m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 02:43
411
Өндөгөн дэглэм

Уул нь өндөг уураг болон холестерин ихтэйн улмаас ходоодонд хэцүүхэн хүнсэнд тооцогддог. Гэхдээ эрүүл хүн хэд хоног энэ дэглэмийг барихад айх юм үгүй бөгөөд нэлээд кг илүү жингээсээ салж чадна. 1ш. чанасан өндөг гайхамшигтай их уургийг агуулах мөртөө ердөө л 90-100 ккал. илчлэг агуулдаг бөгөөд удаан өл даадаг зэрэг шинж чанар нь турах дэглэмд их тохирдог. Тосонд хуурч шарах, майонезтай холих зэргээр хэрэглэвэл эсрэгээрээ, таргалуулах хүнс болж хувирдгийг анхаараарай. Саяханы америк эмч нарын хийсэн судалгаагаар уурагт суурилагдсан дэглэм барьж турсан хүмүүс дараа нь жингээ сайн хадгалж байсан гэнэ. Зөвхөн жимс ногооны дэглэм барьсан хүмүүс байнга өлсөхын эрхэнд өнөөхөө идсээр байгаад ходоодоо сунгаж, дараа нь дэглэмээс гарахаараа сунасан ходоодныхоо хэмжээгээр идсээр маш хурдан буцаж таргалдаг нь тогтоогдсон байна.

Хэрэглэх заавар

Өндөгний дэглэмд зөвшөөрөгдөх хүнсэнд жимс, ногоо бас орно. Өдөрт 3 удаа хооллоно.  3 өдөр л дэглэм барина гэвэл өдөрт нийтдээ 3 өндөг, 3 грейпфрут л иднэ. 7-14 хоног барина гэвэл арай зөөлөн хувилбараар хооллоно. Өглөөд 2 өндөг, 1 ш. грейпфрут, өдөр- ногооны салат, орой- 150гр. загас юмуу мах, ногоо. Уух юм нь ногоон цай ба ус. Кофены тухай бодож ч болохгүй. Чанасан өндгийг  ногооны шөлөнд хэрчиж хийгээд идэж бас болно. Өдөртөө 4-өөс илүүгүй өндөг идээрэй. Амттангаас үртэс ч амсаж болохгүй шүү. Их уурган дээр жаахан амттан нэмэгдэхэд л таргалуулдаг увидастай.

Үр дүн

Хэрэв та 3 хоногын “хатуугийн хатуу” дэглэмийг сонговол 2 кг турна. 14 хоногын зөөлөн хувилбараар амьдарвал 5 кг хаяна.

Давуу талууд:

-Өлсөх нь бага тул тэсэхэд амархан дэглэм.

-Дэглэмтэй зэрэгцүүлээд дасгал хийж илүү их турахад хамгийн тохиромжтой.

-К аминдэм, ниацин хэмээх бодис их орж ирэх тул тархи сайн ажиллах ба ой санамж анхаарал төвлөрөлт зэрэгт сайнаар нөлөөлнө.

-Өндөгний шар төмөр, кальци, фосфор, йод, А, Д, Е, В1,В2 зэрэг амин дэмээр баялаг.

Сул талууд:

-Холестерин ихтэй тул зүрх судасны систем нь асуудалтай хүмүүст огт тохирохгүй.

-Нүүрсхүчилт бүтээгдэхүүн тас хориотой тул жаахан сэтгэл санаагаар унаж магадгүй.

-Зарим хүмүүст чанасан өндөг хүнддэх, өтгөн хатаах зэрэг ажиглагддаг.