа хүртэл их сонин танилцсан юм. “ Номин” супермаркет хямдрал зарласан гэж би сонсонгуутаа л очоод баахан юм аваад харих гэтэл гарт багтахааргүй их тортой юм болчихсон байдаг байгаа. Манайх“ Номин” супермаркетаас хэдхэн алхмын л зайтай болохоор такси явдаггүй. Тэгээд яахаа мэдэхгүй хоёр гараараа дүүрэн тортой юм барьчихаад байхад цаана нь бас дөрвөн ч тортой юм үлдээд байв. Харин намайг тэгж мунгинаж байхыг тэр охин харсан бололтой, ирж миний үлдсэн дөрвөн тортой юмыг авч намайг гэрт минь хүргэж өгсөн юм даа. Ингэхдээ би их л ичиж байсан. Эмэгтэй хүүхдээр туслуулаад гэртээ хүргүүлж байдаг гээд л. Тэгээд орой нь би баярласан сэтгэлээ илэрхийлж уух юмаар дайлая гээд. Тэгээд л бид хоёр танилцсан юм даа. Тэр оройноос хойш би бага багаар түүнд дасаж нэг л мэдэхэд сайн болчихож, магадгүй хайртай ч байж мэднэ. Өчигдөр би түүнд өөртэйгөө үерхэх санал тавьсан. Харин тэр хариугаа маргааш ирж аваарай гэсэн юм л даа. Ингээд л би гэдэг хүн урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр их сандарч гэрт нь очиж түүнд зориулан авсан сарнай цэцгийн баглаагаа өгөн хариугаа сонсоно гэхээс зүрхшээж хэд хэдэн удаа хаалганых нь гаднаас буцаж гарсаар одоо ингээд гадаа сууж байгаа минь энэ. 
Заза цаг ч хэдийнээ орой болчихож анх танилцаж байсан үеээ эргээд санасан чинь үнэхээр сайхан санагдаж байна шүү. Надад зөвшөөрөхгүй байсан ч би тэрнийгээ сэтгэл дотроо хайрлах л болно. Би ингэж бодоод сүүлийн удаа зоригоо чангалаад дахин нэг удаа түүний орцны хаалгыг татан орлоо. Энгийн үед хормын төдийд л гарчихдаг гурван давхар маань энэ удаад 30 давхар болсон мэт шатнууд ар араасаа хөвөрсөөр л... за гүйцээ ! ингээд би түүний хаалганы өмнө ирчихлээ. Бүхнийг дуусгая ! зөвшөөрөөгүй ч би сэтгэлээр унахгүй ээ гэж өөрийгөө хуурлаа. Үнэндээ би маш их сэтгэлээр унана гэдгээ мэдэж байлаа. Хаалганы хонхыг дарлаа. Намайг хүлээж байсан юмуу гэлтэй хаалга ч маш түргэн онгойж Саруул гарч ирлээ. Саруул хэдийнээ гадуур хувцсаа өмсчихсөн : Би гарчихаад ирье гээд хаалгаа хаав. 
Саруул : Чи чинь яасан удаж байж ирдэг юм бэ?
Би : Өө харин ажил гараад гэж худлаа хэлэв /үнэндээ бол би тэдний гэрийн гадаа аль эрт ирсэн боловч орж зүрхлэхгүй байснаас ингэж удсан билээ/. Май энийг чамд гээд би сарнай цэцгийн баглаагаа сунгав. Дотроо бол би хурдхан л хариугаа сонсох юмсан гэхээс байж ядаж байв..
Саруул : Баярлалаа. Ямар гоё сарнай вэ? Харин жоохон хайрагдчихсан байна тиймээ. Чи гаднаас авсан юм уу?
Би : Үгүй. аан.. Тийм.. Гаднаас авсан юм гэж бас л худлаа хэлэв. 
Саруул : Чи хариугаа сонсмоор байна уу
Би : Аанхан хоёулаа ийшээ орж сууя гээд би бидний байрнаас холгүйхэн кафег санал болгов. 
Бид хоёр хамгийн захын ширээг сонгон сууж тэр маань халуун шоколад харин би тэвдсэн хэвээр байсан тул пиво захиаллаа. Саруулын нүд нь харцаа салгамгүй үзэсгэлэнтэй, тормолзоод л булбарай хацар нь ягаарсан нь үнэхээр эгдүүтэй харагдаж байлаа. Тэр надад юу ч юм яриад л байв. Харин би зөвхөн тэр надад зөвшөөрөх болов уу үгүй болов уу? зөвшөөрвөл би ... үгүй бол би ... гэж ирээд л зөвхөн тэр хариуны талаар л бодож байв. Үе үе аанхан гэчихээд л түүний ярианы нэг ч үгийг анзааралгүй чихнийхээ хажуугаар урсгаад л... тэгж байтал Саруул хоёулаа гаръя гадаа үнэхээр гоё том том ширхэгтэй цас орж байна гэв. Би ч үг дуугүй л толгой дохив.
Гадаа ёстой сайхан байв. Ямар ч салхигүй намуухан цас дээрээс ороод л энд тэнд хосууд эрхлэлдээд л .. би ч бас эдний нэг болохыг үнэндээ хүсэж байв. Найман жил сингл явсан. Одоо эрх биш цаг нь болоо байлгүй дээ гэж битүүхэн дотроо горьдно. Би тэсэлгүй Саруулаа чи надад хариугаа хэлэхгүй юмуу гэвэл Саруул над руу харж байснаа "Би би би .... за за хэлэхээ болилоо. Дараа хэлье гэв. Би "Еэ одоо хэлчих л дээ тэгэх үү. Гуйж байна" гэвэл Саруул тэгвэл нүдээ ань. Би гайхаж байсан ч хурдхан л хариугаа сонсохын түүс болж байсан болохоор нүдээ анилаа.... Саруул

-Би зөвшөөрч байна гээд миний уруул дээр үнсэв. Би хэсэг байж байгаад нүдээ нээгээд харвал Саруул аль хэдийнээ надаас холдон гүйж байв. Миний инээд хүрч хөөе Саруулаа хөөе намайг хүлээж байл даа гээд араас нь гүйлээ... Саруул над руу нэг харж жаргалтай нь аргагүй инээснээ "Чаддаг юм бол бариач дээ тэгээд" гээд яг л хүүхэд шиг хөөрч байлаа.