m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 02:04
199
“Төгсгөлгүй” танго балет тайзнаа анх удаа

УДБЭТеатр тоглолтын 52 дахь улиралдаа үндэсний уран бүтээлд түлхүү анхаарч, шинэлэг өнгө, шийдлийг харуулсан уран бүтээлүүдээр үзэгчиддээ бэлэг барих зорилт дэвшүүлээд байгаа билээ. Уг зорилтынхоо хүрээнд өнөөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг 2014 оны 12 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тайзнаа анх удаа тавих гэж байна. 

Уг бүтээлийг тавих бэлтгэл ажлын хүрээнд 2014 оны 05 сард Австри улсаас танго, вальс бүжгийн багш нарыг урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан төдийгүй саксофон, гитар, найраг баян хуур зэрэг симфони найрал хөгжимд байдаггүй зарим хөгжмийн зэмсгийн оруулсан өвөрмөц, сонирхолтой бүтээл хийхээр уран бүтээлчид маань зорьж байна. 

Бүтээлд Монголын өнөөгийн нийгэм, тэр дундаа уран бүтээлчдийн амьдрал болон хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох үнэнч хайр сэтгэлийн тухай хүүрнэх бөгөөд хайрын танго бүжгийг сонгодог балеттай хоршуулан дэглэсэн өвөрмөц тавилттай бүтээл юм.

Мөн тайз нь өнөөгийн хотын амьдралыг харуулсан шийдэлтэй байна гэдгээрээ онцлогтой. 

Энэхүү балетын хөгжмийг залуу хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулж байна. Мөн ерөнхий зураач ЕНШ СТА Г.Ганбаатар тайз чимэглэлийг хийж, ерөнхий балетмейстер СТА Д.Дашлхагва зөвлөх балетмейстерээр, хувцасны зураач Г.Оюун хувцасны дизайнераар тус тус ажиллаж байгаа юм. 

Тус балетыг СТА Ц.Мөнхболд удирдаж, гол дүрүүдэд УДБЭТеатрын гоцлол бүжигчин СТА Б.Саруул, О.Анужин, М.Од, А.Эрдэнэболд, Б.Пүрэв-Очир, А.Билгүдэ нар тоглон, театрын симфони найрал хөгжим, балетын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Аливаа уран бүтээл цаг үеэ тусган харуулж мөнхөлж байдаг. Тиймээс УДБЭТ-ын энэхүү шинэ бүтээл ч 21-р зууны нийслэлийн амьдралыг тайзны бүтээлд мөнхөлсөн содон туурвил болно гэж итгэж байна.

Үзэгч та бүхэнд залуу уран бүтээлчдийн сэтгэлийн гал цог, эрч хүч, энэ цагийн аясыг өгүүлсэн энэхүү шинэ балет таалагдах нь дамжиггүй.