m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 07:05
56
Месси ярьж байна

Хорват, Португалийн багтай хийсэн нөхөрсөг тоглолтын дараа Аргентиний шигшээ багийн ахлагч Лионель Мессигийн сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг сонирхуулъя.

ДАШТ-ий шигшээ тоглолтын тухай

Ямар том боломж алдсанаа бодох бүр харамсдаг. Бидэнд хожих боломж байсан. Германчууд бөмбөгийг илүүтэй эзэмшиж байсан ч боломж гаргаж чадахгүй байсан. Харин эсрэгээр бид олдсон ганц нэг боломжуудаа ашиглаж чадаагүй. Гэхдээ дэлхийн аваргын шигшээ тоглолт хүрсэн багийнхнаараа бахархаж байна. Хүссэн болгон ийм амжилтад хүрдэггүй.

Багийн тактик өөрчлөгдсөн тухай

Урьдчилсан тэмцээний турш хоёр довтлогчтой тоглож байсан ч Агуэро, Ди Мария нарын гэмтэл биднийг тоглолтын схемээ өөрчлөхөд хүргэсэн. Хэдий тийм ч манайхан хурдан дасан зохицож, цөөнгүй гоолын момент үүсгэж, ялсаар байлаа.

Бразилд хэрхэн тоглосон тухай

Би хагас шигшээ болон финалд сайн формтой тоглохыг хичээж байсан. Гэхдээ заримдаа тоглолт огт өөрөөр өрнөдөг. Хэрвээ ДАШТ-ий финалд гоол оруулсан бол маш өндөр сэтгэгдэлтэй үлдэх байсан. Заримдаа финалд гоол оруулах нь тоглолт бүрт сайн тоглохоос чухал байдаг талтай.

Шүүмжлэлийн тухай

Надад үргэлж шүүмжлэлтэй хандсаар ирсэн хүмүүс ч бий. Тийм учраас шүүмжлүүлэх нь миний хувьд энгийн, байдаг л үзэгдэл. Гагцхүү шүүмжлэлээс хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяж чаддаг байх ёстой.

Аргентиний шигшээ багт тогломооргүй байна гэж хэлсэн тухай

Би хэзээ ч шигшээ багийнхаа төлөө, эх орныхоо төлөө тоглохоос татгалзаж байсан удаагүй. “Барселона”-гийн зүгээс Мессиг шигшээгийн бүх тоглолтод оролцуулалгүй хааяа амрааж байгаач гэсэн хүсэлт тавьсан юм билээ. Бид ДАШТ-д сайн тоглосон, зорилгоо 100 хувь биелүүлж чадаагүй ч гэсэн. Харин одоо шинэ мөчлөг эхэлж байна.

Дараагийн зорилтууд

Дараагийн ДАШТ-ий тухай ярих нь эрт байна. Бидэнд юуны түрүүнд “Copa America”-д түрүүлэх нь чухал. Аргентиний баг хамгийн сүүлд тивийн аварга болсноос хойш олон жил өнгөрчээ. 2007 онд Венесуэлд болсон “Copa Амеrica”-гийн финалд хожигдож, нутагтаа болсон тивийн аваргын шөвгийн 16-д Уругвайд торгуулийн цохилтоор ялагдсанаа мартаагүй байгаа. Хэрвээ ирэх жил бид “Америкийн цом”-д түрүүлж чадвал энэ нь аргентинчуудад маш том бэлэг болно.

Сабелья болон Мартиногийн тухай

Алехандрогийн үед тоглогчдын хоорондын харилцаа, дасгалжуулагчдын штаб, үр дүн... гээд бүх зүйл үнэхээр гайхалтай байсан. Харин Тата Мартиногийн хувьд дөнгөж эхэлж байна. Би түүнийг “Барселона”-д байхаас нь мэднэ. Тата бидэнд амжилт авчирна гэж итгэж байна.

Карлос Тевес эргэн ирсэн тухай

Карлитос Италид үнэхээр сайн тоглож байгаа учраас шигшээдээ тоглох бүрэн эрхтэй. Бидэнд дутагддаг олон зүйлс түүнд бий.

Португал болон Криштиану Роналдугийн тухай

Хэрвээ ямар нэгэн тодорхой зорилгын төлөө тоглож байсан бол чухал тоглолт байхсан. Татагийн хувьд багийг нэгэн цул болгох, өөрийн тактиктаа зохицсон тоглогчдыг олох гээд олон зүйлийг туршиж үзэх хэрэгтэй нь мэдээж. Криштианугийн тухайд уу? Энд ямар нэгэн хувийн өрсөлдөөн байхгүй жирийн л нэг нөхөрсөг тоглолт шүү дээ.  

“Барселона”-гийн тухай

Багтайгаа хамт авч болох бүх цомыг хүртсэн ч гэсэн үргэлжлүүлж тоглохоос хэзээ ч залхахгүй. Гэхдээ хөлбөмбөгт аливааг урьдчилан таамаглахын аргагүй, үргэлж хувьсан өөрчлөгддөг шүү дээ. Хэрвээ багийн удирдлага намайг явуулахыг хүсч байвал өөр багтай гэрээ хэлцэл хийхээс өөр аргагүй.