m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 07:38
105
Б.Батрэгзэдмаа шинэ номын нээлтээ хийнэ

Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” хэмээх сэтгэлгээний цоо шинэ роман уншигч таны гар дээр очиж байна. Энэхүү роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутгийг олж буй тухай өгүүлэх юм. 

Зохиолч Б.Батрэгзэдмаа “Очир эрхшээгч” бүтээлээрээ хувь хүмүүний заяа төөргийг түүхэн орон цагийн явдлаар өгүүлэхдээ өрнө,  дорнын оюун санааны шүтэлцээ, дэлхий ертөнц одот огторгуйн барилдлагыг нээн, хүн төрөлхтний эрхэм нандин эрмэлзлэл болох энэрэл хайр, элбэрэл нигүүсэл, буянт хийгээд бодь сэтгэлийн чанарыг сонин содон сэтгэлгээгээр тод томруун дүрсэлж, өөрийн гэсэн өвөрмөц хөгжимлөг хэллэгээр гайхалтай урнаар илэрхийлэн, дээд гүн гүнзгий ойлголтуудыг уншигчдадаа түгээн дэлгэрүүлж, гэгээрэл өөд тэмүүлэх утгыг утга зохиолын аргаар нээж өгч байгаагаараа онцлог юм.

Тус номын нээлт 2014 оны арван нэгдүгээр сарын 26-ны өдрийн 18.00 цагт "Интерном" номын дэлгүүрт болно.