m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 12:40
168
Н.Оюунхүү: Зовлонг туулах тусам хүн амьдраад л байна

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Н.Баатаржавын гэр бүлийнхэн нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр шалгарсан юм. Уг гэр бүлийн хувьд долоон га газарт ногоо тариалдаг хөдөлмөрч гэр бүл ажээ. Энэхүү гэр бүлийн эзэгтэй Н.Оюунхүүг “Ижий” буландаа урьж оролцуулсан юм. Тэрбээр долоон хүүхэд төрүүлсэн ч хоёр нь цаг бусаар өнгөрсөн бөгөөд ууган охин нь Мөнгөн-Эрээс “Тэнгис” кино театрт, Мөнхцэцэг оёдолчин, Ганзориг “Канад хаус”-ын захирал, Пүрэвсүрэн 62 дугаар дунд сургуулийн биеийн тамирын багшаар ажилладаг бол отгон хүү Мөнгөншагай нь 104 дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч ажээ.

-Таньд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе?

-Сайн сайхан намиржиж байнаа эгч нь.

-Та өөрийгөө бидэнд танилцуулахгүй?

-Ховдын Манхан суманд төрсөн. Барилгын КТС-ыг 1978 онд дөрөвдүгээр зэрэгтэй  дүүргэсэн. Тухайн үед ээжийн маань бие муу байсан тул сургуулиа төгсөөд хөдөө гэр лүүгээ буцсан юм. Ингээд сумынхаа сургуулийн цайны газарт ажиллаж, 1981 онд ханьтайгаа танилцан нэг гэр бүл болсон.

-Хэдэн онд хотод нүүж ирсэн бэ?

-2006 оноос Зүүнсалаанд амьдрах болсон. Нутагтаа байхдаа ногоо тарьдаг байсан. Иймд Зүүнсалаад долоон га газарт ногоо тарьж байна. Бүх төрлийн ногоо тарьж, дардаг. Манай бэр “Эмэгтэйчүүдийн фермэр” клубд ажилладаг. Уг клубийн шугамаар ногоо тарих талаар бусдад зааж байна даа.

-Та 1980 онд сумынхаа сургуулийн цайны газарт ажилладаг байсан гэлээ. Тухайн үед ер нь сурагчдын хоолны орц ямар байсан бэ?

-Би сургуулийнхаа цайны газарт 20 жил ажилласан. Тухайн үед таван сумын хүүхдүүд дотуур байранд амьдардаг байсан. Өглөө 4.00 цагаас эхлэн 500 хүүхдийн цай, ундыг бэлтгэдэг байлаа. Долоо хоногийн тав дахь өдөр цагаан хоолтой. Өдөрт 10 ширхэг бог, бүтэн тэмээний мах, тахианы махыг янзлан хоолондоо хийнэ. 50 кг гурилыг өдөрт хэд хэдээр нь зуурдаг байлаа. Тухайн үед 38 литр ус зөөж байхдаа ууган охиноо төрүүлж байсан юм. Тэр үед жирэмсний амралт авна гэсэн ойлголт байдаггүй 45 хоног амраад ажилдаа ордог байлаа. Хань бид хоёр долоон хүүхэд төрүүлсэн ч хоёр нь цаг бусаар өнгөрсөн юм. Хүн  юмыг давж дуулдаг болохоос гутарч гуниж болохгүй гэдгийг хамгийн сайн ойлгосон.

Н.Оюунхүү ах нарынхаа хамт

-Гэр бүлийнхээ хэрэгцээнд ногоо тарьдаг уу аль эсвэл зарж, борлуулж байна уу?

-Найз нөхөд худалдаж авна. Саладны навч, бууцайгаа “Далай ээж” захад бөөнөөр нь зардаг.

-Ногоо тарих ашиггүй гэдэг. Таны хувьд хэрхэн ашиг гаргаж байна вэ?

-Ногоо тарих хамгийн ашигтай. Угаасаа тухайн байгууллагтайгаа гэрээ хийгээд цаг хугацаандаа ногоогоо нийлүүлж, үнийн хувьд тохиролцсон байхад ашигтай.

-Таны хувьд бичил бизнес эрхэлдэг гэсэн үг юм байна. Ер нь төр засгаас бичил бизнес, өрхийн аж ахуйг дэмжинэ хэмээн ярьдаг. Та бүхэнд дээрх дэмжлэг тусламж хэр хүртээмжтэй байдаг бол?

-Ер нь бол байхгүй шүү дээ. Би лавд хорооноосоо тусламж дэмжлэг авч байгаагүй.

-Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан ямархуу сэтгэгдэлтэй байна вэ?

-Төр засгийнхаа буяныг хүртэж байгаадаа баяртай байна. Ийм шагнал авах талаараа хүүхдүүддээ хэлээгүй юм. Гэтэл дараа нь хүүхдүүд маань мэдээд хэлэхгүй яасан юм бэ хэмээн зэмэлсэн дээ.

 

-Таны хувьд хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг байв?

-Хүүхдүүдээ багаас нь зааж сурган биеийг нь даалгаж өсгөсөн. Хүүхдүүдээ урамшуулах хэрэгтэй. Буруу юм хийхэд нь ингэлээ тэглээ гээд зэмлэвэл гутраад муу зам руу орох нь элбэг шүү дээ.

-Таны хувьд автомашины аваарт ороод хэвтэрт байсан гэсэн. Яаж та босож чадав?

-Сэтгэлийнхээ дэмээр боссон доо. Манай арван жилийн андууд маань сэтгэлээр хамгийн их дэмжлэг үзүүлсэн. Арван сар хэвтэрт байхаар сүүлдээ цай чанах хүн олдохгүй тул өөрөө мөлхөөд ч хамаагүй цайгаа чанаж, ногоогоо тарьдаг байсан. Өвдсөн ч өвдөөгүй юм шиг байсан даа. Зовлонг туулах тусам хүн амьдраад л байна. Гэхдээ хүний хайр дэмжлэг хамгийн их дэм болдог.

-Хүүхдүүд тань ээжийгээ хэрхэн баярлуулдаг бол?

-Миний төрсөн өдрөөр л намайг хамгийн их баярлуулдаг. Сүүлийн жилүүдэд манай ангийн найзуудтай хамт миний төрсөн өдрийг тэмдэглүүлдэг болсон.

-Сүүлийн үед залуучууд ажил хийх дургүй болсон талаар ярих болсон. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Төр засгийн хувьд мэргэжилтэй ажилтан бэлтгэх тал дээр анхаарч сургалт зохион байгуулдаг. Гэвч тэд ажил хийхгүй байна шүү дээ. Ажлыг хүн голохгүй, ажил хүнийг гол нуу гэхээс. Ажил хийлгэж сургий гэвэл багаас нь хөдөлмөрийн амт, ажилд сургах ёстой.

-Та ардчилсан намыг дэмждэг гэсэн. Намын харьяалалд байхын давуу тал юу вэ?

-Намд элснээр төр засгаасаа юм хүртэнэ. Намын гишүүдээ хөгжүүлэх талаар сургалт байнга зохион байгуулдаг. Төрийн өмнөөс оготно боож үхнэ гэдэгчлэн мэдээ үзээд санаа зовно шүү дээ.