m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 02:21
162
Ч.Энхтүвшин: Бид гадны брэнд рүү хошуураад өөрсдийн үнэ цэнэтэй зүйлсээ мэддэггүй

 

Харахад амьд мэт, барихад аргал үнэртсэн өвөрмөц дүр төрхтэй, монгол ахуй соёлыг агуулсан “N’COOSH” брэндийг “Өөр мэдээ” онцлон танилцуулж байна. Оюуны өмчийн хуулиар баталгаажуулсан зохиогчийн эрхийн гэрчилгээтэй анхны монгол хүүхэлдэйнүүд гадаад улс орнуудын үзэсгэлэнг чимэх болжээ. Өвөг дээдсийн өв их уламжлалыг ахуйн соёлоор дамжуулан ирээдүй хойч үедээ үлдээх,дэлхийд монгол хүүхэлдэйн брэндийг тамгалж үлдээх хүсэл өвөрлөж яваа хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшинтэй ярилцлаа.    

-Таны тухай анх сонсоод эмэгтэй хүн гэж бодсон. Яагаад хүүхэлдэй урлах болов?

-Би СУИС-ийн ДУС-ийг чимэглэх урлагийн ангийг Я.Эрдэнэчимэг багшийн удирдлагад сурч төгссөн. Бидэнд монгол гар урлал, эсгий урлал, нэхмэл, хатгамал, арьсан урлал гээд бүгдийг заасан. Уран бүтээлч хүний хувьд Монголын нүүдэлчин иргэншлийн ахуй, өв соёл устаж байгаад эмзэглэдэг. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулж монгол ахуйг яаж авч үлдэх вэ, хойч ирээдүйдээ ямар байдлаар дамжуулах вэ гэж боддог байлаа. Тэгээд хүүхэлдэйн урлагаар монгол ахуйн соёлыг харуулж болох юм гэж зориглон 2005 оноос хийж эхэлсэн.

Одоо дэлхий дээр гар урлал хамгийн үнэ цэнэтэй урлаг болсон. Манайхаас бусад оронд маш өндөр үнэлэгддэг юм билээ. Монголчууд бусдын хийсэн брэнд гэх зүйлсэд хошуурч байдгаас өөрсдийн үнэ цэнэтэй зүйлсийг мэддэггүй.

-Та гадаадад хэдэн хотод үзэсгэлэнгээ гаргав?

-2006 онд National Geographic -ийн урилгаар Монголоо төлөөлж АНУ-д анхны үзэсгэлэнгээ гаргасан. Түүнээс хойш Атланта, Техас, Сан Франциско, Сингапур хотуудад гаргаж байлаа. Эх орондоо 2006 онд “Монгол костьюмс” компани дээр 208 ширхэг хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэсэн. Хамгийн сүүлд хэд хоногийн өмнө Японд томоохон үзэсгэлэнд оролцоод ирлээ. Манайд хүүхэлдэйн урлагаар үзэсгэлэн гаргасан хүн байдаггүй. Миний хүүхэлдэйнүүд Монголын нүүдэлчин ахуйг харуулдаг. Энэ нь энгийн үндэсний хувцастай хүүхэлдэйнээс өөр юм.

Өвөг дээдэс маань хүүхэлдэйн урлагаа маш баялаг уламжилж үлдээжээ. Нүүдэлчин иргэншлийн онцлог нь өв соёлоо бичиж үлдээдэггүй. Үгнээс үгэнд, сэтгэлээс сэтгэлд, оюун санаасаа оюун санаад дамжуулж ирсэн. Бидний цус генд энэ бүхэн унтаа байдалтай байна. Минийх 2005 онд сэрсэн юм байлгүй, гэнэт л хийж эхэлсэн. /инээв/

-Нүүдэлчин ахуйг хүүхэлдэйгээр дамжуулж гаргахын тулд судалгаа их хийсэн үү?

-Би Монгол Японы хамтарсан “Чингис хаан”, “Үхэж үл болно”, Якутын “Тайна Чингис” зэрэг түүхэн киноны хувцас хэрэглэл, гэр барааг хийсэн. “Хар хорин” захын н.Лхагвасүрэн гэдэг хүний захиалгаар 100 баатрын хувцсыг зэр зэвсэг, эмээл, морины хуяг, их хэнгэрэг зэрэг иж бүрдлээр нь хийж өгсөн. Энэ бүгдийг хийхийн тулд маш их судалсан. Археологийн олдворуудаар гарын авлага болгож XIII зуунд монголчууд юу өмсч, хэрэглэж байсан бол гэсэн бодолдоо тулгуурлаж нөгөө л эд эсэн дэх мэдээлэлдээ хөтлөгдөж, бодоод сэтгээд, нэг хэсэгтээ зүүд нойрондоо энэ  зуунд амьдарч байсан.

Нүүдэлчин ахуй, соёл иргэншил судалсан, энэ тухайярьдаг хүмүүс голдуу настай түүхч, судлаач,эрдэмтэд байдаг. Харин та залуу хүн хэр нь энэ талынмэдлэг сайтай байгаа нь сайшаалтай санагдаж байна?

-Хэн ч байсан монгол ахуй, соёлоо мэдэх тусам бусдын соёлд автахгүй болно. Ирээдүйд зөв алхам хийж, зөв амьдарья гэвэл үүх түүх рүүгээ заавал эргэж харах ёстой. Учир нь өнгөрсөн цагт монголчууд хүчирхэг байсан. Ирээдүйд дахин хүчирхэгжих үндэс өнгөрсөн цагт байна. Одоо бол монголчууд бусдын оюун ухаанаар бүтээгдсэн технологийн хөгжлийг ашиглаж байна. Автомашин нисдэг болох нь цаг хугацааны асуудал болчихоод байхад магадгүй ирээдүйд эмч хүний оронд робот, техник хүнийг эмчилж, хагалгаа хийдэг болох биз.

Монголын нүүдэлчин иргэншил дотор асар их баялаг бий. Гэхдээ дэлгүүрээр дүүрэн шүдэнз, асаагуур байхад галаа манаж чулуугаар асаая, зөвхөн дээлээ өмсье гээд байвал хэн ч хүлээж авахгүй, харин ч ад болно. Би бүгдийг хүлээн зөвшөөрдөг ч хэт туйлшрахгүй өнгөрснөөс юу авч ирээдүйд ашиглах боломж байгааг судлах ёстой гэж боддог. Тухайлбал, цавууг монголчууд ясаар, арьсаар, эврээр хийдэг байж. Энэ уламжилж ирсэн технологийг сэргээж орчин үеийн техникийг ашиглаад дэлхийд гайхуулах монгол брэндийн цавуу хийх боломжтой.

-Бид өнгөрсөн үеэ хойч үетэйгээ холбох дамжуулагчийн үүргийг гүйцэтгэх ёстой. Үүнд таны уран бүтээлямар онцлогийг шингээж байна?

-Би хүүхэлдэйгээ арьс, үс, яс, хумс гээд малын ашиг шимээр хийдэг. Гаднаас нэг ч түүхий эд, материал авдаггүй учраас Монголын эдийн засагт шууд хөрөнгө оруулалт болно. Нэг ёсондоо хоосон орон зайнаас бүтээсэн баялаг юм. Нүүдэлчин өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн ахуйн соёлд тулгуурлан зөвхөн монголд байгаа бүтээгдэхүүнээ ашиглаж хүүхэлдэй хийж байна. Энд эдийн гэхээс илүү өв соёл, ёс заншил гэсэн эдийн бус ашиг сонирхол их бий.

Улс орон болгон өөрсдийн гэсэн хүүхэлдэйн брэндтэй. Оросыг матрёшка, Японыг Шоко, АНУ-ыг барби төлөөлөх жишээтэй. Дэлхий даяар хүүхэлдэйг Барби төлөөлж байна.

Миний хийсэн хүүхэлдэйг хүлээн зөвшөөрч чадвал Монголын брэнд болох байх. Хамгийн гол нь хэн ч хийсэн бай Монголыг төлөөлөх хүүхэлдэй өнгөн талаас илүүтэй цаад гүн ухаан утга учир өв соёл уламжлалыг харуулдаг байгаасай гэж хүсдэг. Тиймээс “N’COOSH” нэртэй хүүхэлдэйн брэндийг гаргаж оюуны өмчөөр баталгаажуулсан.

-N’COOSH брэнд хэдэн төрөлтэй вэ?

-Айл гэрт хэдэн гишүүн байдаг билээ тэр бүгдийг урласан. Гэхдээ бүгд өөр өөрийн онцлогтой, дахин давтагдашгүй. Яг л хүн шиг. Би баян биш ч хүүхэлдэйгээ худалдаалах зорилгоор хийдэггүй.  Хамгийн гол нь Монголыг дэлхийд төлөөлөх брэнд болж үлдээсэй гэж хүсдэг.

Сонирхолтой нь хүүхэлдэйг бид хүн төрөлхтөний сүүлийн үеийн бүтээл гэж боддог. Гэтэл Хүннүгийн үеийн булшнаас 108 ширхэг жижигхэн хүүхэлдэй гарч ирсэн байдаг. Торгон даавуун хувцастай, нүүрийг нь цагаанаар будаж, нүд хөмсгийг нь зурчихсан, үсийг нь дээш нь овоолж хөндлөн чагт хийсэн  маш нарийн хийцтэй хүүхэлдэй байсан. Модоор урласан мориных нь хөл хөдөлдөг байх жишээтэй. Энэ олдворуудыг огт дэлгэж үзүүлэхгүй байгаа юм. Гадагшаа гаргачихсан юм болов уу. Тэгэхээр хүүхэлдэй гэдэг зүйл хүн үүссэн цагаас байсан юм бишүү гэж бодож байна.

-Өнөөдрийг хүртэл хэчнээн хүүхэлдэй урлаад байна. Таны хүүхэлдэйнүүдээс аргалын утаа үнэртэх юмбилээ?

-Ойролцоогоор 2000 гаруй хүүхэлдэй үйлдвэрлэсэн байх. Нарийн тоо байхгүй. Брэнд болгохын тулд загвар хийц төдийгүй эд материалын хувьд хөгжиж байх ёстой. Миний хүүхэлдэйг тэврээд тоглохоос илүүтэй тавьчихаад харж харьцаж байх оюун санааны тоглоом болно. Би сая Японы үзэсгэлэнд оролцохдоо бүх хүүхэлдэйгээ аргалаар утаж авч явсан. Энэ нь нэг төрлийн нянгийн ариутгал юм. Япончууд манай аргалыг судлаад агаарт дэгдэж буй 380 төрлийн бактерийг устгадаг болохыг нь тогтоосон байна. Монголоос нэг кг аргал 35 ам.доллараар авахаар ярилцсан ч Хятадын хилээр гаргахгүй гэсэн юм билээ.

Нөгөө талаас арьсыг амьтай гэж үздэг учраас чийгтэй газар очоод хэвээ алдах аюултай. Монголчууд дашмагаа хийхдээ шөрмөсөөр оёчихоод, элс чихэж хатаан хус модны нойтон шилмүүс болон аргалаар утдаг байж. Тэгэхээр аргал ямар хэрэгтэй, үнэ цэнэтэйг мэдээд өвөг дээдэс маань хэрэглэж иржээ. Уламжлал гэдэг ямар их зүйл хадгалж байдгийг зөвхөн энэ жишээнээс харж болно.

-Хүүхэлдэйгээ хаагуур борлуулдаг вэ. Гадагшаа чиглэсэн менежмент хийж байна уу?

-Би залуу хүн гэхэд орчин үеийн хэрэглээнд муу. Утас, интернэт нэг их ашиглаад байдаггүй. Хамгийн гол нь хийсэн уран бүтээлээ хүмүүст зөв хүргэх л чухал байна. Тухайлбал, хөхүүр барьсан хүүхэлдэй хийчихээд түүнийгээ тайлбарлахдаа хөхүүр яаж хийдэг, бүлүүр модны онцлог, айрагны тухай гээд бүгдийг судалж, зөв тайлбарлах ёстой.

Шагай гэх малын энэ жижигхэн яс ямар их утга учир ёс заншил агуулдаг юм бэ гэж боддог. Монголчууд адууны хомоолоор гурван төрлийн цаас хийж, хар өнгийн будаг гарган авч сураа буддаг байсан гээд олон сайхан уламжлал байна. Би өвөө, эмээ нартай их найзална. Тэд монгол ахуй соёлыг тэр чигтээ агуулж байдаг. Тэднийг байгаа дээр уулзаж, гэр хотонд нь очиж хонох юмсан гэж боддог. Монголоо гурав бүтэн тойрчих хүсэл бий. Мэдээж мөнгө их орох байх. Би хотын хүн хэр нь яагаад ийм зүйл сонирхож хүсээд байдгаа миний өвөг дээдсээс ирсэн эд эстэй холбоотой болов уу гэж боддог юм.

Энэ маягаар хойч үедээ монгол ахуй соёлоо үлдээж чадвал миний уран бүтээл хийж буйн хэрэг бүтнэ. Одоогоор уран бүтээлдээ анхаарч байгаагаас бизнес болгож амжихгүй явна. Уг нь бизнес болгоод олноор нь хийгээд, хайрцаг савтай болгоод, бараа тэмдэгтийн дугаарлалт авдаг болчихвол гадаад зах зээлд гаргаж болох.

-Уран бүтээл бүр өөрийн төрөх цаг хугацаатай байдаг гэдэг байх аа?

-Тиймээ, хүүхэлдэй бүрийг урлахад янз бүрийн хугацаа шаарддаг. Нэг хүүхэлдэйг сар хийж байхад, заримдаа гурав хоногт амьдруулах нь ч бий. Хамгийн анхны хүүхэлдэй маань бөө байсан. Би хүүхэлдэйнхээ хэвийг гаргаж бэлдчихээд “өнөөдөр хоёулаа төрхөө олноо, чи яамаар байна” гээд хүүхэлдэйтэйгээ ярьж суудаг юм. Энэ нь нэг ёсондоо сэтгэлээсээ сэтгэл тасалж өгч буй хэрэг юм. Хүүхэлдэй өөрийнхөө донжийг өөрөө л олдог.

Уран бүтээл эхлэхдээ өөрийгөө хоосолж бэлдэж байгаад санаануудаар дүүрээд ирэхээр нь хийдэг. Нэг төрсөн санаа дахин давтагддаггүй. Сэтгэлээсээ сэтгэл тасалж хийдэг учраас хүүхэлдэйгээ зарж чаддаггүй. Нэг удаа үзэсгэлэнгээ гаргачихаад хүүхэлдэйнүүдээ заруулахаар шавь нартаа өгсөн юм. Гэтэл “Сувинер хауст” тавьчихсан байсныг хараад их хэцүү болсон. Мөнгөтэй бол буцаагаад авчих юмсан гэж бодогдсон шүү. Өөрийн бүх сэтгэлээ шингээж хийдэг учраас миний хүүхэлдэйнүүд өөр өөрийн онцлог араншинтай, амьд болдог.

-Гадныхан хэрхэн хүлээж авдаг вэ?

-Тэдний үзээгүй юмыг үзүүлж байгаа юм чинь ангайна шүү дээ. Японд болсон үзэсгэлэнд Осом Бошо гэдэг япон брэнд хүүхэлдэй хийдэг 80 настай хөгшин бий. Би тэр хүнтэй танилцаад хүүхэлдэйгээ үзүүлсэн чинь “Хүүхэлдэй чинь амьтай юм байна” гэж намайг үнэлсэн. Би тэр хүнийг багшаа гэдэг юм. Тэгээд төлөвлөж байгаад сая хамтарч үзэсгэлэнгээ гаргалаа. Япончууд миний хүүхэлдэйг маш их сонирхсон. Японы сонинд миний тухай гарсан. /инээв.сур/

Тэнд хүүхэлдэй маш үнэтэй. Жирийн худалдаан европ хүүхэлдэй 7-8 сая төгрөгөөр зарагдаж байна. Осом Бошо багшид хоёр тэрбум төгрөгөөр үнэлсэн хүүхэлдэй ч байна лээ. Японы гүнж нарын кимоног хийдэг гараар нэхсэн даавуугаар 30 жилийн өмнө хийсэн юм билээ. Түүнийгээ зарахгүй, хэр баргийн үзэсгэлэнд гаргадаггүй. Сая хамтарсан үзэсгэлэнд гаргасан.

-Цаашид ямар мөрөөдөл төлөвлөгөөтэй байна.Монгол брэнд болгохын тулд юу хийх вэ?

-108 цамын хүүхэлдэй хийх бодол байна. Хатгамал, нэхмэл, сийлбэр, баримал, шуумал, дархан гээд олон төрөл нийлж байж бүтнэ. Шарын шашин хөгжих үед 108 цамыг хийхдээ уг үндэс нь бөөгийн филисофи байсан юм билээ. Дамдиндорлигийг замбуулинд буулгахын тулд 108 цам зохиогдсон. Дамдиндорлиг бол эрлэг номун хаан. Нарны бурхан бол хатан нь гэж үздэг. Энэ талаар нэлээд судалсан. 70 см орчим өндөртэй 108 цамын хүүхэлдэй хийхэд надаас маш их ур чадвар, хөдөлмөр шаардана. Алт, мөнгө, шүр, сувд гээд хэрэгтэй бүх зүйлийг ашиглана.

Хэрэв 108 цамаа хийж чадвал дэлхийн улс орнуудын төв талбай дээр дэг ёсных нь дагуу цамлуулах хүсэл байна. Энэ нь дэлхийн бүх хүн амьтан эрүүл энх, сайн сайхан байгаасай гэсэн зорилготой. Улс орнуудаар явж ирсэн 108 цам маань эх орныхоо төв талбайд дэлхийн сайн сайхан энерги бүгдийг авчирна. Тэгээд жижигхэн музей байгуулж үлдээе гэсэн том хүсэлтэй байна. Биелүүлэхийг хичээх болно.