m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 08:25
334
Цаг хэмнэх шилдэг арга
  1. Ажлын төлөвлөгөө гарга. Өглөө бүр тухайн өдөр хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг гарга. Хүүхдүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, ажил дээрээ харилцагчтайгаа уулзах, дэлгүүр орж хүнс цуглуулах, аав ээжийндээ зочлох гээд бүгдийг дэс дарааллынх нь дагуу жагсааж бичээд, цагаа хуваарил. Энэ нь цагаа зөв зохицуулах сайн талтайгаас гадна тухайн өдөр хийх ёстой ажлаа мартахаас сэргийлнэ. Хэрэв өглөө гаргасан төлөвлөгөөнд тань бичигдээгүй шинэ зүйл гарч ирвэл тэмдэглэж бай. Учир нь үг яриа мартагдаж, бичиг цаас үлддэг гэсэн цэцэн үг бий.
  2. Эмх цэгцтэй бай. Өдөр тутам хэрэглэдэг зүйлсээ эмх цэгцтэй байлга. Хаана юу байсан тэр л газраа байх ёстой. Гэр бүлийнхээ гишүүдийг ч хэрэглэсэн зүйлээ байсан байранд нь буцаан тавьж байх ёстойг сурга. Ингэснээр та ямар нэг зүйлээ хайхад зарцуулдаг цагаа хэмнэх болно. Мөн тавилгаа зөв байрлуул. Жишээ нь  хөргөгчнөөсөө өндөг аваад, шарах бол хөргөгч, плитка хоёр чинь ойрхон байх ёстой.
  3. Бусдын тусламжийг ав. Та бусдаас тусламж хүсэхдээ хэзээ ч бүү татгалз. Жижиг ажлуудаа хийж чадах хэн нэгэнд хүлээлгэн өгснөөр гайхалтай хэмнэлт гаргах болно. Энд нэг зүйлийг анхааруулан хэлэхэд та А зэрэглэлийн гол ажлуудаа өөрөө хийж, В зэрэглэлийн хөнгөн ажлуудаа бусдаар хийлгэх зарчмыг мөрдөөрэй. Жишээ нь төмс арилгах, мах хэрчих зэрэг жижиг ажлаа хүүхдээрээ хийлгэж, хоол хийх гэсэн гол ажлаа та хийж болно.
  4. Гэрээ автоматжуул. Техник технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар гэрийн эзэгтэй нарын ажил 80 хувь хөнгөрсөн. Хувцсаа нидрүүлэгдэж зогсохын оронд угаалгын машинд хийх, хивсээ мөлхөж цэвэрлэхийн оронд хивс цэвэрлэгч ашиглах гээд л. Та гэр ахуйн цахилгаан барааны дэлгүүрт ороод үзээрэй, таны ажлыг хөнгөвчлөх маш олон зүйл байгаа.
  5. Гоо сайхны үйлчилгээгээ нэг дор хийлгэ. Бүсгүйчүүд гоо сайхандаа багагүй цаг зарцуулдаг. Учир нь хүүхнүүд гоо сайхны газар массаж хийлгээд, үсчний газар үсээ засуулаад,  өөр нэг газар маникюр, педикюрээ хийлгэдэг. Үүний оронд дээрх бүгдийг нэг дор багтаасан газраар үйлчлүүл. Энэ нь таны мөнгөнд ч хэмнэлтэй.
  6.  Анхаарал сарниулах зүйлсээс хол бай. Ажлын бүтээмжээ сайжруулахын тулд та цагаа зөв зүйтэй зарцуулж сурах хэрэгтэй. Тиймээс ажлын байрандаа цаг дэмий үрэх, анхаарал сарниулах зүйлс байлгахгүйг хийчээгээрэй. Мөн таныг ажлаа хийхэд чинь үймүүлж, анхаарлыг тань сарниулдаг зарим нэг ажлын нөхдөөсөө зайгаа барь.
  7. Хэрэггүй зүйлд цаг зарцуулахаас зайлсхий. Өдөр тутмын чинь амьдралд хийгддэг, гэхдээ огт хэрэг болдоггүй үйлдлүүдийг хасч, цагаа хэмнэ. Жишээ нь хэмжээ хязгааргүй ихээр зурагт үзэн удирдлага дарж суудаг бол түүнд зарцуулдаг цагаа багасга. “Таны цагийг хамгийн их үрдэг зүйл юу вэ” гэсэн асуултад маш олон хүн “ярьдаг хайрцаг”-ийг нэрлэсэн байдаг.
  8. “Үгүй” гэдэг хариултыг өгч сур. Олон хүн “үгүй” гэж зоригтойгоор хэлж чаддаггүйгээсээ болоод хайран цагаа дэмий үрдэг. Тиймээс хэн нэгэн танаар хэрэггүй ямар нэг ажил хийлгэхийг хүссэн үед “Үгүй” гэсэн хариултыг өгч бай. Энэ нь таныг өдрийнхөө төлөвлөгөөний дагуу ажиллахад саад болохгүйн дээр нэмэлт ачаалал өгөхгүй.
  9. Өөрийгөө хяна. Өнөөдрийнхөө төлөвлөгөө болоод ажлаа яаж хийх, хэзээ дуусгах ёстой зэргээ өөрөөсөө байнга асууж, хянаж бай. Өөртөө шаардлага тавьж чадвал та бусдад ч шаардлага тавьж цагаа хэмнэж чадна. Өөрийнхөө аргаар тухайн ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй. Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай.