m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 00:19
85
Б.Ариун-Эрдэнэ Тамирчны комисст нэр дэвшлээ

FIAS буюу Олон улсын самбо бөхийн холбооны 26-р конгресс Японы Нарита хотноо боллоо. Хурлаар тус байгууллагын 2014 оны ажлын тайланг сонсож, дүрмийн зарим өөрчлөлтийг хэлэлцсэн бөгөөд 2015 оны ДАШТ-ийг Марокко улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү конгресст 72 оны төлөөлөгчид оролцсоны дунд Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл тэргүүтэй төлөөлөгчид байсан аж.

Мөн конгрессийн өмнөхөн хуралдсан тус байгууллагын удирдах зөвлөлийн хурлаас FIAS-ийн тамирчны комиссын бүрэлдэхүүнийг Украины Виктор Савинов тэргүүнтэй байгуулахаар ярилцжээ. Мөн Беларусийн Вероника Козловская, ОХУ-ын Ашот Маркарьян нарыг тус комиссын гишүүнээр томилж, бусад дөрвөн гишүүнийг тамирчдын өөрсдийн саналаар сонгох болов. Энэхүү эрхийн төлөө зургаан эрхэм нэр дэвшсэн бөгөөд Монгол Улсын тамирчин, 2005 оны дэлхийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт Батбаярын Ариун-Эрдэнэ тэдгээрийн нэгэнд багтжээ. Түүний өрсөлдөгчдөөр Венесуэл, Тунис, Франц, Серб, Словакийн тамирчид байгаа юм.