m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 07:14
51
Гурван удаа цаг сунгасан гайхалтай тулаан

Өнөөдөр NBA-гийн талбарт харьцангуй олон буюу 11 тоглолт явагдсанаас “Бруклин” талбайдаа “Милуоки”-г хүлээн авсан тулаан хамгийн сонирхолтой нь байлаа. “Бруклин”-ээс халагдаж, “Милуоки”-г удирдахаар ирсэн Жейсон Кидд хуучин багийнхаа эсрэг тулсан нь гол онцлог байв. Гурван удаа цаг сунгасан энэхүү гайхалтай дуэльд зочин баг “Милуоки” 122:118-аар хожсон байна. Үндсэн болоод эхний нэмэлт цагт тэд ялалт байгуулах боломжтой байсан. Гэвч эхний удаа Ө.Жи.Майо, дараа нь Б.Найт шийдвэрлэх довтолгоогоо алдсан. Ялангуяа Найт нэмэлт цагт ганцаараа сугаран гарчихаад бөмбөгийг цагаригт хийж чадалгүй багаа эвгүй байдалд оруулах нь тэр. Гэхдээ “Бакс”-ын залуус гурав дахь нэмэлт цагт довтолгоогоо ээлж дараалан оновчтой болгосоор дөрвөн онооны зөрүүтэй ялалт байгууллаа. Сонирхолтой нь багууд гурван удаа цаг сунган үзэлцсэн хэрнээ 30-аас дээш оноо авах тоглогч байсангүй. “Нетс”-ийн Б.Лопес 26 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. “Бакс” ийнхүү гурав дараалан хожсоноор 7-5 амжилттай болсон бол “Нетс” долоо дахь ялагдлаа амслаа.