m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 02:12
201
"Монгол бүтээл" үндэсний хөтөлбөр уран бүтээлчдийг дэмжинэ

Улсын Их Хурлаас баталсан 2015 оны Улсын төсвийн тухай хуульд тусгагдсан, Засгийн газрын 2014 оны 252-р тогтоолоор батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх  бэлтгэл ажил эхэлж байгаатай холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 10,00 цагт Соёл Спорт Аялал Жуулчлалын яамны өрөөнд "Монгол уран бүтээл" үндэсний хөтөлбөрийн тухай хэвлэлийн бага хурал зохион байгуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Тус хэвлэлийн хуралд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Сайдын зөвлөх Ц.Төмөрбаатар, Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Төрийн Захиргааны Удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин, Соёл, урлаг хөгжүүлэх сангийн захирал Н.Батмөнх, СУБХЗГ-ын дарга З.Баянзул, СУБХЗГ-ын мэргэжилтэн Ц.Алтанцэцэг нар оролцоно.

 

“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийн үндсэн зорилго нь монгол уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх замаар уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах, үндэсний соёлоор бахархах үзлээр хүмүүжүүлэх, монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино.

Хөтөлбөр нь 4 зорилтын хүрээнд телевиз, радио, кино, цахим орчин дахь үндэсний мэргэжлийн уран бүтээлчдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхдээ санхүүгийн тодорхой хэмжээний дэмжлэгийг төрөөс үзүүлэхээр тогтсон юм. Эдгээр зорилтуудыг хөтөлбөрт дэлгэрэнгүй тусгасан бөгөөд хөтөлбөрийг ССАЖЯ-ны www.mcst.gov.mn вэб сайтаас татан авч ялангуяа 5.1-5.4 дүгээр заалтуудтай анхааралтай танилцахыг хүсье. Эдгээр заалтуудаас харахад хөтөлбөрийн хүрээнд олон чиглэлийн төсөл хүлээн авах боломжтойгоос заримыг тоймлон дурдъя. Үүнд:

  • үндэсний уламжлал, монгол домог, зан заншлыг харуулсан хүүхэлдэйн кино
  • хүүхэд, залуучуудад зориулсан телевизийн олон ангит кино
  • түүхэн сэдэвт бүрэн хэмжээний кино
  • телевизийн хүүхэлдэйн жүжиг
  • соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын болон өв соёлын талаар хийсэн баримтат кино, нэвтрүүлэг, цуврал хөтөлбөр
  • үндэсний дуурь, балет, драмын жүжиг, концертыг телевизийн бүтээл болгон бичүүлэх
  • сонсдог ном, радио жүжиг
  • монгол үндэсний ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, түргэн хэллэг зэрэг аман цэц билгийн өв санг түгээн дэлгэрүүлэх уран сайхны хөтөлбөр, цахим орчинд соёл, урлагийн бүтээл, соёлын биет бус өвийг уран бүтээлчдэд ашигтай хувилбараар түгээх
  • уран бүтээлчийн зөвшөөрлөөр уран бүтээлийг цахим хэлбэрт хувиргах үйл ажиллагаа зэрэг олон төрлийн ажил багтсан байгаа.

Уран бүтээлчид төслөө өнөөдрөөс эхлэн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15.00 цаг хүртэл Соёл, урлаг хөгжүүлэх санд ирүүлнэ. Төслүүдийг хөтөлбөрийн зорилтот хүрээнд ангилан уралдаант шалгаруулалт явуулах тул төсөл ирүүлэгч нь хөтөлбөрийн зорилтот хүрээнд саналаа ирүүлж байгаагаа албан бичигтээ зааж тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс уран бүтээлчид өргөдөл хүлээн авах 3 сарын хугацаанд багтаан ирүүлж “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрт өргөнөөр оролцохыг урьж байна.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ