m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.20 14:44
36
Санхүүгийн зах зээлийн нэгдсэн чуулга уулзалт болж өнгөрлөө

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн нэгдсэн чуулга уулзалтыг энэ сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Тус чуулга уулзалтад үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, мэргэжлийн холбоод болон олон улсын байгууллага, төрийн байгууллагуудын 170 гаруй төлөөллүүд оролцсон бөгөөд салбарт тулгарсан асуудлын талаар хэлэлцсэн байна. Уулзалтад “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар “Хөрөнгө оруулагчдын боловсролыг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцож, өөрийн санал дүгнэлтийг өгсөн гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Х.Бум-Эрдэнэ “Санхүүгийн салбарын тогтвортой байдалд төр болоод хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй байдаг” хэмээн онцолжээ. Тус хорооны зүгээс төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагууддаа буюу мэргэжлийн холбооддоо шилжүүлэх ажлыг тодорхой үе шаттай хэрэгжүүлж байгаа аж.

Санхүүгийн зах зээлийн нэгдсэн чуулга уулзалт болж өнгөрлөө

Түүнчлэн чуулга уулзалтын гол зорилго нь салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, хяналт зохицуулалт, хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний боловсролыг дээшлүүлэх талаар болон салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах аж. Мөн Монголын санхүүгийн зах зээлийн нийт актив хөрөнгийн 95 хувийг арилжааны банк, 2.7 хувийг банк бус санхүүгийн байгууллага, үлдсэнийг бусад салбарууд бүрдүүлж байгаад бөгөөд одоогоор 13 банк үйл ажиллагаа явуулж байна. Банкны салбар хамгийн чухал хэдий боловч сүүлийн жилүүдэд банк, бус санхүүгийн байгууллагууд “хүч түрэн“ орж ирж байгааг хурлын үеэр төлөөлөгчид онцолсон байна.