m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 08:50
803
Хүнээр хүндлүүлж сурах алтан зарчим
  1. Хүний нэрийг зөв дуудаж сурах нь чухал. Бусдыг “Хэн ээ” гэж дуудах нь хүнийг хүндлэхгүй байгаагийн илрэл. Та дотнын хүнээ, эсвэл өөрт хэрэгтэй чухал гэж үзсэн нэгнийг хэзээ ч “Хэн ээ” гэж дууддаггүй шүү дээ.
  2. Чөлөөтэй бай. Энэ нь өөртөө итгэлтэй байгаагийн илэрхийлэл юм. Тодорхой зорилготой, авьяаслаг хөдөлмөрч, шударга хүмүүс өөртөө итгэлтэй байх нь элбэг. Ямар ч хүн өөртөө итгэлтэй хэн нэгнийг сонирхож, хүндэлдэг.
  3. Уужуу, тайван байж сур. Адгуу яаруу, үглээ ууртай нэгнийг хүн хүндлэх нь байтугай, түүнээс салахын түүс болдог. Тэгээд ч бусдыг хүндэлж байгаа бол тэднийг үглэж яншин дургүйг нь хүргэсний хэрэггүй.
  4. Хувиа битгий хичээ. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг хүнийг хэн ч таашаадаггүй. Бусдын тусын тулд хийсэн үйлс хүндэтгэл, алдар нэрний аль алийг нь дагуулдаг. Би энэ хорвоод сайхан амьдрахын тулд эхлээд өөрийгөө бодох ёстой гэж үздэг хүн байдаг. Энэ нь үнэний хувьтай хэдий ч хувиа хэт их хичээснээр нэг л мэдэхэд хөеө цуглуулагч оготно мэт болж хувирдагийг мартуузай.
  5. Өөрийгөө бусдаас илүү гэж харуулахыг бүү оролд. Ийм хүнийг хэн ч хүндлэхгүй. Ямар ч хүн өөрийгөө бусдаас дор гэж үздэггүй. Мөн овсгоотой, чадварлаг гүйцэтгэх ажилтан, өөрийнхөө үүргийг удирдан чиглүүлэгч мэтээр хэтрүүлэн ойлгосон зарим жижиг дарга нарын хооронд гардаг зөрчлийг сана. Өөрийгөө хэн нэгнээс дээгүүр тавих гэж хичээх нь бусдыг хүндлэхгүй байгаа төдийгүй, онгиро сагсуу зангийн илрэл болж хувирдаг.
  6. Элдэв муу зуршлаасаа. Та олны дунд амьдарч яваа хүн. Тэдний нүдэнд муухай харагдах нь хүндлэх, хүндлүүлэх ёс горимд хэзээ ч нийцэхгүй. Хэн нэгний дутагдлыг бусдад сонсогдохоор хэлэх, олны дэргэд хүнийг шүүмжилж зэмлэх нь соёлгүйн илрэл. Ийм хүнийг хэн ч хүндэлхгүй. Ганцаараа байгаа мэт чанга ярих, эмх замбараагүй салан задгай байх, хувийнхаа амьдралыг хэтэрхий чалчих зэрэг нь олныг залхаадаг.
  7. Аливааг, ялангуяа хэн нэгнийг буруу ойлгохоос зайлсхий. Сайн муу явдал, хүний зан авирыг зөв талаас нь харах чадвар суухад ухаан, сэтгэл хоёр аль аль нь хэрэгтэй. Ухаантай, сэтгэл сайтай хүнийг бүгд хүндлэн түүнд найрсаг ханддаг. Хэн нэгний талаар буруу ойлголттой байгаа бол түүнийгээ залруулахыг хичээ. Хүний тухай аливаа мэдээллийг тал бүрээс нь нягтлан үзэж, бусдыг ойлгон дэмжихийг хичээвэл хэн ч гэсэн таныг хүндэлнэ.
  8. Өөрийгөө хүндэтгэ. Тууштай биш, аялдан дагагч байх нь хэзээ ч амжилт авчирдаггүй. Энэ нь өөрийгөө үнэлж хүндэтгээгүйн шинж. Танд бусдаас ямар нэгэн давуу тал байж л таараа. Хэн нэгний хэлснээр “за” гэж хичээнгүйлэн зүтгэх нь давуу талаа хөгжүүлэхэд чинь саад болно. Өөрийгөө хүндэлдэг хүн бусдыг хүндэлж бас чадна.
  9. Хүнтэй сэтгэлээ хуваалцаж сур. Бусдын амжилтанд баяр хүргэж, уй гашуу тохиолдсон үед нь эмгэнэлээ илэрхийлэх боломжийг бүү алд. Энэ нь та хүнийг хүндэлж байгаагийн нэг илрэл юм. хүн баярласан үедээ ч, зовсон цагтаа ч бусдаас бүлээн дулаан үг сонсохоос буцдаггүй.
  10. Уураа барь. Уургүй хүн гэж бараг байхгүй. Хорвоо ертөнцийг таньж амжаагүй нярай хүүхэд хүртэл уурлан бахирдаг. Гагцхүү бусдыг хүндлэх сэтгэлийг дээдлэн, уураа барьж сурах нь чухал. Уурандаа хашгирч загнах, хамт ажилладаг буюу ойр дотнын хүмүүстээ чихэнд чимэггүй үг хэлээд байвал ямар ч хүн таныг хүндлэн дэмжихгүй л болов уу.